Г.БИЛГҮҮН : Залуу хүн өвдөгний үеэр их өвддөг бол энэ нь гэмтлийн болон дасгалын хэт их ачаалал үүссэнтэй холбоотой
Өвдөгний үений дурангийн хагалгаагаар өвдөгний үений гэмтэл, үрэвсэл, элэгдэл, үений мөгөөрсний нөхөлт зэрэг эмгэгийн оношилгоо, эмчилгээний талаар Улсын хоёрдугаар төв эмнэлэг /УХТЭ/-ийн Гэмтэл согог, ортопедийн тасгийн эрхлэгч Г.Билгүүнээс тодрууллаа.
Тэрбээр, "Хоёрдугаар эмнэлгийн хувьд өвдөгийн дурангийн мэс заслыг хамгийн анх 2014 оноос хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар манайд өвдөг болон мөрний үеийн дурангийн мэс заслууд голчлон хийгдэж байна.
Өвдөгний дурангийн эмчилгээг нь мэс заслын дараах өвдөлт бага, эдийн гэмтэл бага, мөн эдгэрэлт хурдан байдаг гэдгээ давуу талтай.
Өвдөгний үеэр өвдөх шалтгаан олон хүчин зүйлээс хамаарна. Тухайлбал, гэмтлийн болон насны, төрөл бүрийн архаг үрэвслийн гэх мэт шалтгаанууд бий. Залуу хүний хувьд өвдөгний үеэр их өвддөг бол энэ нь гэмтлийн болон хэт их ачаалал үүссэнтэй холбоотой. Гэмтлийн улмаас жийргэвч мөгөөрс урагдсан, холбоос тасарсан, өвдөгний үений мөгөөрс элэгдсэн тохиолдолд өвдөгний үе өвдөх нь элбэг байдаг. Энэ тохиолдолд шаардлагатай оношлогоо хийлгээд, тохирсон мэс засал болон бусад эм эмчилгээний аргуудыг хийлгэж болно.
Өвдөгний үеийн дурангийн мэс засал нь ихэвчлэн спортын гэмтлийн шалтгаанаар харьцангуй залуу насны хүмүүст зөөлөн эдийн эдийн гэмтлийн үед хийгддэг мэс засал төрөл байгаа. Спортын гэмтэл нь заавал спортоор хичээлдэг хүмүүст тохиолдох зүйл биш. Залуу насны хүмүүс идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэгтэй холбоотой энэ төрлийн гэмтэл үүсдэг.
Настай хүмүүсийн хувьд, суурь архаг өөрчлөлтүүдээс гадна наслалт өөрөө дангаараа өвдөгний болон аливаа үе элэгдэж муудах шалтгаан болдог. Нас явах тусам өвдөгний үе аажим аажмаар муудаж, өвдөлт зовиур ихэсдэг. Энэ үед эмийн эмчилгээ үр дүнгүй болж эхэлдэг бөгөөд энэ үед үе солих гэх мэт хагалгаануудыг хийдэг. Тиймээс юуны өмнө дээрх зовиур илэрдэг бол мэргэжлийн эмчид хандан ямар эмчилгээ хийлгэх талаар зөвлөгөө, мэдээлэл авах нь чухал.
Өвдөгний үе нь ачаалал хамгийн их очдог тулгуур үений нэг. Өвдөг нь илүү ачаалал авч явах, дасгал хөдөлгөөн хийх үеэр өвдөх, үе шат нэмэгдэхээр өвдгөөр хавдах, өвдөлтөөсөө болж хөдөлгөөн хязгаарлах зэрэг шинж тэмдгүүд илэрч эхэлдэг.
Жирэмслэлтийн насны эмэгтэйчүүд дайврын шалтгаанаар эрхтэй хүнтэй харцуулахад эмэгтэй хүнд сийрэгжилт илүү явагддаг. Үүнийг ахимаг насны эмэгтэйчүүд анхаарах хэрэгтэй." гэв.








