Элчин сайд Ричард Буанган Ховд аймагт зочиллоо
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган Ховд аймагт ажиллаж байна.
Тэрбээр өнөөдөр Ховд аймгаас томилолтоо эхэлсэн ба энэ сарын 20-ны өдөр хүртэл тус аймагт ажиллах юм. Энэ үеэр аймгийн удирдлагуудтай уулзжээ.
Өнгөрсөн хугацаанд АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй, Хөгжлийн шийдэл ТББ-ын хэрэгжүүлсэн BEST хөтөлбөр болон АНУ-ын Элчин сайдын яамнаас хэрэгжүүлдэг Access хөтөлбөр олон эерэг үр дүн бий болгосон.
Онцолбол, BEST хөтөлбөрийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч болон хувиараа хөдөлмөр эрхлэгч 2400 гаруй иргэн, аж ахуйн нэгжийг сургалтад хамруулж, төсөл сонгон шалгаруулалтын дагуу 28.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, үйл ажиллагааг нь өргөжүүлснээр 400 гаруй ажлын байр шинээр бий болжээ.
Ховд аймаг ирэх дөрвөн жилд баялаг бүтээгч, хувийн хэвшлийнхнийг дэмжинэ. Энэ хүрээнд 2025 оныг баялаг бүтээгч, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласан. Харин боловсролын салбарт хувийн хэвшлийн оролцоотой англи хэлний төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуультай болох зорилт дэвшүүлсэн гэж Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа хэллээ.
Уг зорилт нь BEST, Access хөтөлбөртэй уялдаж байгаа тул хөтөлбөрийг цаашид орон нутагтаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа мөн илэрхийлэв.








