Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан баруун аймгуудад ажиллаж байна
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өргөтгөсөн багийн хамт Ховд аймагт өнөөдөр ажиллаж байна.
93 мянган хүн амтай тус аймгийн тухайд сүүлийн жилүүдэд нялхсын эндэгдэл буурсан, эрт илрүүлгийн хамрагдалт 80.8 хувьтай зэрэг сайн мэдээтэй байна.
Харин хүн амын дундах өвчлөлийг ундны усны чанараас хамаарсан шүдний өвчлөлтэй, хавдрын өвчлөл тэргүүлэх шалтгаан болж, сумдуудад хүний нөөц дутмаг байгаа зэрэг асуудлыг онцлон дурдав.
Эрүүл мэндийн сайд Ховд аймагт ажиллах хугацаандаа шийдвэрлэсэн зарим асуудлаас дурдвал:
- БОЭТ-д MRI аппартыг шийдвэрлэнэ. Ингэхдээ ЭМЯ, сайдын багцаас 2 тэрбум, орон нутгийн төсвөөс 2 тэрбумыг гаргаж энэ оны 2-р улиралд багтаан суурилуулна.
- Ховд аймгийн эмч, мэргэжилтнүүдийг гадаадад сургах багт багтаах боломжтой.
- Ховд аймгийн 9 сумыг бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай түргэн тусламжийн машинаар хангасан. Үлдсэн сумдыг энэ ондоо багтаан шийдвэрлэнэ.
- Зайн оношилгооны төвөөр дамжуулан Улаанбаатарын эмнэлгүүдийн хэмжээний оношилгоог Ховд аймагт хийнэ.
Бүсчилсэн хөгжилтэй уялдуулан орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах ЭМЯ-наас хэрэгжүүлж байгаа “Төвлөрлийг сааруулах” бодлого, “Хавдрын нэгдсэн бодлого”, “Монголд эмчилдэггүй өвчлөлийг бууруулах” бодлого, “Эмийн чанар хүртээмж”-ийг сайжруулах нэгдсэн бодлого, “Эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах” бодлого зэрэг бодлогын ажлуудаа танилцууллаа.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Говь-Алтай аймагт маргааш ажиллах юм.