Баян-Өлгий аймагт орох, гарах хөдөлгөөнийг ХЯЗГААРЛАЛАА
Баян-Өлгий аймгийн Засаг даргын А/294 тоот захирамжаар 2020 оны 11-р сарын 11-ний өдрийн 08:00 цагаас 13-ны өдрийн 23:00 цаг хүртэл тус аймгийн нутаг дэвсгэрээс гарах болон орох хөдөлгөөнийг түр хязгаарлалаа.
Үүнтэй холбогдуулан Толбо сумын Баян энгэр, Ногооннуур сумын Тавилтайн хавцалд өглөөний 08:00 цагаас эхлэн хяналтын цэг ажиллуулж байна.
Мөн энэ сарын 7-ны өдрөөс хойш Баян-Өлгий аймагт агаарын тээвэр, нийтийн тээвэр, хувийн унаагаар ирсэн иргэдэд тандалт судалгаа хийж, халдвар авсан иргэнтэй хавьтагч болсон иргэд аймгийн нутаг дэвсгэрт ирсэн эсэхийг тогтоож ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо.
Сум хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн болон аймгийн хэмжээнд хичээл сургуулийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх юм.
Иймд иргэд оршин суугчид Та бүхэн мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагаж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахин, онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байж, цар тахлаас урьдчилан сэргийлэхийг уриалж байна.