Уул уурхайн салбарын хүрээнд Хэн, Юу хэлэв?
Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн салбарт салбарт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2015.03.04-2015.03.10/
Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулган: Улс төрийн бүлэглэлүүд, хувь улс төрчдийн зөрчлөөс болж нэгдсэн шийдвэрт хүрч чадахгүй байна
Монгол Улсын эдийн засгийн байдал хүнд байна. Энэ бол хэд хэдэн учир шалтгаантай. Гэхдээ хамгийн том шалтгаан нь улс төрийн бүлэглэлүүд, хувь улстөрчдийн хоорондын ойлголцлын зөрүү, ашиг сонирхлын зөрчлөөс шалтгаалж нэгдсэн шийдвэр гаргаж чадахгүйд байна. Бүгдээрээ л харж байна шүү дээ. Цахилгаан станцууд, төмөр зам, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, аж үйлдвэрийн томоохон паркуудын асуудал аль нь ч явахгүй байгааг. Хичнээн жил яригдаад байрнаасаа хөдөлж чаддаггүй нь хамгийн том проблем. Манай дотоодын энэ арчаагүй байдал дээр дэлхийн зах зээл дээрх манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ 30-80 хүртэлх хувиар унаж байгаа нь нэрмээс болж байгаа юм. Гэхдээ зах зээл дээрх бүтээгдэхүүний үнийн уналтыг эдийн засагтаа эерэгээр нөлөөлөх чухал алхам болгон хувиргаж байгаа улс орнууд ч байна. Тухайлбал Канад, Чили, Австрали улсууд зах зээлийн энэ нөхцөл байдлыг ашиглаад улсын төсөвтөө реформ хийж төсвөө “цэвэрлэж” байна. Өөрөөр хэлбэл зардлаа багасгаж, орлогоо зөв зүйтэй тооцоолж, үр дүнтэй зарцуулж эхэлсэн гэсэн үг. Монголд ч бас үүнийг ашиглаад төсвийнхөө илүү дутуу идээ бээрийг шахаж, шахсан бяслаг шиг төсөвтэй болж, цаашлаад халамжийн бодлогоо зөв зүйтэй зүйл рүү чиглүүлэх ийм боломж байна. Гэхдээ энэ дээр бас л нөгөө улс төрийн нэгдсэн шийдвэр гэдэг манайхны хийж чаддаггүй зүйл саад болох байх л даа./Өдрийн сонин 2015.03.04 052 /5004//
УУЯ-ны Стартегийн бодлого, төлөвлөлтийн газрын Уул уурхайн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Т.Зууннаст: Энэ хууль үндсэн хууль болон бусад хуультай нийцэж байгаа
Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль нь 25 зүйл, хэсгээс бүрдэнэ. Тэсрэх бодис, тэсэслгээний хэрэгслийн үйлдвэрлэл эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг Монгол улсын иргэн, хуулийн этгээд эмэмшинэ гэж заасан байгаа. Үүгээрээ гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулж өгсөн. Мөн тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл хадгалах агуулах нь зориулалтын стандартын дагуу баригдсан байх шаардлагыг тавьдаг./ Зууны мэдээ 2015.03.05 44(4970)/
Монгол улсын дэд сайд М.Энхсайхан:"Чалко"-гийн өр тавантолгойн хэлэлцээрт саад учруулж болзошгүй
Тавантолгойн хэлэлцээрийн ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан хэлэхдээ "Энэ жилийн сар шинийн баяр гэхэд хэлэлцээр дуусна" гэсэн өөдрөг төсөөлөлтэй байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар хэлэлцээр дуусаагүй бөгөөд хоёр дахь шат нь үргэлжилж буй. Гэхдээ хэлэлцээрийн явц сайн байгааг албаныхан хэлж байсан ч бага зэрэг саад гарч ирсэн гэнэ. Тодруулбал,энэ саад нь "Чалко"-гийн өр болоод байгаа аж. / Монголын үнэн 2015.03.04 041/22807//
-Монгол Улсын сайд М.Энхсайхан: Я.Батсуурийг баривчилсан нь хэлэлцээрийн уур амьсгалд таагүй нөлөө үзүүлэх байх
Ядаж байхад яр гэдэг дээ. Хууль хяналтынхан ажлаа хийж байна гэх л. Гадуур байцааж, шалгах ажлаа хийж болдоггүй юмуу гэж хэлж, бичиж үзсэн, ноль. Энэ нь хэлэлцээрийн үр дүнд гэхээсээ илүү яриа хэлэлцээрийн уур амьсгалд таагүй нөлөө үзүүлэх байх./Өдрийн сонин 2015.03.05 053 /5005//
УИХ-ын дарга З.Энхболд: "Гацууртын ордыг ашиглах ёстой"
Тус аймгийн иргэд УИХ-ын даргаас татварын орчны шинэтгэл, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих бодлого, эдийн засгийн нөхцөл байдал, Монгол хэлний тухай хууль, тэтгэврийн насыг багасгах, одонтой эхчүүдийн мөнгийг олох гэр бүлийн хүчирхийлэл, Гацууртын ордыг тойрсон маргааны талаар асуулт тавьсан байна. УИХ-ын дарга З.Энхболд "Гацууртын ордыг ашиглах ёстой, Ашиглуулахгүй гэсэн хэсэг байгаа. Иргэдийн дунд байгаа ойлголтын зөрүүг арилгах ёстой. Тухайн ордыг анх удаа ашиглах гэж буй хэрэг биш. Гацууртын ордыг ашигласнаар хууль бусаар алт олборлож улсад татвар төлөхгүйгээр үйл ажиллагаа явуулж буй зарим хууль бус үйлдлийг зогсоох болно...." гэв / Өнөөдөр 2015.03.06 054 /5448//
"Саусгоби сэндс"-ийн гүйцэтгэх захирал Ж.Калла: Хэлээд өгөөч хэн нэг нь, шар тос гээд
...Харин хэл амнаас айсан төрийн тэргүүн тэднийг уучилж, гаднын хөрөнгө оруулагчдад зарлан тунхагласан үйлдлээрээ Монголд тавтай морил гэж найр тавихын зэрэгцээ өөрийн нэр хүндийн олон улсын тавцанд өсгөх замыг сонголоо. Одоо Ж.Калла гараад явчихсан учраас оронд нь тэр нэг сая жуулчин авч ирээд "өшөөгөө авч" Ж.Каллагийн өгөх байснаас илүү мөнгө олох юм байх. Цаашдаа ч ганцхан уул уурхай гэлтгүй улс орныхоо онгон байгалиар бахархан гадныхны халаасыг уудлах алхмын эхлэл л энэ./ Ардчилал 2015.03.04 039/2162//
Монгол Улсаас Бүгд найрамдах Индонез хэсэгт суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг: Индонез нүүрсний экспортоороо улсын өрсөлдөгч гэж хэлж болно
Нүүрсний нөөцөөрөө дэлхийд 13-т ордогч Индонез нь нүүрс олборлолтынхоо хэмжээгээр дэлхийд дөрөвдүгээрт жагсаж, нүүрсний экспортын хэмжээгээрээ Австралийн өмнө гарсан төдийгүй дэлхийд тэргүүлж байна/ Өдрийн сонин 2015.03.05 44 /4970//