Орон нутагт үерийн улмаас эвдэрсэн замуудыг засварлаж байна
Ойрын өдрүүдэд бороо, үер уснаас үүдэлтэй замын эвдрэл гэмтэл их гарч байгаатай холбогдуулан орон нутгийн замд зорчих иргэд, жолооч тээвэрчдэд зарим зам засвар арчлалтын талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.
Одоогийн байдлаар Хархорин-Цэцэрлэг чиглэлийн улсын чанартай авто замын 104-106 км-т үерийн улмаас угаагдаж, урссан хөвөөг засварлах ажил үргэлжлэн хийгдэж байна. Тодруулбал, Элсэн тасархай-Хархорин чиглэлийн авто замын 345-365км, Хархорин-Цэцэрлэг чиглэлийн 0-1км замд үерийн улмаас үүссэн эвдрэлийг сэргээн засварлах, шуудуу сэргээх, хоолой цэвэрлэх, тохиромжгүй материалыг зайлуулах, урьдчилан сэргийлэн уулын шуудуу татах ажлыг зохион байгуулж байна.
Мөн Улаанбаатар-Чойр чиглэлийн авто зам 257-258 км-т далан хөвөөг үечлэн засварлаж авто замын хөдөлгөөнийг нээсэн байна. Замын 242 км-т үерт урссан далан хөвөөг үечлэн засварлаж буй. Зам хариуцагч “Поларис Рөүд Инженеринг “ ХХК энэ ажлыг хариуцсан юм.
Дархан-Эрдэнэт чиглэл дээр А1001 дугаартай замд гарсан 55 дахь км, 60-62км-т авто замын хөвөө, шуудууны угаагдсан хэсэгт механизмаар шороон дүүргэлт хийж, засварлаж байна.