Малчин Ж.Давааням: Тарвага элбэгшсэн, гантай жил учраас тахал гарах эрсдэл их байна Малчин Ж.Давааням: Тарвага элбэгшсэн, гантай жил учраас тахал гарах эрсдэл их байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Малчин Ж.Давааням: Тарвага элбэгшсэн, гантай жил учраас тахал гарах эрсдэл их байна

2022 оны 9 сарын 23

Arslan.mn

МӨСТ, ЦЭЦЭГ СУМДАД ТАРВАГАН ТАХАЛ ТУССАН ХОЁР ХҮНИЙ НЭГ НЬ НАС БАРЖЭЭ


Баруун аймгуудад тэр дундаа Ховд аймгийн Мөст, Цэцэг, Алтай, Үенч сумдад тарваган тахал гарсан гэх мэдээллийн мөрөөр сурвалжиллаа. Тодруулбал, Ховд аймгийн Үенч суманд тарваган тахал туссан иргэдийн долоо нь нас барсан гэх мэдээлэл цахим сүлжээ, сайтуудаар шуугьж байна. Энэхүү мэдээлэл үнэн эсэх, бодит байдал дээр тахлын нөлөөлөл ямар байгааг ийн сурвалжиллаа.


Бид эхлээд Ховд аймгийн Үенч сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, эмч Б.Ууганбаяраас тодруулсан юм.


-Тарваган тахлын тохиолдол танай суманд цөөнгүй бүртгэгдэж, зарим нь нас барсан гэх мэдээлэл байна. Яг ямар байдалтай байгаа талаар та бодитой тайлбар өгөхгүй юү?

-Тийм ташаа мэдээлэл харагдсан. Үнэндээ манай суманд тарваган тахлын тохиолдол одоог хүртэл бүртэгдээгүй байна. Гэхдээ манай зуслангийн бүс нутаг бол тарваган тахлын голомтын бүс гэж явдаг л даа. Саяхан тэрхүү бүс нутагт аймгийн төвөөс Зоонозын өвчин судлалын хүмүүс ирж ажиллаад шинжилгээ судалгаа хийгээд буцсан. Энэхүү судалгааны дүн, тайлбар ч гарсан. Тухайлбал, манай сумын Харигант хэмээх газар тахлын нян өндөр байна, илэрсэн гэсэн. Ер нь манай сум тарваган тахлын идэвхтэй бүсэд хамаардаг. Тиймээс жил бүр энэ чигийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч ажилладаг. Манай иргэд ч тахлаас урьдчилан сэргийлэх арга зөвлөмжүүдийг сайн мөрддөг. Тиймээс сүүлийн гурван жил манай сумаас тахал туссан тохиолдол илрээгүй.

-Тахал үүсгэгч нян байна гэсэн үг үү. Танай сумаас энэ дагуу ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Тийм, манайхаас тахлаас урьдчилан сэргийлэх болон тухайн газрыг ариутгах, иргэдэд мэдээлэл өгөх чигийн ажлуудыг шуурхай хийж байна. Бидний авсан мэдээллээр аймгийн төвд болон Цэцэг, Мөст сумдад нэг, нэг тохиолдол илэрсэн гэсэн.

-Танай сум ер нь хичнээн хүн амтай вэ. Тохиолдол илэрлээ гэхэд тусгаарлах, хавьтлуудыг нь тогтоох боломж ямар байдаг вэ?

-Манай сум Цагаан түнгэ, Нарийн гол, Жаргалан, Улиаст, Хөх үзүүр гэсэн таван багийн нийт 1033 өрхөд 4506 хүн амьдардаг. Баг тус бүрд яаралтай түргэн тусламж, онцгой байдлын албан хаагчид болон малын эмч нар ажилладаг. Тохиолдол илэрлээ гэхэд эдгээр албан хаагчид шуурхай арга хэмжээ авч, өвчтөнг тусгаарлан эмчилж, явсан маршрут, ойртсон хүн бүрийг төвөггүй тодорхойлдог. Ер нь бол өмнө тахал гарч байсан учраас энэ чигийн мэдээлэл болон сэргийлэх арга туршлагууд багаггүй бий.

-Тахал гарлаа гэхэд эмч, мэргэжилтнүүд нь өөрсдөө тахал тусчих эрсдэлтэй гээд эмчилгээ, зөвлөгөө өгдөггүй, зугтдаг гэсэн мэдээлэл байна. Энэ бодитой юу?

-Тийм зүйл юу гэж байх вэ. Яахав зарим залуу эмч, туршлага дутаж, өвчтөнөөсөө айх, цэрвэх тохиолдол байна. Гэхдээ сумын эмч бүр тийм биш үү дээ. Ямар ч өвчтөн байсан улаан гараараа л эмчлэх гэж, туслах гэж үзнэ.


Ч.БАЯР: СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД МАНАЙ СУМАНД ТАХЛААС АЙГААД ТАРВАГА АГНАДАГ ХҮНГҮЙ БОЛСОН

Тус сумын хоёрдугаар багийн малчин Ч.Баяраас тодрууллаа. Тэрбээр “Ер нь манай сум тахлын голомттой. Үүнийг хүн болгон л мэддэг. Сумын хашир анчид л газар усаа мэдэж ганц нэг тарвага унагаадаг байх. Бусад иргэд бол тарвага алж идэхээ байсан. Харин нэг зүйл бий. Манай нутгийн хүн ч гэлээ олон жилийн өмнө нутгаасаа явсан, хотод суурьшсан хүмүүс хаяа нэг нутагтаа ирэхдээ тарвага хөөцөлдөж, хавх зэргээр агнадаг. Түүнээсээ болоод голомттой газраас тарвага агначихсан явдал цөөнгүй бий. Үүнээс болоод зарим нь тахал авчихсан удаа ч бий. Сүүлийн хоёр, гурван жил манай суманд тарвага агнадаг хүн байхгүй болсон. Учир нь бүгд тахлаас айдаг болсон. Агнахгүй болохоороо тоо толгой нь эрс өсч, гэрийн нохой, хээрийн боохой энд тэндгүй тарвага зуугаад хаячихдаг болсон. Түүнээс нь болоод тахал гараад байгааг үгүйсгэхгүй. Ер нь тарвагын тоо толгой бэлчээрийн даацад ч гэсэн нөлөөлж байна. Үлийн цагаан оготно, хулгана гэдэг шиг тарвага ч гэсэн мэрэгч амьтан. Өвсний үндэс иддэг учраас бэлчээрийн ургамал, цөлжилтөд нөлөөлж байгаа болов уу гэж санах юм” хэмээв.

Үргэлжлүүлээд бид Ховд аймгийн Цэцэг сумын эрүүл мэндийн байгууллага болон нутгийн иргэдээс тодрууллаа. Тус сумаас нэг иргэн тарваган тахлаар өвчилсөн гэв.


Б.СОЛОНГО: ТАХАЛ ТУССАН ИРГЭН ШАЛБАРСАН ГАРААРАА ТУХАЙН ТАРВАГАНЫ ГЭДСИЙГ НЬ ГАРГАЖ БАЙГААД НЯНГИЙН ХАЛДВАР АВСАН


Цэцэг сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Б.Солонгоос тодрууллаа.


-Танай сумаас тахлын тохиолдол илэрсэн гэсэн мэдээлэл байна. Тухайн иргэний ойрын хавьтал болон сум орон нутгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Нэг тохиолдол илэрсэн нь үнэн. Улмаар сумын удирдлагууд болон онцгой байдал, эрүүл мэндийн байгууллага шуурхай арга хэмжээ авч хорио цээрийн дэглэм тогтоочихсон байгаа. Тухайн халдвар авсан иргэнээ бид эмчилж байна. Одоогоор биеийн байдал нь сайн байгаа.

-Тухайн халдвар авсан иргэний талаар товчхон мэдээлэл өгөх боломжтой юу?

-Манай сумын Баян-Овоо багийн иргэн Г гэдэг хүн байгаа. Одоо 47 настай эрэгтэй хүн. Энэ хүн арав хоногийн өмнө тарвага хавхаар агнаж, гэдсийг нь гаргах үедээ халдвар авсан байна лээ.

Өөрөөр хэлбэл, тухайн иргэн гараа шалбарчихсан байхдаа тахалтай тарваганы гэдсийг гаргасан гэсэн үг. Түүнээс болоод тахлын нян шархтай гараар нь дамжсан байсан. Одоо эмчилгээ хийлгэж, биеийн байдал нь сайжирч байна.

-Тухайн иргэн агнасан тарвагаа гэртээ ч юм уу авчирч бусад хүмүүстэй хамт идсэн байх боломжтой шүү дээ.

-Тэр агнасан тарвагаа бусдад болон өөрөө идээгүй. Яагаад гэвэл гэдсийг нь гаргаж байхдаа эцэнхий, тарган биш болохоор нь хаячихсан юм билээ. Ер нь манай аймаг, манай сум энэ жил гантай болсон. Тиймээс мал, ан амьтан сайн тарга тэвээрэг авч чадаагүй байгаа. Үүнээс болоод тарвага мэтийн мэрэгч амьтад өвчлөл үүсэх нянд өртөж байна. Тахал гарч байгаа бас нэг шалтгаан энэ болж байна. Зоонозын өвчин судлалын хүмүүс ирээд ойрын хавьтлуудыг нь судлаад буцсан. Тахал туссан хүний ойрын хавьталд орсон 11 хүн гэж тогтоосон. Тэдгээр иргэдийг ажигллаж, биеийн байдлыг нь анхааралтай чагнаж байгаа. Одоогийн байдлаар ямар нэгэн зовуурь болон тахлын эхний шинж тэмдэг илрээгүй байна.


ХАВХААР ТАРВАГА АГНАЖ, ЧАНАЖ ИДСЭНИЙ ДАРАА ХАЛУУРАХ, ГҮЙЛГЭХ ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРЧ, АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ЭМЧЛҮҮЛСЭН БОЛОВЧ НАС БАРЖЭЭ


Ховд аймагт илэрсэн хоёр дахь тохиолдол нь Мөст сумын иргэн юм. Харамсалтай нь уг тахал авсан иргэн аймгийн төвийн Эрүүл мэндийн төвд эмчлүүлж байгаад нас барсан аж. Тодруулбал, Мөст сумын Хужирт багийн Түймэр гэдэг газраас иргэн "С" нь энэ сарын 12-ны өдөр хавхаар тарвага агнаж, чанаж идсэний дараа халуурах, гүйлгэх шинж тэмдэг илэрч, аймгийн эрүүл мэндийн төвд хандсан байна. Ховд аймгийн ЗӨСТ-ийн яаралтай дуудлагын баг өвчтөнөөс сорьц авч лабораторийн шинжилгээ хйисэн бөгөөд молекул биологи, нян судлалын шинжилгээ болон эмнэл зүй, тархвар судлалаар тус өвчтөн нь тарваган тахлын булчирхайн хэлбэр, үжил хэлбэрээр хүндэрсэн болох нь батлагдаж, Ховд аймгийн Онцгой комисс, Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын төв хамтран халдварт өвчний голомтын шуурхай хариу арга хэмжээг аван ажиллаж байгаа гэв. Мөн тус багийн нутаг дэвсгэрт тарваган тахал өвчний шинж тэмдэг илэрсэн тул 72 цагийн хязгаарлалтын дэглэм тогтоосон хэмээн албаныхан мэдээлэл өглөө.


Тус суманд өнгөрсөн жил тарваган тахлын таван тохиолдол илэрснээс хоёр хүн нас барсан гэсэн мэдээлэл байгаа юм. Энэ жилийн тухайд тахал ямар байгаа талаар нутгийн малчин Ж.Даваанямаас тодрууллаа.


-Танай нутгаас тарваган тахлын тохиолдол жил бүр л илэрдэг. Энэ жилийн тухайд хэдэн хүн тахал тусав. Яагаад тахлын голомт их байгаад байна вэ?

-Манай суманд нэг тохиолдол бүртгэгдлээ гэж сонссон. Харамсалтай нь аймагт очоод нас барсан гэсэн. Талийгаач залуугийн аав нь хүүгээ аваад аймгийн төв орсон. Гэтэл эмчилгээ хийгдэхгүй байсаар байгаад хүү нь өнгөрсөн гэж дуулдсан. Яагаад эмчилгээ хийгээгүй вэ гэдгийг сайн мэдэхгүй л юм. Одоо аав нь энд тусгаарлагдчихсан байж байна. Хавьтагчид нь гайгүй байх шиг байна. Манай хүү бас тэр талийгаач залуутай хамт тухайн тарваганаас нь идсэн. Нэг нь нас барчихсан гэж сонсоод бид ч гэсэн хүүгээ аваад аймгийн эмнэлэг орж эмчлүүлсэн. Ямар нэгэн хүнд зовуурь илрээгүй болохоор өнөөдөр гэртээ ирчихээд байж байна. Энэ сарын 15-нд Б.Бат-Өлзий зааны баяр болсон. Тэр баяраар олон хүн тарвага агнаж, энд тэндгүй тарваганы боодог, чанасан мах идсэн гэсэн. Үүнийг нь мэдсэн сумын удирдлагууд, аймгийн төвийн холбогдох хүмүүс ирээд агнасан тарвагуудыг нь шалгаж устгаад, тарваганы мах идсэн хүмүүсийг тусгаарлалтад оруулсан. Долоо хоногийн хорио цээрийн дэглэм тогтоогоод өчигдөр дууслаа. Тэр идэж уусан хүмүүс нь гайгүй байна гэцгээж байна лээ.

-Айл өрхүүдээр орж, нэгжлэг хийж байна уу. Танай сумаас тарвага их хэмжээгээр хадгалсан тохиолдол илэрсэн үү. Энэ талаар мэдээлэл өгөх боломж байна уу?

-Манай сумын өрхүүдээр орж нэгжлэг хийсэн. Гурван айлаас тарваганы хөлдөөсөн мах илрүүллээ гэж сонсогдсон. Нэг айлаас нь хэдэн ширхэг мах гарч ирснийг нь зарлаагүй. Хураалаа, устгалаа, сэрэмжтэй байгаарай л гэж хэлсэн. Манайх сумын төвд байдаггүй, хөдөө байдаг болохоор хүмүүсийн ярьсан, хэлснээр л мэдээ сонсох юм.

-Тахал гараад байгаа шалтгааныг та юу гэж харж байна вэ?

-Хамгийн гол шалтгаан нь тарваганы тоо толгой их байна. Мөн энэ жил гантай байгаа болохоор тарвага эцэнхий өвчлөлд өртөх нь өндөр байна уу гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, тарвага элбэгшсэн, гантай жил учраас тахал гарах эрсдэл их байна гэж ойлгож байгаа. Малаа хариулаад явж байхдаа тарвагатай олон л тааралдаж байна. Холоос ч ганц нэг дурандаж харж байна. Ингээд хараад ажиглахаар тарвага огт таргалаагүй, хар толгойлоогүй их сулбагар, нүхнээсээ хол явж идээшилж байгаа нь харагддаг шүү. Тарвага элбэг болсон учраас манай нохой өдөр болгон л нэг тарвага зуугаад ирдэг болсон. Тахал ихтэй болохоор тэр тарвагыг нь бушуухан шатаагаад л хаячихдаг. Сүүлдээ нохойгоо хөөж явуулахаас өөр аргагүй болчихоод гэрийнхээ ойролцоо ойртуулахгүй хөөгөөд л байна. Ер нь тарваганы тоо толгойг багасгах чигийн ажил хийдэггүй юм болов уу л гэж бодох юм. Тэгэхгүй болохоор нохой, шувуу зууж ирээд хаяанд хаячих юм. Нөгөө хаясан тарваганд нь хүүхэд, багачууд хүрээд айлгаад байх юм. Тиймээс энэ тарвагыг зориуд ажил болгож тоо толгойг нь цөөрүүлэх арга хэмжээ авахгүй бол болохгүй л санагдаж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640679
0 эможи

keyboard_arrow_up