Г.Сурмаа: Шинэ сэргэлтийн бодлогын үр дүнд хөдөөд хөрөнгө оруулах сонирхол урьд өмнө байгаагүйгээр идэвхэжлээ Г.Сурмаа: Шинэ сэргэлтийн бодлогын үр дүнд хөдөөд хөрөнгө оруулах сонирхол урьд өмнө байгаагүйгээр идэвхэжлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Г.Сурмаа: Шинэ сэргэлтийн бодлогын үр дүнд хөдөөд хөрөнгө оруулах сонирхол урьд өмнө байгаагүйгээр идэвхэжлээ

2024 оны 2 сарын 02

Arslan.mnМонгол Улсын Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд орон нутгийг хөгжүүлэх “Хөдөөгийн сэргэлт” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийг хөрсөнд буулгаж, орон нутагт хэрэгжүүлэх ажлыг Төв аймаг хошуучлан, шинжлэх ухаан, технологи, инновац шингэсэн төслүүдийг амжилттай эхлүүлжээ. Энэ талаар тус аймгийн Засаг даргын Үйлдвэрлэл, дэд бүтцийн бодлого хариуцсан орлогч Г.СУРМАА-тай ярилцлаа.

-Газар тариалан, ХАА-н үйлдвэрлэлийн гол бүс Төв аймагт Шинэ сэргэлтийн бодлого, “Хөдөөгийн сэргэлт” бодитой хэрэгжиж байна. Шинжлэх ухаан, технологи, инновац шингэсэн төслийн гараа амжилттай эхэлсэн талаар мэдээлэл өгөхгүй юу? 

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх гол бүс нутаг гэдэг утгаар Засгийн газар манай аймагт ихээхэн анхаарал тавьж байгаа. Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад чухал нөлөөтэй, шинэ суурьшлын бүс бий болно. Хүн амын шилжин суурьшилт нэмэгдэж, үйлдвэрлэл үйлчилгээ тэлнэ. ХАА-н бүтээгдэхүүн хүнсний үйлдвэрлэлийн салбар илүү хөгжих боломжтой гэх мэт олон талаас нь харж бодлогын уялдаа, холбоотой ажиллаж байна. Аймгийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын цар хүрээ сүүлийн жилүүдэд үлэмж нэмэгдсэн. Тиймээс аймгийн Засаг дарга, ИТХ хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг оновчтой зарцуулах, суурь төлөвлөлтөө илүү бодитой харж, бодлоготой ажиллахыг хичээж байна. Цаашдаа Монгол Улс бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу хөгжих нь тодорхой боллоо. 2024 оны УИХ-ын тойрог, мандатын хуваарилалт зэргээс үзэхэд төвийн бүсэд Төв аймгийн гүйцэтгэх үүрэг чухал бөгөөд онцгой байхаар харагдаж байна.

Тиймээс бид илүү хичээж, хурдтай ажиллах шаардлагатай. ШУА-ийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга академич, химийн шинжлэх ухааны доктор Б.Авидтай ХАА-н салбарт инновац хөгжүүлэх, нутагшуулах чиглэлээр хамтран ажиллаж байна.

-Хөдөөг сэргээх шинэ дохио танай аймагт дуугараад эхэлж. Инновац, технологи шингэсэн, хэрэгжээд эхэлж байгаа шинэ төлөвлөгөө, төслөөсөө танил­цуулна уу?

-Засгийн газар “Хөдөөгийн сэргэлт” цогц бодлогоо зарласны дараа хүмүүс идэвхэжлээ. Хөдөө, орон нутаг руу харж, хөдөөд төвхнөж амьдрах бодолтой хүмүүс олширч байна. Фермерийн аж ахуй эрхэлнэ, газар тариалан эрхэлнэ гэсэн маш олон хүн аймгийн ЗДТГ-аас зөвлөгөө, зөвлөмж авдаг болсон. Газар нутгийн байршлын тухайд ХАА, газар тариалангийн төслийг хамгийн амжилттай хэрэгжүүлж болох гол бүс нь Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг мөн. Нийслэлтэй ойр, төмөр зам, автозамаар шууд холбогдож, гол зах зээлдээ нийлүүлэлт хийчихнэ. Энэ бол давуу тал мөн. Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах зорилгоор Олон улсын шинэ нисэх буудлыг даган баригдах “Шинэ Зуунмод” хот руу чиглэсэн хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн зангилаа ч хүмүүсийн сонирхлыг татаж байгаа болов уу. Аймгийн хөдөө аж ахуй, тэр дундаа газар тариалангийн бүс нутагт хөрөнгө оруулах гадаад, дотоод сонирхол илт нэмэгдсэн. Бид ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэлд суурилан хөгжих бодлого барьж байна. Аймгийн эдийн засаг, нийгмийн байдал, онцлог, нөөц боломж, хөгжлийн хэрэгцээнд тулгуурлан иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, орон нутгийнхаа хөгжил дэвшлийг түргэтгэх зорилгоор “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги”-ийг тууштай хэрэгжүүлж байна.

Arslan.mn

-Гаднын хөрөнгө оруулалттай, орчин үеийн техник, техно­логитой хөдөө аж ахуйн цөөнгүй төсөл танай аймагт хэрэгжээд эхэлсэн. Зарим төслийн хэрэгжилтээс дурдана уу?

-Аймгийн хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулах санал Япон, БНХАУ, ОХУ болон бусад улсаас ирсээр байгаа. Жишээ нь БНСУ-ын компани эмийн ургамал тариалах санал тавьсан. Япончууд Жаргалант, Батсүмбэр суманд жишиг хоршоо байгуулах ажлыг эхлүүлсэн. Энэ төсөл ШУТИС-ийн эрдэмтдийн багийн оролцоотой хэрэгжиж байгаа. Японы хөрөнгө оруулалттай төслөөр хүнсний сонгино тарих ажил Жаргалант суманд хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Мөн ОХУ, Герман улсаас манай хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийх бодитой саналуудыг тавьсан.

Хоккайдо мужийн “Шинмүра” фермийн технологитой, Израилын “Afimilk” компанийн тоног төхөөрөмжтэй сүүний ферм.

Орчин үеийн өндөр техник, технологитой, инновац шингэсэн цөөнгүй төсөл урагшилсан. Жишээ нь, Баянчандмань суманд “Улаанбаатар БҮК” компани ирэх хавар 50 мянган тоннын багтаамжтай, хамгийн сүүлийн үеийн өндөр технологитой, хүнсний ногоо хадгалах смарт зоорь, агуулахын цогцолбор барих гэж байна. Евро стандартаар хийгдсэн зураг төсөл, ТЭЗҮ-тэй, Голланд технологиор барих энэ смарт агуулах жилд 50 мянган тонн хүнсний ногоо хүлээн авах хүчин чадалтай. Дотроо хүнсний ногоо угааж, цэвэрлэх, боловсруулах үйлдвэрийн хамт баригдах юм. Энэ бол Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн бүх ногоочдын ногоог хадгалж, нийслэлийн хүн амыг хүнсний ногоогоор 100 хувь хангах боломжтой смарт агуулах. Цогцолборыг байгуулах 10 га газрын зөвшөөрөл олгогдсон. Ирэх дөрөвдүгээр сард шавыг нь тавьж, барилгын ажил эхлэх гэж байна. Үүнийг дагаад орон нутагт 100-150 хүний тогтвортой шинэ ажлын байр бий болгоно.

-МАА-н салбарт ч шинэ техно­логи шингэсэн хөрөнгө оруулалт хийж эхэлжээ. Танай аймгийн жишээ МАА түшсэн эдийн засагтай бусад аймагт загвар болох юм. Тэдгээр төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Баянхангай суманд Японы Хоккайдо мужийн “Шинмүра” фермийн сүүг агаартай урвалд оруулахгүйгээр боловсруулах технологитой, 200 орчим үнээний ферм ашиглалтад орсон. Японы сүмогийн их аварга Харүмафүжигийн ферм гэхээр хүмүүс андахгүй байх. Төслийн бүтээн байгуулалтын ажил 40 хувьтай өрнөж байна. Израилын “Afimilk” компанийн тоног төхөөрөмж ашиглаж байгаа юм. Энэ ферм түүхий сүүний үндсэн амт чанар, шим тэжээлийг алдагдуулахгүйгээр сүүгээ темпратурын аргаар ариутгадаг. Фермийг дагаад үхрийн тэжээлийг хамгийн сайн сортын үрээр тарьж ургуулан, хураах орчин үеийн техник, технологи орж ирсэн. Улаанбаатар хотын иргэдийг сүү, сүүн бүтээгдэхүүнээр найдвартай хангах жишиг ферм орон нутагт 50-80 хүний ажлын байр бий болгоно.

Arslan.mn

50 мянган тоннын багтаамжтай, Евро стандартаар хийсэн зураг төсөл, ТЭЗҮ-тэй, Голландын технологиор барих смарт ногооны зоорь.

Мөн ОХУ-ын хөдөө аж ахуйн тэргүүлэгч компаниудын нэг “Сибагро” групптэй хамтран Баяндэлгэр суманд “Махны чиглэлийн гахайн аж ахуйн цогцолбор”, хүнсний үйлдвэр байгуулах төслийг гардан хэрэгжүүлж байна. “Сибагро” групп 30 гаруй охин компанитай, гахайн аж ахуйн 14 үйлдвэртэй, гахайгаа тогтмол усанд оруулж, арчилж, эмчилж, тэжээж борддог. Нийтдээ 250 мянган га газарт гахайн тэжээл, үр тариа тариалдаг, дэлхийн 20 улсад экспорт хийдэг групп. Мөн гахайн өвчин, нян судалдаг лабораторитой, 100 гаруй эрдэмтнээс бүрдсэн эрдэм шинжилгээний судалгааны хувийн төвтэй байгууллага. Баяндэлгэр суманд байгуулах цогцолбор нь Италийн технологиор баригдах бөгөөд Германы тоног төхөөрөмж суурилуулна. Жилд 50 мянган гахай үржүүлж, гахайн мах боловсруулж, экспортлох үйлдвэрийг дагаад малын эмч, лаборатори, инженер технологийн ажилтнуудаас эхлээд байнгын 400 ажлын байр бий болох юм.

-“Сибагро” группийн хөрөнгө оруулалтаар гахайн аж ахуйн цогцолбор барих сураг чимээ өнгөрсөн зунаас дуулдсан. Ажил хэдийгээр эхлэх төлөвтэй байгаа вэ?

-Үйлдвэрлэлд ашиглах усны нөөцийг тогтоох хайгуулын ажил хавар, зун, намар, өвлийг дамжин хийж өнгөрсөн арванхоёрдугаар сард усны нөөцөө тогтоолоо. Усны нөөцийн хэмжээ ТЭЗҮ-д чухал үүрэг гүйцэтгэх учраас нарийн хайгуул, судалгаа хийсэн. Энэ бол Монголын анхны Европ стандарттай, өндөр технологийн аж үйлдвэрийн цогцолбор. Энэ үйлдвэрийг дагаад бордоо, тэжээлийн үйлдвэр байгуулагдаж, манайд Евро стандартын газар тариалан хөгжих боломж нээгдэнэ. Олон улсын стандарттай мал эмнэлгийн лаборатори ч орж ирнэ. Бүтээгдэхүүнээрээ дотоодын зах зээлээ бүрэн хангаад, БНХАУ руу экспортлох боломж бий болно. Төв аймаг экспортлогч аймаг болно гэсэн үг. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа  “Шинэ сэргэл­тийн бодлого”-ын үр дүн манай аймагт гарч эхэлсэн. Хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулах сонирхол урьд өмнө байгаагүйгээр сэргэлээ. Хөдөөд сэргэлт бий болж байна. Энэ ажилтай УИХ-ын дарга танилцаад бодлогын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд явсанд бид баяртай байгаа.

“Сибагро” группийн хөрөнгө оруулалтаар барих жилд 50 мянган гахай үржүүлэх хүчин чадалтай, Итали технологи, Герман тоног төхөөрөмжтэй, гахайн мах боловсруулж, экспортлох үйлдвэр.

-Экспортлогч аймаг гэснээс өнгөрсөн намар Төв аймаг БНХАУ руу рапс экспортолж амжсан. Тариаланчдад эерэг мэдээ, урам зориг өгөх үйл явц болж чадав уу?

-"Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж, хүнс үйлдвэрлэгчээс экспортлогч болох зорилтыг хэрэгжүүлэх, тариаланчдаа дэмжих зорилгоор өнгөрсөн оны аравдугаар сард “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй хамтран ажиллаж, БНХАУ руу рапс амжилттай экспортолсон. Энэ бол ХАА-н бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг нэмэх, нэгэнт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, түүхий эдийг бэлтгэн нийлүүлэгчээс нь шууд худалдан авч экспортлох ажлын туршилт байсан гэж хэлж болно. Үр дүнтэй ажил гэдгээ ч харуулсан. Тариаланчдын орлого бодитой өслөө, тэд ам сайтай байгаа. Малчид, тариаланчдынхаа бэлтгэсэн түүхий эд, бүтээгдэхүүнийг дундын зуучлагчгүй, ямар нэгэн шат дамжлагагүй, ченжийн гар дамжуулахгүйгээр гадаад, дотоодын зах зээлд хүргэх нь бэлтгэн нийлүүлэгчдэд ч, хэрэглэгчдэд ч ашигтай. Бид ерөнхийдөө ийм бодлого барьж байна.

-Герман технологиор баригд­сан мах боловсруулах үйлдвэр, уул уурхайн салбарт найдвар төрүүлсэн боловсруулах үйлд­вэр ашиглалтад орсон уу?

-Лүн суманд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай, герман технологиор баригдсан, хоногт 2500 бог, 300 бод мал үйлдвэрлэлийн аргаар төхөөрөх хүчин чадалтай, махыг ангилан савлах, дайвар бүтээгдэхүүнийг боловсруулах цогцолбор ашиглалтад орсон. Энэ үйлдвэрийг дагаад 250-300 хүн байнгын ажлын байртай болно. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ экспортод гаргах юм. Мөн өнгөрсөн намар Баянцагаан суманд "Монгол Чех металл" ХХК-ийн Жоншны баяжмалын үйлдвэр ашиглалт орлоо. Энэ үйлдвэр олон жилийн өмнөх олборлолтоос хаягдсан бага агуулгатай хүдрийг шинээр олборлосон хүдэртэй хольж баяжуулаад, 97 хувиас дээш CaF2-ын өндөр агуулгатай баяжмал үйлдвэрлэж эхэлсэн. Жонш баяжуулах үйлдвэр аймгийн ДНБ-д боловсруулах салбарын эзлэх хувийн жинг нэмэгдүүлэхээс гадна 200 орчим ажлын байр бий болгож, орон нутгийн хөгжилд чухал нөлөө үзүүлнэ гэж найдаж байгаа.

 

-Нэг үеэ бодвол аймгууд руу хөрөнгө оруулагчид шинэ технологи, инновац яриад, төслөө бичээд очдог болж. Төв аймаг үүнд сайн жишиг үзүүлж байх шиг байна. Аймгийн хувьд шинэ технологийг хүлээн авах нутагшуулахын тулд бодлогын ямар ажлууд хийж байна вэ?

-Хөрөнгө оруулагчид наашилж байгаа сайн цаг үеийг ашиглаад бид шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт нутагшуулах үйл явцыг ул суурьтай эхлүүлье гэж хичээж байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Зуунмод хотод “Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт нутагшуулъя” аяныг зохион байгууллаа. ХААИС болон Герман, БНХАУ, ОХУ-ын томоохон компаниудтай хамтран газар тариалангийн салбарт селекц хийж шинэ сорт бий болгох, хүлэмжийн аж ахуй, бэлчээрийн болон таримал ургамал, хүнсний ногоо, жимс жимсгэнийн аж ахуйн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, инновацын бүтээгдэхүүнийг хөгжүүлэх төсөл, хөтөлбөр боловсруулах талаар хамтран ажиллахаар болсон. Мөн ШУА-тай хамтран Сэргэлэн сум дахь “Тавантолгой түлш” ХК-ийн үйлдвэртэй хамтран цэвэр ургамлын гаралтай түүхий эдээр утаагүй түлшний барьцалдуулагч үйлдвэрлэх Ажлын хэсэг бай­гуулагдан ажиллаж байна. Мөн ШУА-тай хамтран ажиллаж Цэвэрлэх байгууламжийн хаягдал лаг боловсруулах, ундны усны бохирдлыг бууруулах технологи боловсруулах судалгаа, Аюултай хог хаягдлын талаарх сургалт, зөвлөх үйлчилгээ авах, Төв аймгийн музейн Палеонтологийн үзмэрийг баяжуулах, шинжлэх ухаан танин мэдэхүйн агуулгыг сайжруулах зэрэг ажлыг хийгээд эхэлсэн.

Энэ бүхэн зөвхөн Төв аймгийн төдийгүй бүс нутгийн хөгжилд хувь нэмэр болохоос гадна орон нутагтаа ажиллаж амьдарч буй иргэд, Төв нутгийг зорин ирж буй хэн бүхэнд ая тухтай, чанартай амьдрах боломжийг нь бүрдүүлж, дэмжих зорилготой юм шүү гэдгийг хэлмээр байна. Төв аймагт хөрөнгө оруулагч гадна дотнын байгууллагуудыг Төв аймагт тавтай морил гэж хэлэхийг хүсэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654480
0 эможи

keyboard_arrow_up