Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Усгүйгээр уурхайгаа ухаж, улсаа хөгжүүлнэ гэвэл санасны гарз

2018 оны 5 сарын 01

Нэмэлт эх үүс­вэргүйгээр говийн өсөн нэмэгдэх усны эрэлтийг хангах боломжгүй

Хөгжихөө больцгооё. Уур­хайгаа ухахаа зогсоож, түүхий эдээ угааж, боловсруулахаа ч больё. Угаасаа Өмнийн говьд уул уурхайг хөгжүүлж, хүн зоныг нь ундаалах усны хангалттай нөөц үгүй. Одоо шаргал говийг хатаачихгүйн тулд, уурхай, үйлдвэрүүдийг зогсоочихгүйн тулд газрын гадаргын болон гүний усаар арайхийн торгоож байна. Алсдаа говьд үйлдвэр, уурхай, станцууд сүндэрлэхийн хэрээр усны эрэлт улам нэмэгдэнэ. Ханаж цадалгүй залгилдаг энэ аварга “Динозавр”-уудыг усаар хангах нь харин хүч үл хүрэх бэрхшээл болохоор байна. Уул уурхайн төслийг гацаагч нь улстөржилт, талцал маргаан ч биш харин ус хэмээх давагдашгүй хүч болох вий. Дусал усгүй болж хүн, малгүй харангадахын цагт мянган уурхай байгуулж, нүүрс, алт, зэс олборлож, боловсруулаад яах ч юм билээ.

Өдрөөс өдөрт өсөх усны хэрэгцээг хэрхэн шийдэх вэ 

Монгол улс жилд дунджаар 550 сая шоо метр ус хэрэглэдэг. 2017 оны байдлаар үүний 12 хувийг уул уурхайд ашиглас­ныг Байгаль орчин, аялал жуулчлалын яам мэдээлж байна. Монгол улс усны нөөц багатай орон биш ч гэлээ, байгаа нөөц нь цаг хугацаа, орон зайн хувьд жигд бус тархсан. Ялангуяа, эрдэс баялгаар арвин говийн бүсэд усны нөөц хангалттай биш. Энэ бүсийн орд уурхайнууд газрын гүний болон газар доорх усаар амь тариа залгадаг. Усны томоохон хэрэглэгчийн нэг “Оюутолгой” төсөл гэхэд “Гүний хоолой” нэртэй ордоос усны хэрэглээгээ хангасаар байна. Энэ орд нь 910 литр секундын нөөцтэй буюу нэг секундэд төдий хэмжээ усыг сэлбэдэг. Одоогоор “Оюутолгой” 640 орчим литр секундыг ашиглаж, газрын гүнээс татаж байгааг судлаачид хэлж байна. Гэвч хатсан элстэй говийн хэвлийгээс сорох усны хэмжээ өнөөдрөөс өсөн нэмэгдэх төлөв­тэй. Тодруулбал, стратегийн цөөнгүй орд байрладаг говийн бүс, ялангуяа, өмнөговь аймагт орд уурхайн үүцийг цаашид ч задалж, боловсруулах үйлдвэрүүдийг дахиад ч байгуулахаар шийдсэн.

Одоогоор Тавантолгойн ордод түшиглэсэн нүүрс угаах үйлдвэр, Тавантолгойн цахилгаан станц, оюутолгойн ордод тулгуурласан зэс баяжуулах үйлдвэр болон Цагаан суваргын Зэс-Молибдений баяжуулах үйлдвэр зэрэг томоохон бүтээн байгуулалт сүндэрлэх Засгийн газрын тогтоол шийдвэр гараад байна. Ингэснээр одоогийн­ хоос хэд нугалсан усыг энэ аварга үйлдвэрүүд нэхэх нь тодорхой. Дээрээс нь энэ бүтээн байгуулалтыг дагаад өмнийн говийн хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээ улам нэмэгдэнэ. Өмнөговь аймгийн төв Да­ланзадгад хот өнгөрсөн оны байдлаар 25 мянга гаруй хүн амтай. Томоохон орд уурхай­ нуудын Өлгий Ханбогд, Цогтцэций сум тус бүр 70007500 хүн амтайг үндэсний статистикийн хорооноос мэ­дээлж буй. “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт эрчимжихэд дахин 5000 ажлын байр шинээр нэмэгдэнэ. Үүнийг дагаад үйлчилгээ, ханган нийлүү­лэгчдийн тоо ч өснө. Энэ зүй тогтлын дагуу авч үзвэл дур­ дагдсан бүтээн байгуулалтыг дагаад хүн амын тоо, ундны усны эрэлт огцом нэмэгдэхээр байна. Ингэснээр Өмнөговь аймаг хэтдээ одоогийн орхон аймгийн төв Баян-Өндөр сумын (Эрдэнэт хот) дайтай хот болон хүрээгээ тэлэх нь.

Говийн усны эрэлтийг хангах хоёр гарц бий

Тэгвэл энэ үлэмж эрэлтийг хангах усны нөөц говьд бий юү. Энэ асуултыг Байгаль ор­чин, ногоон хөгжлийн яамны усны нөөцийн хэлтсийн дарга Л.Эрдэнэбулганд тавьтал “Нэ­мэлт эх үүсвэргүйгээр говийн өсөн нэмэгдэх усны эрэлтийг хангах боломжгүй” гэж ха­риуллаа. Тэгэхээр унд болон үйлдвэрлэлийн усны нэмэлт эх үүсвэргүйгээр энд үйлдвэрлэл өрнөх нь бүү хэл хүн, амьтан амьдрах боломжгүй. Үйлдвэр, уурхайн төслүүдийг урагшлуулж, улсаа хөгжүүлэх хүсэл маань санасны гарз болох нь.

2017 онд усны хэрэглээний 12 хувийг уул уурхайд ашиглажээ

Энэ нь угаас тодорхой болж байна. Стратегийн ач холбогдол бүхий ордууд эхнээсээ усан хангамжийн улаан гэрэл асааж эхлэв. “Эрдэнэс тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболдын "Монцамэ" агентлагт өгсөн ярилцлагаас иш татъя. “Тавантолгойн олборлолт эхлэх үед жилд 20 сая тонн нүүрс угаах хүчин чадал бүхий үйлдвэр байгуулахаар ТЭЗҮ-ээ боловсруулж, бат­луулсан. Гэвч нүүрс угаах усыг Балгасын улаан нуураас татахаар төлөвлөсөн ч аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал зөвшөөрөөгүй учраас түр зогсоосон” хэмээн өгүүлжээ. Ингээд уул уурхайн төсөл, улсын хөгжлийн хувь заяаг ус захираад эхэлж буй нь энэ. Ийнхүү усаа ухаалгаар удирдаж чадаагүйн балаг биднийг их санасан газар олон шөнө хоосон хонуулах нь. Дахин нэг жишээ. Монголын хөгжлийг шинэ шатанд аваачих учиртай Сайншандын аж үйлд­ вэрийн цогцолборын төслийг гацаасан нэг шалтгаан нь бас л ус. Олон улсын хөндлөнгийн байгууллага уг төслийг судлаад, усан хангамжаа шийдэхгүйгээр энэ бүтээн байгуулалт урагшлах боломжгүй гэсэн дүгнэлт гар­гажээ. Тэгвэл усны гачигдлаас үүдэн уул уурхайн олборлолтоо зог­соож, боловсруулахаа болих уу. Уг нь манайд энэ их хэмжээний эрэлтийг хангачих нөөц байхгүй биш байгаа. Говийн хэдэн үйлдвэр, уурхайгаар зогсохгүй өмнийн говийг тэр чигт нь ун­даалж тэтгэх боломж бололцоо манайд бий.

Гэвч усны нөөцөө удирдаж чадаагүйн уршгаар ийм байдалд хүрчихээд буй нь гачлан гэмээр. Өмнийн говийн төслүүд яг хэдий хэмжээний эрэлт үүсгэх нь одоогоор тодорхойгүй байгаа. Учир нь төслүүдийн ТЭЗҮ бүрэн эцэслээгүйгээс тодорхой болон таамаг тоо хэлэх боломжгүй гэж уул уурхай, хүнд үйлдвэрийн яам мэдээлэв. Гэхдээ албаныхан ганцхан зүйлийг ам бардам хэлж байна. Тухайлбал, олон жил яригдаж буй Хэрлэн говь болон орхон говь төслийг хэрэгжүүлсэн тохиолдолд Өмнийн говийн усны хэрэгцээг бүрэн хангана гэж уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэргэжилтэн Н.Итгэл хэлсэн юм. Усны төвийн тооцоогоор “Оюутолгой”, “Тавантолгой”, “Шивээ-овоо”, “Цагаансуваргын төсөл”-ийн усны хэрэгцээ нийлээд 3231 литр секундэд хүрнэ. Өөрөөр хэлбэл, нэг секундэд эдгээр төсөл гурван тонн ус нэхнэ гэсэн үг. Тэгвэл энэ эрэлтийг хангах хоёр гарц бий гэж усны ин­женер М.Далайцэрэн хэлсэн юм. Нэгдүгээрт, гадаргын ус ашиглах. Хоёрдугаарт, говийн бүсэд усны нэмэлт хайгуул хийх.

Ялангуяа, хил гатлан урссаар буй гадаргын усаар хатаж гандсан говийг хангах хэрлэн говь болон орхон говь төсөл хамгийн оновчтой гарц аж. Гэвч Монгол улсын хөгжилд онцгой чухал ач холбогдолтой эдгээр төслийг хуучинсаг, харалган улстөрчид гацааж дөнгөжээ. Энэ зуур өмнийн говийг ундаалах учиртай ус хилийн чанадруу үнэгүй урсаж, Монголын говь хатаж, гандсаар. Манай орны усны нөөцийн 80 орчим хувь нь гадаргын, 20 гаруй хувь нь газрын гүнд бий. Тиймээс нөөцийн дийлэнхийг эзэлдэг гадаргын усны нэг хэсэг болох хэрлэн, орхон голын урсцад тохируулга хийж, хангайн усыг говьруу татахаар төлөвлөж буй. Тухайлбал, орхон говь төслийн хүрээнд гэхэд 730 сая шоо метр эзлэхүүнтэй хиймэл нуур үүсгэж, 580 сая шоо метрийг ашиглана. Голын уснаас секундэд 2.5 метр шоо мерт усыг говьруу татахаар тооцож байгаа. Гэтэл энэ нь Сэлэнгэ мөрнөөс хил даваад одож буй усны ердөө 0.7 хувьтай тэнцэнэ гээд бод. Ийм үр ашигтай төсөл өнөөг хүртэл гацчихаад байгаа нь харамсмаар.

Голын голдиролыг өөрчлөх нь сөрөг нөлөөтэй гэсэн хардлагын хар үүл тэнэж буйгаас эдгээр төслийг эсэргүүцэх хүн олон байсан. Тэгвэл үүнийг өрөөсгөл болохыг Сэлэнгэ мөрний жишээ батална. Тодруулбал, 40 жилийн настай “Эрдэнэт үйлдвэр”, Эрдэ­нэт хотыг Сэлэнгийн хөвөөнд байгуулж, уг голоор усны хэрэгцээгээ хангадаг. Гэлээ гээд Сэлэнгэ мөрөн ширгэчихээгүй нь бодит байдал. өөрөөр хэлбэл, гадаргын ус нь гүний уснаас илүү хурдан нөхөн сэлбэгддэг. Тиймээс гадагш урсаж буй усныхаа өчүүхэн хэсгийг тогтоон барихад л усан хангамж толгойн өвчин, түмэн бэрхшээлийн эх үндэс байхаа болино гэсэн үг. Өөрөөр хэлбэл, одоо байгаа усны нөөцөө ухаалгаар удирдаж чадвал бид усны эрхшээлд орохгүй байх боломжтой. харин усыг умартвал уул уурхайн төсөл, улсын хөгжил ч таг зогсохоор байна. Нөгөө талд, уул уурхайг хөгжүүлье гэвэл уул уурхайн төслүүдээс өмнө усны төслүүдээ урагшлуулж, хайгуулыг нь эрчимжүүлэхийг одоогийн нөхцөл байдал сануулах бус шаардсаар. Монгол улсын ирээдүйг атгаж буй ус хэмээх их хүчний дэргэд ойр зуурын талцал, улстөржилт дэндүү өчүүхэн, дэндүү өрөөсгөл мэт.

Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56726
0 эможи

keyboard_arrow_up