Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Оюу толгой“-н төсөл монголд ямар нэмэртэй вэ?

2018 оны 4 сарын 26

Оюу Толгой уурхай бол Монголын уул уурхайн салбар дахь тэргүүлэх компани бөгөөд дэлхийд нөөцөөрөө дээгүүрт бичигддэг. Уг уурхайн гэрээ байгуулагдахаар яригдсан цагаасаа эхлэн маш их маргаан дагуулсан ба гэрээ байгуулагдсаны дараа ч Оюу толгой Монгол улсад чухам ямар үр өгөөж үлдээж, манай улсын хөгжил дэвшилд оруулах ёстой хувь нэмрээ оруулж чадаж байгаа эсэх талаар хэл ам тасралтгүй үргэлжилж байна. 
 

Оюу толгойн ордыг хамтран ашиглах талаар Монгол улсын Засгийн газраас хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцож 2009 оны сард 10  Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулсан ба 2011 оны 06 сард Хувь нийлүүлэгчдийн гэрээг тодотгосон байдаг. 
 

Оюу толгой ХХК-ийн эзэн хийгээд олборлолтыг гүйцэтгэгч нь Нидерланд, Люксембург, Британийн Виржин арлууд зэрэг татварын диваажингуудад бүртгэлтэй олон охин компани бүхий өмчлөлийн бүтцээрээ дамжуулан хяналтаа тавьж захирдаг Рио Тинто бөгөөд МУ-ын Засгийн газар Оюу Толгой уурхайд цөөнх буюу 34%-ийн эзэмшилтэй. 
 

Уг төсөл Монголын талд үр өгөөжөө өгөхгүй байгааг баталсан хамгийн сүүлийн жишээ гэвэл 2018 оны 1 сард Нидерланд улсад төвтэй SOMO буюу Үндэстэн дамнасан корпорациудыг судлах төвийн, ОТ-н Хяналт ТББ-тай хамтран гаргасан тайланд дурдсан Рио Тинтогийн татвараас зайлсхийсэн явдал болж байна.

Уг тайланд “Рио Тинто МУ-ын Засгийн газарт ашиг сонирхолд нь нийцэхгүй гэрээ хэлцэлүүдийг шахан гарын үсгийг нь тавиулж чадсан ба ингэснээрээ Монгол, Канадад төлөх үлэмж хэмжээний татвар төлөлтөөс байнга зайлсхийх боломж бүхий татвараас бултах тогтолцоог бий болгон хамгаалж ирсэн” гэсэн байна.

Уг тайлангийн дагуу Рио Тинто ХХК нь татвараас бултах хууль бус схем зохион Монголын засгийн газарт төлөх 230 сая ам.доллар, Канадын засгийн газарт төлөх 470 сая ам.долларыг татвараас гувчуулсан талаар баримттайгаар дурдсан байна (Уг тайланг монгол болон англи хэл дээр татан авч танилцах боломжтой). 
 

Монголын Засгийн газартай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээгээр дараах албан татваруудыг тогтворжуулсан ба энэ нь Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч нарт томоохон татварын хөнгөлөлтүүдийг авч манай улсын Засгийн газраас ногдуулах татварыг ихээхэн бууруулсан байдаг.

Үүнд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ), гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ), онцгой албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татвар, зарим бүтээгдэхүүнүүдийн үнийн өсөлтийн албан татвар зэрэг нэр төрлийн татварууд багтаж байгаа ба эдгээрт хамааралтай зарим татвар хураамжуудыг орхигдуулсан гэх мэт ноцтой асуудлууд байдаг.
 

Уг гэрээний асуудал нь зөвхөн дээрхээр зогсохгүй анхны ТЭЗҮ-ний дагуу хөрөнгө оруулалт хийгдээгүй, анхны тооцоо болох 4.7 тэрбум доллараас 7.1 доллар хүртэл өсч (Рио Тинтогийн удирдлагуудын мэдээлж буйгаар 6 тэрбум гэсэн зөрөөтэй тоо хэлдэг байна)  их хэмжээгээр давсан. 
 

Ийнхүү хөрөнгө оруулалт давснаас болж Монголын талын хөрөнгө оруулалт буюу зээлийн хэмжээ анхны тооцоолж байснаас үлэмж ихэсч, ногдол ашиг авах хугацаа маш ихээр хойшилсон зэрэг асуудлууд байнга яригддаг.

Рио Тинтогийн талаас ийнхүү хөрөнгө оруулалтын зардал анхны тооцооллоос их хэмжээгээр давсныг  тайлбарлаж чадахгүй байгаа ба НӨАТ-ыг оруулж тооцсон байсан гэх мэт тайлбар өгдөг нь маш үндэслэлгүй байдаг.
 

Оюу толгой ХХК татвар хураамжаар дамжуулан МУ-ы н эдийн засагт хамгийн их хувь нэмэр оруулж байгаа талаар байнга сурталчилдаг боловч ордны нөөц болон олборлолтын хувьтай нь харьцуулахад энэ нь харьцангуй бага юм.

Нөөцийн хувьд ОТ-н уурхайгаас 3-4 дахин бага Эрдэнэт үйлдвэр гэхэд 2017 онд 518 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт хуримтлуулсан байхад, Оюу толгой ХХК нь бараг хоёр дахин бага буюу 283 тэрбум төгрөгийг татварт төлсөн байна.
 

Оюу толгой төслийн эдийн засгийн шууд өгөөж нь дээр цухас дурдсанчлан зохист хэмжээнээс маш бага байдгаас гадна эдийн засагт үзүүлэх дам нөлөө нь ч тийм ихгүй юм.

Төсөл Монголын олон үндэсний компаниудыг ажиллуулан, тэдгээр компаниудын ашигт ажиллагааг хангаж эдийн засагт дам хувь нэмэр оруулдаг хэмээдэг боловч энэ нь хангалттай хэмжээнд байж чаддаггүй аж. Учир нь төслийн өндөр ашиг бүхий тендер, ажлуудын ихэнхийг гадаадын хөрөнгө оруулалт бүхий ялангуяа, Австрали, Канадын хөрөнгө оруулалт ихтэй компаниуд авдаг байна.

Энэ нь  Монголын хөрснөөс гарч буй баялаг эргээд Монголын үндэсний аж ахуйн нэгжүүдэд бус гадны хөрөнгө оруулагчдад очиж байгаагийн тод жишээ юм.
 

Мөн түүнчлэн тус компани орон нутагт маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, орон нутгийн хөгжлийг дэмждэг талаар ярьдаг ч газар дээр нь очоод танилцахад орон нутгийн хөгжилд төдийлөн ахиц дэвшил гараагүй ба хөгжлийн хамгийн наад захын хөдөлгөх хүч болсон зам харгуй ч тавигдаагүй байгааг харж болно.

Анх 2011 оноос эхлэн өөрийн үйл ажиллагаа явуулж буй Ханбогд сумаас Оюу толгой орд хүртэл мөн Оюу толгойн ордоос Гашуун сухайт боомт хүртэл хатуу хучилттай зам барих төслийн талаар ярьж, төлөвлөн, барилгын ажил эхэлсэн ч энэ төсөл нь одоо хүртэл амжилтгүй явж байгаа аж. Энэхүү замын төсөлд шалгарч барилгын ажилд оролцсон Монголын замын томоохон компаниуд санхүүгийн хүнд байдалд

 

Энэхүү замын төсөлд шалгарч барилгын ажилд оролцсон Монголын замын томоохон компаниуд санхүүгийн хүнд байдалд орж, зарим нь дампуурлын ирмэгт тулан маргаан үүсгэж, уг маргаанууд нь одоо хүртэл шүүхээр явж байгаа баримт мэдээ байдаг. 
 

Тухайлбал өмнөх зам барилгын төсөл дээр улс төрийн оролцоотой шийдвэрээр нөлөө бүхий эрх мэдэлтний компанийг сонгон шалгаруулан ажил гүйцэтгүүлэх болсон ч тухайн компани нь гэрээт ажлыг гүйцэтгэж чадалгүй, олон дахин тендер зарлаж, уг ажил одоо хүртэл дуусаагүй байгаа нь Австрали менежерүүдтэй үгсэн хуйвалдах замаар Оюу толгой төслийг удаашруулж, үргүй зардал нэмж байгаагийн нэг тод жишээ юм.

Гэтэл энэ удаад орон нутгийн өөр нэг зам барилгын ажлын төсөл дээр мөн л улс төрийн нөлөөлөл бүхий компанийг сонгон шалгаруулж өмнөх алдаагаа давтах вий гэдэг болгоомжлол нутгийн иргэдэд байна.
 

Энэ мэтчилэн Рио Тинто ХХК болон түүнийг төлөөлж буй гадаадын менежер, удирдах албан тушаалтнууд нь Оюу толгой төсөл дээр хийгдэж буй ажлуудыг удаашруулж, гацаан, улс төрөөс хамааралтай байлгадаг, мөн Монгол улсын болоод иргэдийн эрх ашигт бус, харин нөлөө бүхий хэдхэн хүмүүс болон Рио тинтогийн явцуу эрх ашигт үйлчилсэн үйл ажиллагаа явуулдаг нь нэгэнт нууц биш болжээ. Ингэх сонирхол хэнд байхыг, эцэстээ энэ бүхэн хэнд ашигтай болохыг уншигч та бүхэн мэргэн оюундаа шүүн тунгаана биз ээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56561
0 эможи

keyboard_arrow_up