Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн зөгнөлт роман: Стратегийн орд

2017 оны 12 сарын 14

Arslan.mn

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Тогтвортой хөгжилд уул уурхай” сэдэвтэй үндэсний зөвлөгөөнийг өнгөрөгч Баасан гарагт нийслэлд зохион байгуулав. Уул уурхай ба дэд бүтцийн талаар хэлсэн үгээ би үүгээр толилуулж байна.

АНУ-д төвтэй “Mining Journal” Дэлхийн эрсдлийн 2017 оны тайландаа монголын дэд бүтцийг “хамгийн сул хөгжсөн, эрсдэл өндөр” гэж дүгнэжээ. Тайланд уул уурхайн томоохон тоглогч 85 хуулийн этгээдийг 3600 үзүүлэлтээр шинжээд, хөрөнгө оруулалтын эрсдлийг 1-100 оноогоор дүгнэж, ААА-DDD-гийн хооронд эрэмбэлжээ. Канадын таван муж, АНУ-ын Аляска, Швед улс наяас дээш оноо авч ААА, хамгийн бага эрсдэлтэй, Лаос болон Гвиней дөчөөс доош оноо авч D, хамгийн эрсдэлтэй, Монгол 53 оноо CCC авч “өндөр эрсдэлтэй” орноор шалгарчээ.

Монголын эрх зүйн орчинг-49, засаглалыг-64, нийгмийн зөвшөөрлийг-66, санхүүгийн орчинг-52 оноогоор тус тус үнэлжээ. Харин дэд бүтцийг 11 оноогоор (төмөр зам 7, эрчим хүчний баталгаа 15) үнэлж хамгийн сул хөгжсөн болохыг онцолжээ. Энэ бол тэдний дүгнэлт. Харин бид өөрсдөө яаж дүгнэж байна вэ?

Дэд бүтцийн дэндсэн зөгнөл

МУ том газар нутагтай, цөөн хүн амтай учраас зам тээвэр, эрчим хүчний дэд бүтэц байгуулахад өртөг өндөр, эргэн төлөгдөх хугацаа урт. Энэ бол биднээс хамаарахгүй, бодит хүчин зүйл. Харин биднээс хамаарах хүчин зүйл бол ухаалаг бодлого хэрэгжүүлж, хүн ард нь хөдөө хотгүй сайхан амьдрах боломжийг бүрдүүлэх явдал. Бодлого нь зөв, тэгээд тасралтгүй явбал зорьсон газраа хүрдэг.

Харин манай бодлого нь буруу учраас эдүгээ дэд бүтцээ ч байгуулсангүй, эдийн засгийн хөгжил саарч, хөдөө эзгүйрч байна. “Мянганы зам” төслийн алсын хараа нь зөв учир удаан ч гэсэн яваад л байна. Харин “Стратегийн орд” гэх алсын харааг иргэд ч сайн ойлгосонгүй, эрх баригчид ч өөрсдийнхөө ашиг сонирхолд тохируулан ашигладаг болсноос уул уурхайн салбар хөгжлийн зүтгүүр болохгүй байна. Стратегийн орд гэсний цаад санаа бол уг нь уул уурхайгаа дагуулаад дэд бүтцээ хөгжүүлэх зорилготой байжээ.

Ашигт малтмалын тухай 1997 онд гарсан анхны хуулиа 2006 онд шинэчилсэн. Түүнээс хойш энэ хуулийг 250 удаа буюу дунджаар хоёр долоо хоног тутам өөрчилж иржээ. Үүнээс зөвхөн хоёр өөрчлөлтийг нь харъя.

Эхнийх нь 2007 оны 2-р сарын 6-нд (М.Энхболдын Засгийн газар) Их Хурлын 27-р тогтоолоор шинэ нэр томьёог оруулжээ. Хуулийн 4.1.12 зүйлд “стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд” гэж үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой” ордыг хэлэх болов.  

Хоёр жилийн дараа 2009 оны 1-р сарын 8-нд УИХ (С.Баярын Засгийн газар) энэ хуулийн 5.5-р зүйлд. “Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно. Уг гэрээгээр тогтоосон төрийн эзэмшлийн хувь, хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болно” гэж өөрчлөв.  

Төр гадаадын компанийн нээсэн орд газарт давуу эрхтэйгээр оролцох тухай хууль, жишээ нь Орост байдаг. Гэхдээ төр хувьцаа эзэмшинэ, түүнийг худалдан авна, үнийг нь нөөц ашигласны төлбөрөөсөө суутгуулж, дээр нь бас нэмж хүү төлнө гэж зөвхөн монголын төр засгийн түшээд л “зөгнөж” чаджээ. Улмаар шууд авч эхлэх байсан төлбөрийнхөө талыг нь хойшлуулж, ногдол ашгаа бүх зээл, хүүгээ барагдуулсны дараа, олон арван жил болоод авахаар буюу тэмээн дээр, ямаагаа өгсөн нь чухам хэнд ашигтай байсан юм бол?

Нэгэнт л өөрийн хүсэлтээр мөнгөө авахаа хойшлуулсан учир, төр засаг нь гадаадаас зээл авахын тулд гоё, гоё нэртэй өрийн бичиг [бонд] гаргав. Тэгээд бондын зээлээ төлөх цаг нь ирэхээр, өмнөхөөсөө өндөр хүүтэй, урт хугацаатай зээл шинээр авч, бүр гоёор нэрлээд, хуучин зээлээ барагдуулж байна. Монгол улс зээлээс зээлийн хооронд тарчиг ядуу амьдрах болов.

Уул уурхайгаасаа баяжсан Австрали, Канад зэрэг улсын төр нь ямар ч орд газрын, ямар ч хувьцаа эзэмшдэггүй атлаа авах ёстой мөнгөө эхнээс нь, цагт нь аваад, олборлогч бүх компаниудын үйл ажиллагааг нь бүрэн хянаж, хууль дүрмээ мөрдүүлж чаддаг ажээ.

Хөрөнгө оруулагч хот байгуулах гэж биш, ашиг олох гэж ирдэг

Социалист улсад уул уурхайн орд газрыг дагуулаад хот тосгон байгуулж, иргэдээ хүчээр суурьшуулж болдог. Тоталитар оронд бүх зүйл хамтын буюу хэний ч өмч биш байдаг. Нийгмийн дэд бүтцийг төрөөс байгуулж, үйл ажиллагааны зардлыг нь олборлогч компаниар нь даалгуулаад л боллоо. Тэр компани ч бас төрийн өмч. Яг энэ замаар жишээ нь Эрдэнэт хотыг байгуулсан.

Харин зах зээлийн эдийн засагт хувийн хэвшил юу хийхээ өөрөө шийддэг. Монголд хөрөнгө, мөнгө хүрэлцэхгүй байгаа тул төр засаг нь гадаадын хувийн компанийг гуйж, хөрөнгө оруулалт хийхийг уриалж байна. 

Гадаадын компани уул уурхайн салбарт хөрөнгө оруулж эрдэс баялгийг хайж, олборлож, боловсруулж, борлуулан ашиг олох гэж орж ирж байгаа болохоос, хот байгуулах гэж ирдэггүй юм.

Харин баялгийн эзэн улс уурхайгаас авах ёстой төлбөрөө эхнээс нь бүрэн аваад хотоо барина уу, тосгоноо барина уу, тухайн улсын хувийн хэрэг юм. Гэхдээ юугаа, яаж барихаа орон нутгийн иргэдтэй зөвлөлдөж шийдэх учиртай. Уул уурхайн хотхонд хүнийг хүчээр суурьшуулах боломжгүй. Бид тэгэхээр ашигт малтмал ашигласны төлбөрөө эхнээсээ бүрэн аваад түүгээрээ шинээр хот барих уу, эсвэл байгаа аймаг, сумын аль нэг төвөө хөгжүүлэх үү гэдгээ өөрсдөө шийдэх ёстой. Тэгэхдээ шинэ хотын амьдрал зөвхөн тухайн орд газраас хамаардаггүй, хүн амын бүх хэрэгцээг хангахуйц үйлчилгээтэй, бусад бизнесийг хөгжүүлэх боломжтой байж л уурхайн нөөц дуусахаар “сүнс хот” болж хаягддаггүй юм аа.

Стратегийн орд газартай болсон биш төрийн өмчийн олон компани бий болж, бүгд алдагдалтай ажиллаж, төсвийн мөнгөөр татаас авч байна. Алдагдалтай учир, юун дэд бүтэц байгуулах, харин ч сургууль, эмнэлэг барих төсвийн хөрөнгийг сорох болов. Стратегийн ордууд хөгжил биш өр авчирлаа. Монгол өнөөдөр гадаад, дотоодын өрөндөө живчихээд байна.

Дэд бүтцийг уг нь бондын мөнгөөр биш, 30-40 жилийн хугацаатай, жилийн 1-2 хувийн хүүтэй хөгжлийн банкуудын зээлээр барьдаг. Манай эрх баригчид үүнийг сайн мэдэж байгаа ч, хатуу нарийн хяналттай энэ зээлийг авахын оронд арилжааны бонд гарган зээлийн хөрөнгийг өөрсдөдөө ашигтайгаар хуваарилсан юм. 

Өөрсдийнх нь компани оролцоогүй л бол эрх баригчид дэд бүтцийн ямар ч том төслийг явуулахаа больжээ. 5-р цахилгаан станцыг барих гэж 10 удаа шавыг нь тавьсан нь үүнийг батлаж байна. ОТ импортолж буй эрчим хүчийг өөрсдөө хангаж байгаа бол хамгийн ашигтай, бэлэн худалдан авагчтай учир өдийд нэлээд орлого олох байлаа.

Монголын төр “Стратегийн орд” гэх зөгнөлөөрөө хэзээ хүртэл “чулуу хөөлгөх” юм бол оо?

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51115
0 эможи
keyboard_arrow_up