Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 31, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хоёр компанийн хооронд үл ойлголцол болон өглөг авлагын асуудал байхгүй

2018 оны 3 сарын 29


Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК “Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай холбоотой асуудлаар “Тавантолгой” ХК-ийн Санхүүгийн албаны дарга, Ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнхишигээс тодруулга авлаа.
-Тавантолгой ХК үнэхээр хил давж нүүрс олборлосон асуудал байгаа юм уу?
-Манай компани нь 1966 оноос өнөөдрийг хүртэл нүүрсний олборлолт явуулж буй компани. Харин “Эрдэнэс-Тавантолгой”-н хувьд 2011 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн.  Мөн нэг зүйлийг анхааруулахад “Эрдэнэс-Тавантолгой” нь манай уурхайг бүх талаараа тойроод байрладаг ашиглалтын том талбайтай.  Өөрөөр хэлбэл, баруун зүүн урд хойд бүхий  л талаараа бүсэлдэг гэсэн үг. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг ажлаа эхлээгүй байхад баруун, зүүн, хойд талаас нь манай компани нүүрс олборлосон тал бий. Гэхдээ энэ нь 2011 онд “Эрдэнэс-Тавантолгой” үйл ажиллагаагаа эхлэхээс өмнө гэсэн үг.  Харин ажлаа эхэлснээс хойш хоёр компани албан ёсоор хоёр талаасаа комисс гаргаад тусгай зөвшөөрлийн хилээ шав тавьсан.  Ингээд нийт  268,3 мянган тонн нүүрсний асуудалд 2 компаниас комисс гарч акт үйлдсэн. Түүнээс бус хэвлэлүүдээр бичээд байгаа шиг  манай компани илтэд дээрэм хийгээд, эсвэл улсыг хохироогоод байгаа юм байхгүй. Энэхүү 2016 онд гарсан өмнөх жилийн актыг одоогийн буюу 2017 онд олборлосон мэтээр бичээд байна. Тусгай зөвшөөрлийн хилийн асуудал тун нарийн хэмжилттэй байдаг. Манайх өөрийн эзэмшлийн талбайн нүүрсээ олборлохын тулд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн талбай руу орж болзошгүй тул энэ бүхнийг зохицуулж, хоёр компани хамтран ажиллах гэрээ хийж байнга хэмжилт хийж хяналттай ажилладаг. Тэгэхээр манай хоёр компанийн хооронд ямар нэгэн үл ойлголцол болон өглөг авлагын асуудал байхгүй.  
-Их хэмжээний өрөнд орууллаа гэх мэдээлэл нь ямар учиртай юм бол?
-Энэ нь мэргэжлийн бус, эсвэл улстөрийн агуулгаар ийм ташаа мэдээлэл нийгэмд түгээж байгаа нь харамсалтай байна. Ердөө энэ яригдаад байгаа 260 мянган тонн нүүрсний асуудлыг улстөржүүлж, шууд л өнөөдрийн үнэ ханшаар бодоод байгаа нь эцэстээ ийм олон тэрбум төгрөгөөр хохироосон юм шиг нийгэмд хүрч байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас дээрх хил давсан асуудлаар танилцуулга үйлдсэн байдаг юм. Гэтэл төрийн албан хаагч хоёр компанийн асуудлыг ингэж дэлгэж, ёс зүйгээ зөрчиж болмооргүй л санагдах юм.  
-Хятад компанид давуу эрх олгосон юм уу?
-Манай компанитай нүүрс худалдаж авах  олон  компани хамтран ажилладаг. Тэр  компаниудын нэг нь л нэр дурьдагдаад байгаа “Хуалан Тянь Жин” гэдэг компани. Гэрээнийхээ дагуу нүүрс олборлолтод оролцоод явж байгаа. Түүнээс бус давуу эрх эдэлж, үнэ өртөггүйгээр нүүрс олборлоод ачаад явах ямар ч боломж байхгүй.   Гэрээт компаниуд урьдчилж мөнгөө байршуулдаг, одоогоор тус компанийн байрлуулсан мөнгөнөөс тэрбум гаруй төгрөгийн үлдэгдэл байгаа. 
-Тавантолгой ХК өнгөрсөн жил хэр үр ашигтай ажилласан бэ?
-Манай компани өнгөрсөн жил татварт нийт 184,0 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байгаа. Гэхдээ манайх шиг гурван газар татвар төлдөг байгууллага байдаггүй болов уу.  Цогтцэций сумынхаа төсвийн 90 хувийг бүрдүүлэхээс гадна  аймагтаа 51 хувийн ногдол ашгаа өгдөг. Мөн агаарын бохирдлын татвар гэж 1 тонн нүүрс тутмаас  1000 төгрөгийг улсын татварт өгдөг. Уг нь агаар бохирдож буй газар нь энэ нутаг орон байхад улсын төсөв рүү авчихдаг. Өнгөрсөн жил манай компани агаарын бохирдлын татварт 4.1 тэрбум төгрөг улсад төлсөн. 2017 оны эцсийн байдлаар манай компани 141 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Одоо удахгүй хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хийж ногдол ашгаа хуваарилна. Эцэст нь хэлэхэд орон нутагт үр ашигтай ажиллаж буй компани руу байн байн улстөржүүлж хэл ам хийдгээ болимоор байна. Мэдээж тусгай зөвшөөрлийн хилээр зааглагдаж буй хоёр компанийн хооронд жижиг сажиг маргаан гарна. Энэ бүхнийг дор дор нь шийдвэрлэж, одоо ямар ч маргаангүй хоёр талаасаа хамтран ажиллах гэрээ хийн  хамтран ажиллаад явж байгаа.

“Тавантолгой” ХК-тай ямар ч маргаангүй болсон

Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК  “Эрдэнэс–Тавантолгой” ХК–ийн эзэмшил талбай руу орж, нүүрс олборлож, улсыг хохироосон гэх  ташаа мэдээлэл тарж байгаатай холбогдуулан “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Геологи, уул уурхай хариуцсан газрын захирал Б.Мөнхбаатарын тодруулгыг хүргэж байна.


 –Сүүлийн үед асуудал болоод буй хоёр компаний нэр төртэй холбоотой мэдээллийн талаар танаас албан ёсны хариулт авах гэсэн юм?
–Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК нь 1966 оноос өнөөдрийг хүртэл 50 гаруй жил ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа бол манай компани 2011 оноос ашиглалтын үйл ажиллагаа явуулж байна. Мэдээж ашиглалтын тусгай зөвшөөрлөөр хиллэн ижил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа хоёр байгууллагын хооронд шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байдаг. Түүний нэг нь тусгай зөвшөөрлийн хилээс хэтэрч нүүрс олборлох асуудал. Хил давж нүүрс олборлосон түүх бий. Хил давж нүүрс олборлосон асуудал нь “Эрдэнэс–Таван толгой” ХК  тусгай ашиглалтын тусгай зөвшөөрөл авч лицензийн булангийн шав тэмдэг тавихаас өмнөх асуудал юм. Манай хоёр байгууллагын зүгээс хамтарсан ажлын хэсэг ажиллаж, өмнөх он жилүүдийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж, акт тогтоол гаргасан. “Эрдэнэс Таван–Толгой”  ХК–ийг бий болохоос өмнө манайд оногдсон талбайгаас 260 мянган тонн нүүрс олборлосныг олж тогтоосон. Нүүрсний чанар харилцан адилгүй учраас мөнгөн дүнгээр илэрхийлэхэд хэцүү. Энэ асуудлыг эцэслэж “Эрдэнэс–Таван толгой” ХК болон “Тавантолгой” ХК–ийн хооронд 2017 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр “Хамтын ажиллагааны гэрээ” гэрээ байгуулсан. Уг гэрээгээр тусгай зөвшөөрлийн хил давж олборлосон нүүрсний хэмжээг хоёр талаасаа ажлын хэсэг гарган баталгаажуулж шийдвэрлэхээр хамтран ажиллаж байна.
Нэгэнт акт үйлдэж, хоёр байгууллага хамтын ажиллагааны гэрээ байгуулсан тул тусгай зөвшөөрлийн лицензийн талбайд нэвтэрч нүүрс олборлох, уурхайн ажил эрхлэх ямар ч боломжгүй.
“Эрдэнэс Таван–толгой” ХК тусгай зөвшөөрлийн хилийн асуудалд онцгой анхааран ажилладаг.  Дээр нь компанийн инженер, техникийн ажилчид тогтмол хэмжилт хийн хяналт тавин ажилладаг тул манай компани үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш тусгай зөвшөөрлийн хил даван үйл ажиллагаа явуулах оролдлого бүрэн хаагдаж, нэг мөр шийдвэрлэгдсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд дээрх асуудлыг мэргэжлийн бус хүмүүс өнгөц харж “Тавантолгой” ХК нь “Эрдэнэс–Таван толгой” ХК–ийн хил давж нүүрс олборлосон талаар удаа дараа ташаа мэдээлэл цацаж, ажлын талбар дээр өдөр тутмын хяналтаа тавиад ажиллаж байгаа инженер техникийн ажилчид болон компанийн нэр хүндийг санаатайгаар унагаж байна. Манай компанийн зүгээс холбогдох яам, агентлагуудад мэргэжлийн дүгнэлт гаргуулахаар хандаж хамтран ажиллаж байгаа болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55464
0 эможи
keyboard_arrow_up