Д.Чулуунбаатар: Тархины үйл ажиллагаа эргэж сэргэхгүйгээр зогссон хүнийг ТАРХИНЫ ҮХЭЛТЭЙ гэж үздэг
УНТЭ-ийн О.Сэргэлэн ахлагчтай Элэг шилжүүлэн суулгах багаас тархины үхэлтэй донороос эртхэн шилжүүлэн суулгах эмчилгээний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр МУ-ын Төрийн соёрхолт, УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн гишүүн Д.Чулуунбаатар "Тархины бүхий л хэсгийн үйл ажиллагаа эргэж сэргэхгүйгээр зогссон хүний тархины үхэлтэй гэж үздэг. Тархинд цус харвах, бэртэл гэмтлээс болоод тархи бяцрах гэх мэтийн шалтгаанаар тархи үхэждэг.
Ар гэрийнхэн зөвшөөрөл өгсөн тохиолдолд эрхтэн шилжүүлэн суулгадаг эмнэлгүүдэд мэдээлэл өгдөг. Ингээд эрхтэн шилжүүлэн суулгах баг цусны эргэлттэй байгаа хүнд мэс засал хийж эрхтнүүдийг нь салгаж авдаг.
Тархины үхэлтэй хүний нэг онцлог нь зохиомол амьсгалтай, амьсгал нь зогссон байдаг. Уртавтар тархинд амьсгал хөдлөлийн төв, зүрх хөдлөлийн төв гэж байдаг.
Уртавтар тархины дээд хэсэгт амьсгал хөдлөлийн төв байдаг. Түүний дор зүрх удирдах төв байдаг. Тархи дээрээсээ гэмтэж яваад амьсгал удирдах төв дээр ирээд амьсгал нь зогсож байгаа. Зүрхний удирдах төв нь дор нь байрлалтай учраас зүрх нь ажиллаад байдаг." гэв.
Харин П.Батчулуун эмчийн асуудлаар "Донорын тухай хуульд тархины үхэлтэй донорын ар гэрт нь оршуулгын зардлаас гадна гурван сая төгрөг нэмж өгөхөөр тусгасан байдаг. Гэвч тэр төлбөр нь талийгаач амьд байхдаа нийгмийн даатгал төлсөн байна гэж журмаар зохицуулсан байсан. Тэр зохицуулалтаас болж П.Батчулуун багшийн асуудал үүссэн. Тухайн донороос ясны шөрмөс, элэг, бөөр шилжүүлэн суулгахыг ар гэрийнхэн нь зөвшөөрсөн.
Харин оршуулгынх нь зардлыг өгөх гэхээр нөгөө журам дээрээ гацсан. Тухайн хүн нь нийгмийн даатгал төлдөггүй болж таарсан юм билээ. Тэр мөнгийг ар гэрт нь олгоогүйгээс эмчид гомдол гаргасан. Тэрнээс биш эмч нар хууль зөрчин, эрхтэний хулгай хийсэн юм биш. Хууль эрхзүйн асуудлаас болж, мэргэжлээрээ ажиллахаасаа шантарч байна. Эрүүл мэндийн байгууллагад ажиллах эмч, сувилагч олдохгүй, хомсдолтой байна." гэв.








