Ч.Уртнасан: Улсын хэмжээнд ТОМУУГИЙН ДЭГДЭЛТ үүсч, тархалт УЛААН ТҮВШИНД хүрлээ
ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний талаарх нөхцөл байдлын мэдээллийг өглөө.
ХӨСҮТ-ийн эмч Ч.Уртнасан "Томуу, томуу төст өвчлөлийн тархалтын түвшинг таван хэсэгт хувааж авч үздэг. Өнгөрсөн долоо хоногуудад алаг цоог дэгдэлтийн түвшинд байсан бол одоогийн байдлаар улсын хэмжээнд томуугийн халдвар улаан түвшинд хүрсэн.
Тодруулбал, дэгдэлтийн улаан түвшинд хүрсэн 13 аймаг байгаа аж. Нийслэлд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 14 хувийг эзэлж байгаа юм байна.
Мөн нийт эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 38 хувь нь амьсгалын замын халдвар буюу уушгины архаг өвчлөлтэй хүмүүс хэвтэн эмчлүүлж байгаа.
Энэ нь өмнөх долоо хоногоос нэмэгдсэн үзүүлэлттэй гэдгийг ХӨСҮТ-ийн мэргэжилтэн хэлэв. Энэ жилийн хувьд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсэд огцом нэмэгдэж, орны ачаалал ихээр үүссэн. Томуу, томуу төст өвчнөөр өвдөж буй нийт иргэдийн 75 хувь нь 15 хүртэлх насныхан байна. Тэр дундаа 40 орчим хувийг тав хүртэлх насныхан эзэлж байгаа.
Амьсгалын замын уушгины үрэвслээр эмчлүүлж байгаа хүмүүсийн 80 орчим хувийг 15 хүртэлх насныхан эзэлж байгаа бөгөөд эмнэлгийн байгууллагаас нэмэлтээр орны ачааллыг бууруулахын тулд Эрүүл мэндийн яамны харьяа эмнэлгүүдэд ор нэмж ажиллаж байгаа " гэв.