Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Мал хулгайлсан этгээдийг үйлдэл дээр нь барилаа

2018 оны 12 сарын 03

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын наймдугаар багийн иргэн М-ийн 20 гаруй тооны бог малыг хулгайлан, эзэнгүй хашаанд нядалж байсан этгээдийг аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид үйлдэл дээр нь барилаа.

Хэргийн нөхцөл байдалтай аймгийн Цагдаагийн газар болоод Прокурорын газрын алба хаагчид газар дээр нь очиж танилцсан юм.

“Цагдаагийн газарт иргэн М-ээс дуудлага ирсний дагуу шуурхай ажилласны дүнд бид малын хулгайн эзэн холбогдогчийг үйлдэл дээр нь барилаа. Шөнө хоттой хониноос нь аваад, өглөө эрт нядалж, малын гэдэс болон толгойг ухсан нүхэнд хаясан байсан. Хамгийн гол нь хохирогч малаа алдсан даруйдаа шуурхай дуудлага өгсөн нь хэргийг эрт илрүүлэхэд тус боллоо. Зарим хохирогчид өөрсдөө эрж хайж яваад хугацаа алддаг, энэ нь хэргийг илрүүлэхэд болоод хохирогчийн хохирлын хэмжээг тогтооход хүндрэл учруулдаг.” гэж аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад А.Манлайбаяр хэллээ.

Харин иргэн М хэлэхдээ “Үдэш унтахдаа хонио хотлуулаад өглөө бэлчээрт нь гаргах гэтэл 20 гаруй тооны хонь алга болсон байсан. Тэгээд шууд Цагдаагийн газарт дуудлага өгсний ачаар хулгайчийг амархан барьж авлаа. Миний хувьд Баруун-Урт сумын төвөөс найман километрт хонио малладаг. Өмнө нь мөн хоёр ч удаа эр хонио алдаж байсан. Иймэрхүү буруу аргаар мөнгө олж сурсан хүмүүс настай биднийг дээрэлхэж сурчихаад л элэг барьж байгаа байх. Хорин сайхан хонио гулууз болгочихлоо, одоо үүнийг хэрхэн яаж борлуулахаа сайн мэдэхгүй л байна. Зах зээлийн үнэ ханш ямар байгааг ч мэдэхгүй юм. Бүрэн хохиролгүй боллоо гэж хэлж чадахгүй, гэхдээ хэргийг хурдан хугацаанд илрүүлж өгсөн мөрдөгчиддөө баярлалаа гэж хэлмээр байна.” гэлээ.

Сүхбаатар аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбогдсон нь малын хулгай маш хурдацтай явагдах нэг эх үүсвэр болж буйг холбогдох байгууллагынхан хэлж байна. Учир нь хэргийг үйлдэгчид өглөө эрт малыг бэлчээрт нь эсвэл эзэнгүй газар нядлаад шууд Улаанбаатар хотруу тээвэрлэн, өдөрт нь борлуулчихаад ирдэг байна. Тиймээс малчид болоод мал бүхий иргэд малаа алдсан даруйдаа Цагдаагийн газарт мэдэгдэх шаардлагатайг анхааруулж байлаа.

 

Тус аймгийн хэмжээнд 2018 оны эхний 11 сарын байдлаар мал хулгайлах гэмт хэрэг 69 бүртгэгджээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597794
1 эможи

keyboard_arrow_up