“Хүүхдэд ээлтэй жолооч“ нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна
Дорнод аймаг дахь Цагдаагийн газраас хариуцсан нутаг дэвсгэрт хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, эцэг, эх, асран хамгаалагчийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, ослын хор уршгийг таниулах, хөдөө сумдад гарч буй хүүхэд хохирсон зам тээврийн ослыг бууруулах, иргэд олон нийтэд урьдчилан сэргийлэх зорилгоор “Хүүхдэд ээлтэй жолооч“ нэгдсэн арга хэмжээг сурталчлан ажиллаж байна.
Уг арга хэмжээний хүрээнд хүүхдийн суудлын хамгаалалтын бэхэлгээг дөрвөн иргэнд бэлэглэжээ.
Зам тээврийн осол нь хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг бөгөөд 5-9 насны хүүхэд явган явж байх үедээ тээврийн хэрэгсэлд мөргүүлж гэмтсэн тохиолдол ослын ихэнхийг эзэлдэг байна.
Улсын хэмжээнд сарын хугацаанд зохион байгуулах “Хүүхдэд ээлтэй жолооч“ нэгдсэн арга хэмжээний хүрээнд холбогдох байгууллагууд батлагдсан удирдамж, төлөвлөгөөний дагуу хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран иргэд, ААНБ-дад хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн зөрчлөөс амь нас, эрүүл мэндийг хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургалт сурталчилгаа, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.