УНТЭ-ийн Бөөр шилжүүлэн суулгах баг 57 хүнд тархины үхэлтэй донороос бөөр шилжүүлэн суулгаад байна УНТЭ-ийн Бөөр шилжүүлэн суулгах баг 57 хүнд тархины үхэлтэй донороос бөөр шилжүүлэн суулгаад байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 23, Ням
Өнөөдөр

Arslan.mn

УНТЭ-ийн Бөөр шилжүүлэн суулгах баг 57 хүнд тархины үхэлтэй донороос бөөр шилжүүлэн суулгаад байна

2025 оны 3 сарын 21

Arslan.mn

УНТЭ-ийн Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг болон донор хүлээж байгаа өвчтөнүүдийн төлөөлөл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Бөөр шилжүүлэн суулгах мэс заслын 2008 онд эхлүүлж, өнөөдөр 400 дэх хүндээ энэ мэс заслыг хийх гэж байна. Анагаахын шинжлэх ухааны ололт амжилт болсон өндөр технологийн энэ мэс засал Монголд нутагшсан.

Өнөөдрийн байдлаар УНТЭ-ийн бид Бөөр шилжүүлэн суулгах баг  өнгөрсөн хугацаанд 398 хүн мэс засал хийгээд байна. Үүнээс 57 өвчтөнд тархины үхэлтэй донороос бөөр шилжүүлэн суулгасан. Амьгүй донороос бөөр шилжүүлэн суулгуулахаар 600 гаруй хүн хүлээж байна.

"695 өвчтөн ДОНОР ХҮЛЭЭЖ байна. Жил бүхэн бөөр шилжүүлэн суулгах 50 мэс заслыг төрөөс үнэ төлбөргүй хийдэг"

Arslan.mn

Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, эмч М.Эрдэнэсайхан " Жил бүхэн бөөр шилжүүлэн суулгах 50 мэс заслыг төрөөс үнэ төлбөргүй хийдэг. 14 хоногт нэг удаа гурван хүнд мэс засал хийдэг. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал гэдэг бол мэс заслын нарийн технологи байдаг.

Монголд 2024 оны байдлаар 262 бөөр орлуулах аппарат ажиллаж байгаа. Үүнд 2988 өвчтөнд диализийн эмчилгээг хийсэн. Энэ өвчтөнүүдэд 124.594 удаагийн нэг удаагийн диализ эмчилгээг хийсэн.

Бөөр шилжүүлэн суулгах баг байгуулагдсанаас хойш тархины үхэлтэй донороос мэс заслыг 2008 онд хийж эхэлж байсан. Ингээд нийт 57 өвчтөнд тархины үхэлтэй донороос бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийсэн. Энэ хүмүүсийн амьдралын чанар сайжраад эрүүл саруул амьдарч байна.

Өнөөдөр манай төвийн хяналтад Монгол Улсад бөөр шилжүүлэн суулгасан 318, гадаад улсад бөөр шилжүүлэн суулгасан 184 өвчтөн байна.

Хамаатан садангаасаа бөөр авах гэхээр дархлааны хариу урвал үзүүлэх магадлалтай иргэд тархины үхэлтэй донороос бөөр авах шаардлага гардаг. Тухайн өвчтөнүүдийг бид бүлгээр нь жагсаалт үүсгэн бүртгэдэг. Энэ бүртгэлд одоогоор 695 өвчтөн бүртгэлтэй донороо хүлээж байна.

Үндэсний баг сүүлийн хоёр жилд бөөр шилжүүлэн суулгахад эсрэг биеийг дарангуйлах эмчилгээ, бүлэг ондоотой донороос бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлэн, нутагшуулаад байна.

Ингэснээр гадаад руу урсах зардлыг багасгаж, ард иргэдийнхээ эрүүл энхийн төлөө зүтгэж байна." гэв.

"Бид жилд 50-60 хүнд бөөр шилжүүлэн суулгадаг. Гэтэл 2025 он гарсаар амьгүй донороос нэг ч мэс засал хийгээгүй"

Arslan.mn

Зөвлөх эмч Б.Төмөрбаатар "Эмнэлгийн практикт нэг цогцосноос 7-8 эрхтэн авч, шилжүүлэн суулгадаг. П.Батчулуун эмчийн албыг буруутгах болсноос хойш амьгүй донороос бөөр шилжүүлэн суулгах зогсож байна. Бид жилд 50-60 хүнд бөөр шилжүүлэн суулгадаг. 2024 онд 10 хүнд амьгүй донороос бөөр шилжүүлэн суулгасан. 2025 он гарсаар амьгүй донороос нэг ч мэс засал хийгээгүй. " гэв.

"Дээд шатны шүүхийн хурал болтол П.Батчулуун эмчийн биеийн байдал хүнд байгаа учраас суллаж өгөхийг гуйж байна"

Arslan.mn

Бөөр шилжүүлэн суулгах багийн хүндэт зөвлөх эмч Л.Жамбалжав "Эд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ цогцоороо, бүхэл бүтэн багаараа хийдэг ажил. Эрхтэн шилжүүлэхэд тархи нь үхэжсэн амьгүй донорыг хайж олох, олсон хүнээсээ эрхтэнийг нь авах баг ажиллана. Авсан эрхтэнийг нь өөр баг өвчтөнд суулгадаг. Суулгасны дараа өөр баг хяналт тавьж ажилладаг.

П.Батчулуун эмчийн хувьд донор хайх олох, холбож өгөх үүрэгтэй ажиллаж байсан. Алба байгуулахаас өмнө би анх удаагийн амьгүй донороос бөөр авах яриаг хийж байсан юм. Үнэхээр хүнд ажил. Бусад улс оронд амьгүй донороос эрхтэн олох ажлыг тусгай ТББ хийдэг. П.Батчулуун эмч хүний эрхтнийг зөвшөөрөлгүй аваад хүнд суулгасан гэж байна. Гэтэл П.Батчулуун эмч зөвшөөрөл авсан болохоос хүнд суулгаагүй, эртхэнийг ч сугалж аваагүй. Тиймээс энэ асуудлыг дахин сайн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Нөгөө талаасаа Дээд шатны шүүхийн хурал болтол П.Батчулуун эмчийн биеийн байдал хүнд байгаа учраас суллаж өгөхийг гуйж байна. Энэ хүнийг суллалаа гээд нийгэмд хор хохирол учруулахгүй шүү дээ.

Зөвшөөрлийн хуудсан дээр ар гэрийн гурван хүн гарын үсэг зурсан. Элэг, бөөр, шөрмөсийг нь авахыг зөвшөөрсөн. Тиймээс манай багийнхан эрхтэнийг нь авсан. Гэхдээ авсан эрхтэнүүдэд дагалдах, судас шөрмөсийг нь заавал авдаг." гэв.

"Донорын хуулийг батлуулахад П.Батчулуун эмч оройлон оролцож, олон хүнд амьдрал бэлэглэсэн"

Arslan.mn

УНТЭ-ийн Урологи-Андрологийн төвийн  бөөрний мэс заслын эмч Д.Баян-Өндөр "Донорын тухай хууль 2000 онд анх батлагдсанаас хойш 2012, 2018 онд хоёр удаа шинэчилсэн найруулга орсон. Энэ хуулийн төсөл боловсруулахад Батчулуун эмчийн ахалсан баг манлайлан оролцож ажилласан. Одоо энэ хуульд шинэчилсэн найруулга хийхээр нийтийн хэлэлцүүлгийн шатандаа явж байна. Та бүхэн санал оруулах эрхтэй.

Шинэчилсэн найруулгын 23.1-д “Амьгүй донорын ар гэрт олгох тэтгэмжийг Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэхээс хамааралгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно” гэж тусгаад байна. Өнөөдрийн шүүхийн  маргаан энэ тэтгэмжтэй холбоотой үүссэн. Донорын ар гэрт нөхөн тэтгэмж олгоогүйгээс ойлголтын зөрүү гарсан гэж бид үзэж байна. 

Бид эрхтэн шилжүүлэн суулгуулж байгаа хүмүүсийнхээ төлөө л ажилласаар ирсэн. Харамсалтай нь бид өөрсдийнхөө эрх ашгийн төлөө нэг ч удаа бодож ажиллаагүй байж..." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662299
1 эможи

keyboard_arrow_up