Усан спортоор олимпд оролцох тамирчдыг Cүхбаатар аймаг орон нутагтаа бэлтгэл хийхэд дэмжлэг үзүүлнэ
УОК-ийн шийдвэрээр 6-р сарын 25-наас бассейнуудын үйл ажиллагааг хаасан тул Монгол Улсаа төлөөлөн олимпд оролцох хоёр тамирчин бэлтгэл сургуулилалт хийх газаргүйн улмаас Туул голд сэлж бэлтгэлээ хийж байгаа талаар Монголын усан спорт сонирхогчдын холбооноос өчигдөр мэдээлэл хийсэн.
Тэгвэл энэ мэдэгдлийн дараахан Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат Баруун-Урт хот дахь олон улсын стандартад нийцсэн 6 замтай шинэ усан спортын төвд эх орноо төлөөлөх тамирчдыг бэлтгэлээ хийх боломжоор нь хангахын сацуу гарах зардлын тодорхой хэсгийг хариуцахаа илэрхийлсэн байна.
Сүхбаатар аймаг 2018 онд олон улсын стандартын шаардлагад нийцсэн 6 замтай, 25x15 метр харьцаатай усан сан, душ, саун, оффис, заал, кофе шоп бүхий усан спортын төв байгуулжээ.