“Маш ноцтой тул ханиад томууг энгийн гэж огт бодож болохгүй. Ханиад хүндрэхээр олон эрхтний дутагдалд оруулдаг“
Томуу, томуу төст өвчний хүндрэл болон цаг үеийн асуудлын талаар ЭХЭМҮТ болон ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ.
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн их эмч Б.Энхтайван "Томуугийн А хүрээний H1N1 хэв шинж, амьсгалын синцитиал вирус зонхилж байна. Томуугийн А хүрээний H1N1 хэв шинжүүд уушгийг хүчтэй, цочмог гэмтээдэг. Бусад эрхтэн рүү хүндрэл амархан өгдөг хоруу чанар өндөртэй.
Амьсгалын синцитиал вирус нь зургаа хүртэлх сартай нялх хүүхдүүдийг байлж авдаг. Тэдний уушгийг гэмтээдэг, амьсгалын дутагдалд хүргэж, хүчил төрөгчийн хэрэгцээ үүсгэдэг. Амьсгалын дутагдалд орсон хүүхдүүд хатгаа нь хүнд биш байсан ч ухаан алдана, татна, гэдийнэ, уйлна, тайван биш болж унтаж чадахгүй болно. Хүчилтөрөгч дутсаны улмаас нүүрс хүчлийн хий ихсэж тархи хавагнаж ханиад, томуунаас үүдээд тархины дутмагшилд орох шууд хамаарал бий. Үүнд эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээ зайлшгүй хэрэгтэй болно.
Хоёрдугаарт, ханиад томууны хүндрэлийг олон эрхтний дутагдлаар илэрхийлдэг юм байна. Тодруулбал, тав хүртэлх насны бага насны хүүхдүүд хатгаа авч уушги муудлаа гэхэд доод тал нь гурваас дээш 5-6 эрхтэн хямардаг. Тиймээс хүүхдийн ханиад, томуу нь хүндэрвэл олон эрхтний дутагдалд орно гэж ойлгох хэрэгтэй. Мөн гэдэсний үйл ажиллагаа хямардаг.
Томчууд тухайн эрхтний дутагдлаа эмчлүүлж, асуудлаа шийддэг. Харин тав хүртэл насны хүүхдүүд эрхтний дутагдлаар хүнд байдлыг давж чадахгүй. Учир нь тэдний эрхтэн дутуу хөгжсөн. Бусад эрхтнүүдээ дуудаж, элбэж хамжиж байж л амьд үлдэхийн төлөө тэмцдэг. Доод тал нь гурав, дээд тал нь зургаан эрхтэн нь хямардаг. Амьсгал нь хямарч, цээж нь хонхолзож байснаа ухаан нь бүдэг болдог. Хүчилтөрөгчийн дутагдлаа авах гээд зүрх нь олширч эхэлнэ.
Зүрх нь дэлсэж, цонхийдог. Энэ нь хүүхдийн хувь онцлогоос үл хамаардаг зүй тогтол юм.
Иймд хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг их ачаалалтай байдаг. Олон эрхтний хямрал гэж юу вэ гэхээр гэдэс нь хямарна, хоолоо шингээж чадахгүй, цус алдана, бөөрний дутагдалд орно.
ймд ковидын үед яаж тэмцсэн, ямар дэглэм барьсан, тэдгээрийг хатуу чанд баримтлах цаг боллоо. Амны хаалт зүүж, гараа байнга угааж, хүн хоорондын зайг баримталбал томуугийн дэгдэлт буурна. Бидний идэвх их чухал. Томчууд гадуур явж, хүүхдүүдэд халдвар тарааж байна. Хүүхдүүдийнхээ өмнөөс сүржигнэж сур" гэж зөвлөв.