Шатахуун ачсан машин замын хажуу руу унаснаас их хэмжээний шатахуун асгарчээ
Өвөрхангай аймгийн Хужирт сумын Уужим багийн нутаг сумын төвөөс баруун зүгт 30 км-т орших Тээлийн-Ам хэмээх газарт Улаанбаатар хотоос Өвөрхангайн Бат-Өлзий сумын чиглэлд шатахуун тээвэрлэж явсан автомашин замын зорчих хэсгийн хажуу тал руу унажээ.
Энэ тухай дуудлагыг 12-р сарын 11-ний 16:40 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь бүлэг, Цагдаагийн тасаг, сумын мэргэжлийн ангийн алба хаагчид очжээ.
Газар дээр нь очиход иргэн Б-гийн “Beiben north benz ND4182” загварын автомашины зүтгүүрийн чиргүүл автозамын хажуу тал руу унаж, тээвэрлэж явсан 30 тн шатахуунаас 5 тн орчим шатахуун тагаараа асгарсан байсан тул чиргүүлийг татан босгож, асгарсан шатахууныг саармагжуулах ажиллагааг зохион байгуулсан гэж ОБЕГ-аас мэдээлэв.