СҮРЬЕЭ нь нас баралтын шалтгааны 6-рт, халдварт өвчний шалтгаант нас баралтаар ТЭРГҮҮЛДЭГ
Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран Нийгмийн эрүүл мэндийн шинэчлэлийн хүрээнд “Сүрьеэг устгахад эрүүл мэндийн системийн оновчлол” дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байна.
Тус уулзалтад ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Л.Баттөр, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр, Тандалт, сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа, Дэлхийн сүрьеэгийн хөтөлбөрийн мэргэжилтэн Дебора Педрацоли, Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Буянтогтох, ХӨСҮТ, хөдөө орон нутгийн эмч, мэргэжилтнүүд, сүрьеэгийн зохицуулагч нар оролцож байна.
Сүрьеэ нь нас баралт өндөртэй халдварт өвчин ба дэлхий дахинаа жил бүр 10 сая хүн халдвар авч, 1.3 сая хүн сүрьеэгийн улмаас нас барж байна. Сүрьеэ өвчин нь хүн төрөлхтөн үүсэж хөгжсөн цагаас эхлэлтэй гэж үздэг ба ДЭМБ-аас 2021 онд Монголыг сүрьеэгийн дарамт өндөртэй 30 орны жагсаалтад оруулжээ.
Энэ үеэр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Л.Баттөр хэлсэн үгэндээ “Монгол улс нь сүрьеэгийн дарамт өндөртэй 30 орны тоонд орж, сүүлийн жилүүдэд олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тохиолдол нэмэгдэж байна. Мөн нийгэм эдийн засгийн хамгийн идэвхтэй бүлэг болох 15-35 насны залуусын дунд сүрьеэгийн өвчлөл хамгийн их байгаад анхаарал хандуулан ажиллах шаардлагатай байна. Энэхүү нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болох сүрьеэ өвчний тусламж үйлчилгээний өнөөгийн тогтолцоо энэ хэвээрээ үргэлжилвэл 2030 онд сүрьеэ өвчнийг устгах зорилгодоо хүрэхгүй байх магадлалтай. Сүрьеэ өвчнийг устгахад олон сорилттой тулгарч байна. Сүрьеэгийн оношилгоо, эмчилгээ зөвхөн сүрьеэгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагаар хязгаарлагддаг, төвлөрсөн, уламжлалт босоо тогтолцоо нь урьдчилан сэргийлэлт, илрүүлэлт, эмчилгээнд хүн амыг өргөнөөр хамруулахад гол бэрхшээл болж байна. Сүүлийн жилүүдэд, ялангуяа КОВИД-19 цартахлын үед эрүүл мэндийн тогтолцоо үсрэнгүй хөгжиж, эрүүл мэндийн салбарын дэд бүтэц, оношилгооны чадавх өргөжсөн ч сүрьеэгийн дарамтыг арилгахад чиглэсэн цогц бодлого, дэмжлэг хангалтгүй байна.” хэмээлээ.
ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Г.Гантунгалаг:
Эрүүл мэндийн тогтолцоог оновчтой байдлыг бий болгохын тулд эрүүл мэндийн байгууллагууд хооронд хэвтээ интеграци бий болгох, төвлөрөлийг бууруулж сүрьеэгийн урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээнд анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх сүрьеэгийн хүндрэл, нас баралтыг бууруулахын тулд Засгийн газар сүрьеэгийн асуудлыг онцгойлон авч үзэж, эрүүл мэндийн салбарын дэд бүтцийг бүхэлд нь сайжруулж, оношилгооны сүлжээг нэгтгэх, бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагад сүрьеэгийн тусламж үйлчилгээ оношилгооны хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Ийнхүү нийгмийн эрүүл мэндийн тухай хуулинд тусгагдсан олон улсын болон дотоодын хөрөнгө оруулалт, эрүүл мэндийн даатгал болон бусад дэмжлэгийг нэмэгдүүлснээр зорилтдоо хүрнэ.
Иймээс энэ удаагийн уулзалт нь сүрьеэгийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй бэрхшээл, санхүүжилтийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, эрүүл мэндийн салбарын бүх түвшинд сүрьеэгийн илрүүлэлт, оношилгоо, эмчилгээг оновчтой байдлаар үзүүлэх арга замыг тодорхойлох юм.
Монголд сүрьеэгийн тархалт нийт хүн амын дунд өндөр, Ази Номхон далайн баруун бүсийн 37 орноос халдварын тархалт өвчлөлөөрөө дөрөвдүгээрт орж байна.
Манай улсад жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн тохиолдол бүртгэж 200 хүн сүрьеэ өвчнөөр нас бардаг. Сүрьеэ нь манай орны хүн амын нас баралтын шалтгааны зургаадугаарт, халдварт өвчний шалтгаант нас баралтаар тэргүүлдэг.
Сүрьеэ нь урьдчилан сэргийлэх боломжтой ихэвчлэн эдгэрдэг өвчин юм. Уушгины сүрьеэг эрт илрүүлснээр халдварын эх уурхайг тогтоож тархалтыг хязгаарлах улмаар эдгэрэлтэд эерэг нөлөө үзүүлнэ. Гэвч сүрьеэтэй тохиолдлын ихэнх хувь нь өвчний шинж тэмдэг бүдэг, биеийн зовуур бага байх магадлалтай.
Ялгаварлан гадуурхалт нь өвчтөнүүдэд нийтлэг тохиолддог бөгөөд энэ нь эрүүл мэндийн үйлчилгээ авахад ихээхэн нөлөөлж, тэдний олонх нь шүүмжлүүлэхээс айж оношоо илчлэхээс татгалздаг. Ялгаварлан гадуурхал, сүрьеэгийн талаарх ойлголт, мэдлэг дутагдалтай байх, санхүүгийн саад бэрхшээлүүд эдгээр хүмүүсийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, өвчилсөн тохиолдолд эмчилгээг мөрдөхөд ихээхэн саад учруулдаг талаар сүрьеэ өвчнөө даван туулсан иргэд энэ үеэр дурдаж байлаа.