Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатар хотын 4 хэсэгт ариутгал, халдваргүйжүүлэлтийн цэг ажиллаж байна

2014 оны 2 сарын 24

Улаанбаатар хотын 4 хэсэгт ариутгал, халдваргүйжүүлэлтийн цэг ажиллаж байна

Зүүн аймгийн зарим сумдын нутаг дэвсгэрт Олон улсын хөл хориот мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч оношлогдон, халдварын тархалт нэмэгдэж байгаа учраас нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Онцгой комиссын даргын шийдвэрээр Багануур, Багахангай, Налайх, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн юм. Мөн Улаанбаатар хотод шүлхий өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хэрлэн, Багахангай, Тэрэлжийн уулзвар, Налайхын 4-р зөрлөг, Баянзүрх, Нисэх, Яармаг, Эмээлт, Баруун турууны товчоодын 9 цэгт 24 цагийн турш хяналт, шалгалт явуулж байна. Эдгээрээс Хэрлэн, Яармаг, 4-р зөрлөг, Тэрэлжийн постуудад ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгийг ажиллуулж байна.
Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, нийслэлийн Онцгой комссын холбогдох бүрэлдэхүүн 2 дугаар сарын 22-нд Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул дүүргээр дамжин өнгөрч байгаа автозамуудын ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгүүдийн ажил байдалтай танилцаж үүрэг чиглэл өглөө. Постуудад нийслэлийн Цагдаа, Замын цагдаа, нийслэлийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Мал эмнэлгийн газрын албан хаагчид 24 цагаар ажиллаж байгаа юм.
Хэрлэн, Яармаг, 4-р зөрлөг, Тэрэлжийн постуудаар өдөрт 400 орчим тээврийн хэрэгсэл дамжин өнгөрч байгаа бөгөөд голомтын бус бүсээс орж ирж байгаа мал, малын гаралтай түүхий эдийг гарал үүслийн бичгийг нь шалгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийн нэвтрүүлж байгаагаа хэллээ.
Ариутгалын цэгүүдэд ажиллаж байгаа албан хаагч нарын ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд гэр болон зөөврийн байр зэргийг бэлджээ. Мөн албан бус замуудад хөдөлгөөнт эргүүл ажиллаж байгаа юм байна.
Шүлхий нь салаа туурайтай мал, амьтдыг өвчлүүлэн богино хугацаанд маш хурдан тархаж үлэмж хэмжээний газар нутаг, улс орныг хамран гардаг онц аюултай гоц халдварт өвчин бөгөөд шууд хавьталын замаар малаас малд халддагаас гадна салхи, ус бэлчээр, хүн мал ялангуяа адуу зээр гөрөөс, бусад зэрлэг амьтад, шувуу зэргээр дамжин алс хол зайд үсэрхийлэн дэгддэг. Анх Сүхбаатар аймгийн Онгон сумад нэгдүгээр сарын 27-нд шүлхий өвчний сэжиг илэрсэн бөгөөд сар хүрэхгүй хугацаанд өвчний голомт Улаанбаатар хотод 260 км зайтай ойртжээ.
2 дугаар сарын 22-ны мэдээгээр, Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга, Баяндэлгэр,Түвшинширээ, Асгат сумдад 1 665 үхэр өвчилснөөс 1 620, Хэнтий аймгийн Галшар суманд 338 үхэр өвчилснөөс 338, Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт, Сайншанд, Айраг сумдад 360 үхэр өвчилснөөс 319 үхрийг устгаж, нийт 3 аймгийн 12 суманд 2 363 үхэр шүлхий өвчнөөр өвчилснөөс 2277 үхрийг зориудаар устгасан байна. Голомтод байгаа дээрхи сумдын 1 758 710 толгой малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийж, хорио цээрийн дэглэм тогтоожээ.
Өмнөх өдрөөс Сүхбаатар аймагт 51, Дорноговь аймагт 30, нийт 81 мал нэмж өвчилсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
483
0 эможи
keyboard_arrow_up