Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

И.К.Азизов: Монгол Улс энэ жилдээ шатахууны хомсдолд орохгүй

2018 оны 1 сарын 08

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубаровичтай ярилцлаа.

-Та манай оронд ирээд нэлээн хэдэн жил боллоо. Монгол оронд хэр дасаж байна даа?

-Монгол орон бол эртний соёл бүхий маш сонирхолтой орон. Монгол Улс нь дэлхий дээр мянга, мянган жилийн тэртээгээс өвлөгдөн ирсэн нүүдлийн аж ахуйгаа өдөр тутмын амьдралын хэв маягаар нь хадгалан үлдээж чадсан цорын ганц орон болов уу гэж би хувьдаа боддог. Түүнчлэн Монгол орны газарзүйн байрлал хээр тал, говь цөл, өндөр уул, хөвч тайга бүхий байгаагийн өвөрмөц содон тогтоцтой нь үнэхээр гайхалтай.

Би энд байх хугацаандаа нүүдлийн ертөнцийн зарим өв, соёлтой танилцаж, олон аймгаар зочилж, энгийн иргэдийн аж амьдралтай танилцсан. Үүний хажуугаар би орчин үеийн хурдан хэмнэлтэй, үйл явдлаар дүүрэн нийслэл хотын амьдралд ч хэдийнээ дасаад амжсан шүү.

-Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг та хэрхэн дүгнэх вэ?

-Сүүлийн үед хоёр орны хамтын ажиллагаа ерөнхийдөө эрчимжиж байна.Улс төрийн яриа хэлэлцээний салбарт гарч буй нааштай хэмнэлийг хадгалах нь ихээхэн чухал бөгөөд манай хоёр орны төрийн тэргүүн нар байнга уулзаж, холбоо барьж байгаа нь үүнд маш том дэм болж байна.

Тухайлбал, өнгөрсөн оны есдүгээр сарын 7-нд Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн гурав дахь. удаагийн чуулганы үеэрх Ерөнхийлөгч нарын уулзалт ихээхэн үр дүнтэй болсон. Түүнчлэн яамд, агентлагуудын шугамаар өрнөж буй хамтын ажиллагаа мэдэгдэхүйц тэлж байгаа. Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улс төр, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны өндөр түвшинд хүргэх шаардлагатай байгаа.

Үүнийг бид бүгд хамтын хүчээр үүнийг хийх ёстой. Өнгөрсөн 2016 оны дөрөвдүгээр сард баталсан Монгол-Оросын “Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр” нь хоёр талын хамтын ажиллагааны замын зураглал болж өгөх юм.

-Сүүлийн үед буюу өнгөрсөн он гарснаас хойш хоёр улс яг ямар ямар салбарт хамтран ажиллаж байна вэ?

-Манай хамтарсан үйлдвэр болох “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үйл ажиллагаа тогтвортой байгааг та өөрөө сайн мэдэж байгаа болов уу. Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд ямар ч асуудал үүсээгүй. Эрчим хүчний эх үүсвэрүүд, үүний дотор шинэ Дулааны цахилгаан станц барих, манай улсын оролцоотойгоор барьсан объектуудыг сэргээн засварлах тухай яригдаж байгаа.

Мөн Монгол түншүүд маань манай оронд үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг ихээхэн сонирхож байгаа нь уг салбар дахь хамтын ажиллагааг улам урагшлуулна гэж бодож байна. Энэ бүх ажилд хил орчмын болон бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд манай орнуудын жижиг, дунд бизнесийн салбарынхны хамтын ажиллагааг урагшлуулах гол хөдөлгүүр нь болох юм. Бид үргэлж урагш тэмүүлж, хамтын ажиллагааны шинэ боломж, төслүүдийг эрэлхийлж байх хэрэгтэй.

-Манай хоёр орны харилцааг хөндөхөд, нефтийн бүтээгдэхүүний үнийн асуудал заавал гарч ирдэг. Учир нь манай улс бараг 100 хувь танай улсаас нефтийн хамааралтай. Энэ асуудал яг энэ үед манай орны эдийн засагт бүр ч чухал ач холбогдолтой. Москва нефтийн бүтээгдэхүүний үнэ дээр ямар нэгэн гэнэтийн шийдвэр гаргахгүй гэх баталгаа бий юу?

-Гол нийлүүлэгч болох “Роснефть” олон нийтийн хувьцаат компани болон Монгол Улсын Ашигт малтмал, газрын тосны газраас төлөөлсөн нефтийн бүтээгдэхүүн импортолж буй хэд хэдэн компанийн хооронд Сингапурын түүхий эдийн биржийн ханштай уялдуулсан үнэ тогтворжуулах хэлэлцээр байгуулсан билээ. Монгол Улс нь энэ болон ирэх жилдээ шатахууны хомсдолд орохгүй гэж бодож байна. Орос Улс бол найдвартай нийлүүлэгч юм.

-Сүүлийн үед хоёр улс эрчим хүчний салбарт хамтран ажиллах талаар ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдсэн үү?

-Байдал хэрхэн өрнөхийг урьдчилан таамаглах гэж оролдоод хэрэггүй болов уу. Монголын талаас энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа нь ажиглагддаг. Өнгөрсөн оны зургаадугаар сард Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр ТЭЦ-4 болон Уралын турбины үйлдвэрийн хооронд цахилгаан станцын шинэчлэлийг үргэлжлүүлэх зорилготой хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Оросын аж ахуйн нэгжүүд нь бусад, тэр дундаа томоохон төслүүдэд оролцох боломж байна.

-Хоёр орны хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл бол боловсролын салбар. Жилд хэчнээн Монгол оюутан ОХУ-д тэтгэлгээр сурч байна вэ?

-Монгол Улсын иргэд ЗХУ-ын болон ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцаж эхэлсний 95 жилийн ой болон ОХУ (ЗХУ)-д сургууль төгсөгчдийн Монголын холбоо үүсгэн байгуулагдсаны 45 жилийн ойг өнгөрсөн жил тэмдэглэсэн.

2016 онд 500 гаруй монгол оюутан ОХУ-д Засгийн газрын тэтгэлгээр суралцах эрх авсан бол 2017-2018 оны хичээлийн жилд манай Засгийн газар 450 гаруй монгол залууст ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцах эрх олгосон. Засгийн газрын тэтгэлгээс гадна яам, агентлагуудын шугамаар болон ОХУ-ын их сургуулиудын тэтгэлгээр гэх зэргээр жилдээ дунджаар 3,000 орчим монгол залуу манай улсад суралцдаг.

-Эгийн голын усан цахилгаан станцыг барих талаар 1998 оноос хойш ярьж байсан. Гэтэл одоо уг үйл явц бараг зогслоо. Энэ асуудлыг шийдэхээр хоёр орны хооронд ямар нэгэн яриа хэлэлцээ хийгдэж байгаа юу?

-Юмны учрыг сайн ойлгоогүй сонирхогчид хоорондын, тэр дотроо хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан өрнүүлсэн маргаан шувтарч байгаа нь муугүй шүү. Одооноос л салбарын мэргэжилтнүүд хоорондын яриа өрнөж байна. Бид нар биш, тэд байдлыг дүгнэх ёстой юм.

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаанаар Сэлэнгэ мөрний сав газарт Монгол Улсын төлөвлөж буй усан цахилгаан станцын барилгын ажилтай холбоотойгоор асуудлыг нэгтгэн шийдвэрлэх ажлын хэсэг байгуулахаар болсон. Ажлын хэсгийн анхдугаар хуралдаан өнгөрсөн оны аравдугаар сарын 2-3-нд болсон. Судлаачдын багаас шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлгээ гарахаар дараа дараагийн асуудлуудыг хэлэлцэнэ гэж манай талаас төлөвлөж байна.

-Манай хоёр орны эдийн засгийн харилцааг бодитой хангах нөөц бололцоотой хоёр талын гол салбаруудыг нэрлэнэ үү. Өөрөөр хэлбэл, бид ОХУ-аас юу авч, юугаа өгөх нь эдийн засгийн харилцаа бодитоор сэргэхэд илүү их ач холбогдолтой вэ?

-Худалдах, худалдан авах асуудал нь тухайн бараа таваарын зах зээл дэх эрэлт, хэрэгцээгээр болон өрсөлдөх чадвараар тодорхойлогддог учир борлуулалтын талаарх бүх асуудалд зах зээл өөрөө хамгийн сайн хариулт өгч чадна. Харин бидний хамтын ажиллагааны зорилт бол хоёр орны бизнес эрхлэгчдийн хооронд ажил хэргийн хэлхээ холбоо тогтоож, тэдний шаардлага, хэрэгцээнд тохирсон таатай орчин бүрдүүлэхэд оршиж байгаа юм.

Монгол, Оросын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлээр тээврийн салбарыг нэрлэж болох бөгөөд Монгол-Орос-Хятадын хооронд Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг дурдаж болох юм. Үүнтэй холбоотойгоор хамгийн түрүүнд тавигдах асуудал бол УБТЗ-ын шинэчлэл ба төмөр замын хойд коридор барих төсөл юм. 

Хамтын ажиллагааны дараагийн чухал чиглэл нь эрчим хүчний салбар юм. Уг салбарт бид хамтын ажиллагаа өрнүүлэх асар их боломж байна. Тухайлбал, одоо ашиглагдаж буй эрчим хүчний эх үүсвэрүүдийг шинэчлэх асуудал нь Монголын хувьд нэлээн хэрэгцээтэй байгааг бид ойлгож байна. Түүнчлэн, бид шинэ эх үүсвэрүүдийг, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг барьж болох юм.

Хөдөө аж ахуйн чиглэлд бол манай талаас Монголын газар тариалангийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, "Монгол малыг эрүүлжүүлэх” хөтөлбөрөө үргэлжлүүлэх, хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлэх болон үр тарианы ургамлын үрийн аж ахуй хөгжүүлэхэд бэлэн байна.

Сансар, банк санхүү, эрүүл мэнд, мэдээллийн технологи болон харилцаа холбоо, цөм, орчин үеийн бусад технологийг энхийн зорилгоор ашиглах салбарт хамтын ажиллагаа өрнүүлэх боломж бидэнд бий.

-ШХАБ , БРИКС болон “Бүс ба Зам” санаачилгад манай хоёр хөрш голлох байр суурьтай байгаа. Монгол Улс үүнийг хэрхэн өөрт ашигтайгаар ашиглаж болох вэ. Бидэнд ийм боломж нөхцөл байна уу?

-Мэдээж, тийм боломж байгаа. Ялангуяа Евроазийн эдийн засгийн холбоо болон Хятадын “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд. Дээр дурдсан гурван талт хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бодит алхмуудыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Монгол Улс нь энд мэдэгдэхүйц чухал байр суурийг эзэлж байгаа юм. Тухайлбал, дээрх баримт бичгүүдэд дурдагдсан төслүүдийг хэрэгжүүлэхэд гурван талын хамтын ажиллагааг зохицуулах Хөрөнгө оруулалтын судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулах боломжтой гэж талууд үзэж байгаа.

Монголын хувьд энэ нь дамжин өнгөрөх тээврийн чадавхаа нэмэгдүүлэхэд, бүс нутгийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах тээврийн салбар дахь төслүүдээ хэрэгжүүлэх боломж бүрдэх юм. Хамгийн чухал нь УБТЗ-ын шинэчлэл болон Овоот, Нүүрстэй ордуудыг ашиглалтад оруулахад хувь нэмэр болох төмөр замын хойд коридороо барих нь эхний ээлжийн асуудал юм шүү гэдгийг онцолмоор байна. Ингэснээр Монгол Улсаас дэлхийн зах зээлд нийлүүлэх нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх боломжтой. ШХАБ-ын хувьд уг байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагаанд бүрэн дүүрэн оролцохын тулд уг байгууллагын гишүүн орон байх шаардлагатай.

ШХАБ-ын ууган ажиглагч болох Монгол Улс нь уг байгууллагын гишүүн болбол бид баяртай хүлээн авах болно.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51998
0 эможи
keyboard_arrow_up