Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Rio Tinto-гийн таргалсан, Монголын турсантай яг тэнцэнэ

2018 оны 5 сарын 07

“Оюутолгой”-г тойрсон энэ ээдрээт явдал өрмийг аваад хусмыг нь үлдээдгийн үлгэр гэлтэй

Ирээдүйн ашгаа барьцаалж, Rio Tinto-гоос зээлсэн Монгол улсын зээл, түүний хүү өссөөр 1.1 тэрбум ам.долларт хүрчихээд байна. Олон нийт тэр бүр мэдэхгүй энэ зээлийг 2009 онд Монгол улс “Оюутолгой”-н анхны хөрөнгө оруулалтад зориулан түншээсээ түр зээлсэн түүхтэй. “Оюутолгой”-н 34 хувийг эзэмшигчийн хувьд манай улс өөрийн эзэмшилд тохирсон хувь нийлүүлэх үүрэг хүлээсний дагуу 770 сая ам.доллар зээлсэн юм. Манай улс зээлийн зардалд одоогоор 6.5 хувь дээр Libor буюу 8.4 хувийн хүү нэмж төлж буй. Энэ нь одоогоор 100-110 сая ам.доллартай тэнцдэг гэж албаны эх сурвалж мэдээлж байв. Хэдийгээр “Оюутолгой”-н гэрээг гардан хийсэн эрхмүүд үүнийг зээл гэж хэлэхэд хэцүү хэмээдэг ч хүү төлж, тэр нь өдөр хоногоор үржиж буйгаас харахад яалт ч үгүй зээлсэн болж таарч байна. “Оюутолгой”-н хувь нийлүүлэгчдийн гэрээнээс харвал тус компанийн хөрөнгө оруулалтыг зээл, хувьцаа гэсэн хоёр эх үүсвэрээс босгожээ. Үүний 75 хувийг зээл, үлдсэн 25 хувийг нь хувь нийлүүлэгчид санхүүжүүлсэн байна. “Оюутолгой”-н хөрөнгө оруулагчид болох Монгол улсын Засгийн газар (“Эрдэнэс Оюутолгой”), Rio Tinto нийт 2.2 тэрбум ам.долларын анхан шатны санхүүжилт хийсэн.

 

Үүний 34 хувь буюу ойролцоогоор 770 орчим сая ам.доллар нь Монгол улсад ногдсон байна. Харин энэ санхүүжилтийг Монгол улс “Оюутолгой”-н ирээдүйн ногдол ашгаас төлөх нөхцөлтэйгээр Rio Tinto-гоор төлүүлж байжээ. Тэгвэл өнөөх зээл болон хүү нь өссөөр өдгөө 1.1 тэрбум ам.долларт хүрээд байгаа нь энэ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн есөн жилийн хугацаанд зөвхөн зээлийн хүүнд хураагдсан 550 сая орчим ам.долларыг бид ирээдүйд төлөх болчихоод байна. Гэхдээ “Оюутолгой”-н гэрээ байгуулсан 2009 онд зээлийн хүү бараг 10 хувь шүргэж байв. Гэрээг анх байгуулахад 9.9 хувь дээр нэмэх нь АНУ-ын хэрэглээний үнийн индексийн түвшин хэмээн тооцсон байдаг. харин 2011 онд хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулж, зээлийн зардлыг 6.5 хувь дээр нэмэх нь нэг сарын хугацаатай Libor хүүгээр тогтоожээ. Английн банк хоорондын захын суурь хүү болох Libor нь 2009 оноос 2016 он хүртэл тогтвортой байсан ч сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөж байгаа. Үүнийг даган Монгол улсын өр, зээлийн хэмжээ илүү эрчтэй нэмэгдсээр байна.

Гэтэл сүүлийн жилүүдэд буурч байсан Монгол улсын зээлжих зэрэглэл тогтвортой төдийгүй хэтдээ өсөх хандлагатай байгаа. Тиймээс уг зээлийн зардлыг тодорхой хэмжээнд буулгах бүрэн боломжтой гэж уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдэгдсэн. Мөн Засгийн газар зээлийн хүү, зардал хэтэрсэн зэрэг хэд хэдэн асуудлаар “Оюутолгой”-н хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж эхэлснийг албаны эх сурвалж мэдээлж буй. Энэ зээл төсөвт дарамт учруулахгүй учир улсын өр, төлбөрт тооцдоггүй гэж албаныхан тайлбарласан. Гэсэн хэдий ч өдгөө нэг тэрбум ам.доллар даваад буй энэ өр төлбөрөөс Монгол улс бултаж чадахгүй нь нүцгэн үнэн. Тэгээд бүр 34 хувийн өгөөжийг бодит утгаар нь өгөх ногдол ашгаасаа төлнө гэхээр “Оюутолгой”-н хувьцаа эзэмшигч байсны үр ашгийг монголчууд хүртэх эсэх нь эргэлзээтэй. Дээрээс нь “Оюутолгой”-н ногдол ашиг тараах хугацаа өнөө хэр асуултын тэмдэг хэвээр байна. 

• Ирээдүйн ашгаа барьцаалж, Rio Tinto-гоос зээлсэн Монгол Улсын зээл, түүний хүү өссөөр 1.1 тэрбум ам.долларт хүрчихээд байна.

• Уг зээлийн зардлыг тодорхой хэмжээнд буулгах бүрэн боломжтой.

• “Оюутолгой” ашиг­ тай ажиллаж, зээлээ төлж дуусгаад ногдол ашиг тараана.

Дэлхийд томоохонд тооцогдох энэ төсөл яг хэдэн оноос ногдол ашиг тараана гээд ам бардам хэлчих хүн “Оюутолгой”-гоос эхлээд Rio Tinto-д ч алга. “Оюутолгой”-н гүйцэтгэх захирал Армандо Торрес “Оюутолгой” аль болох богино хугацаанд ашигтай ажиллаж, хувь нийлүүлэгчдэд ногдол ашиг тараах ёстой. Нөгөө талаас Монгол улсын Засгийн газар энэ төслийн 34 хувийг эзэмшихдээ өөрийн хувь эзэмшилд ногдох хөрөнгө оруулалтыг хийгээгүй. Харин ирээдүйд олох ногдол ашгаасаа төлөх сонголт хийсэн. Гүний уурхайн бүтээн байгуулалтыг хийхийн тулд олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран төслийн санхүүжилт босгосон. Төслийн санхүүжилт гаргасан байгууллагууд зээлээ эргүүлж авна. Өнөөдөр та бүхний өмнөөс би харж суугаад хэдэн онд ногдол ашиг хуваарилж өгнө гэж хэлэх боломжгүй. Энэ нь зах зээлийн хүчин зүйлсээс их хамаарна. Нөгөөтэйгүүр, “Оюутолгой” хэзээ ашигтай ажиллах вэ гэдгээс ихээхэн шалтгаална” хэмээн энэ оны эхээр сэтгүүлчдэд хариулжээ.

Тэгэхээр “Оюутолгой” ашигтай ажиллаж, зээлээ төлж дуусгаад ногдол ашиг тараана. Тэр хүртэл манай зээлийн хүүгийн хүрд эргэсээр л байх нь. 770 сая ам.доллараар хэмжигдэж байсан манай зээлийн хүү энэ хугацаанд өссөөр хэд хүрч, биднийг гайхашруулах нь бас л сонин. Үүнээс гадна Монголчууд “Оюутолгой”-гоор овоглосон олон тэрбумын өрийг бас төлөлцөж таарна. Бид Монголын нэр дээр зээл аваагүй хэмээн Rio Tinto онгирч байгаа ч хувь эзэмшигчийн хувьд өрийн дарамтыг хамт үүрнэ. “Оюутолгой”-н үе шаттай бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын өр өдгөө яг хэдэд хүрээд байна вэ. Үнэндээ Монголд мэдэх хүн тун ховор. Учир нь “Оюутолгой”-н менежментийг гардан хийж буй хөрөнгө оруулагчид зардлаа хэтрүүлж, зээлээ нэмэгдүүлсээр ирсэн. Сүр дуулиан дагуулж байсан “Оюутолгой” төслийн хоёрдугаар шатны санхүүжилт бол хамгийн ойрын жишээ.

АНУ, Канад, Австралийн Засгийн газрын экспортын зээлийн агентлагууд болон олон улсын арилжааны 15 банкнаас нийт 4.4 тэрбум ам.долларын зээл авсан. Үүнд багтсан зээлүүдийн хэмжээ, хугацаа, хүүгийн хувьд харилцан адилгүй ч жигнэсэн дундаж хүүгийн хувьд английн банк хоорондын захын суурь хүү буюу Libor дээр нэмэх нь зургаан хувь байхаар тогтоосныг “Эрдэнэс Монгол” болон Turquoise Hill Resources компани мэдээлж байсан. Санхүүжилтийн гэрээ байгуулсан 2015 оны арванхоёрдугаар сараас тооцоод үзвэл хүү нь өссөөр далд уурхайн санхүүжилтийн зээлийн нийт дүн таван тэрбум ам.доллар шүргэж байна. “Оюутолгой”-н өр, зээлийн хэмжээ ийн өсөхийн хэрээр ногдол ашиг тараах хугацаа хойшилно. Ингэснээр “Оюутолгой”-гоос ахиухан ашиг хүртэнэ хэмээн хүлээж суугаа бидний өгөөж, ашиг ч алсарсаар байх нь. Гэтэл компани ашигтай ажиллах нэг суурь нөхцөл болдог зардал нь өссөөр байдаг. “Оюутолгой”-н менежментийг удирдаж буй Rio Tinto-гийн баг зардлаа өсгөсөн хэмээн байнга донгодуулах болоод удлаа. Уг нь “Оюутолгой” хэмээх “хөлөг”-ийг бид л жолоодож чадна хэмээн Rio Tinto том дуугаран авсан нь саяхан. Гэвч бараг 1-2 тэрбум ам.доллараар зардлаа хэтрүүлсэн нь хэдхэн жилийн өмнө. 2010 оны ТЭЗҮ-ээр хөрөнгө оруулалт нь 5.1 тэрбум, нийт зардлыг 14.6 тэрбум ам.доллараар тооцсон. Гэтэл 2015 оны ТЭЗҮ-ээр хөрөнгө оруулалтыг 18.3, зардал нь 32.9 тэрбум ам.доллар байхаар тооцож өсгөсөн. Ингэж зардлаа өсгөснийхөө төлөө зургаан хувийн урамшууллыг менежментийн баг нь авч байв. Үр ашиггүй байлгах тусмаа менежментийн баг нь өндөр ашиг авдаг гэсэн үг.

Харин Дубайн гэрээгээр менежментийн зардлыг далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжлэх долоон жилийн хугацаанд гурван хувьд буулгахаар тохиролцсон байдаг. “Rio Tinto манай ордоор барьцаалж дэлхийн санхүүгийн зах зээлээс өндөр хүүтэй мөнгө босгосон. Тус компани 5-6 тэрбум ам.доллар босгочихоод нэг тэрбум ам.долларыг нь л Монгол руу оруулсан” гэж уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав мэдэгдсэн. “Оюутолгой”-н орлого Монголын банкаар дамждаггүй, борлуулалтын орлогын 6-8 хувийг л Монголд төлдөг шүү дээ. Өнгөрсөн есөн жилийн хугацаанд Rio Tinto-гийн таргалсан, Монгол улсын өрөнд унаж турсантай яг тэнцэнэ. “Оюутолгой”-н гэрээг байгуулахаас өмнө буюу 2008 онд эдийн засгийн хямралаас үүдэн тус компани хүнд байдалд ороод байсан. 2008 оны тавдугаар сард 138 австрали долларт хүрч байсан тус компанийн хувьцаа хагас жилийн дараа долоо дахин буурч, ердөө 20 австрали доллар болсон нь үүний нэг баталгаа. Гэтэл 2017 онд түүхэнд байхгүй их хэмжээний ногдол ашиг болох 5.2 тэрбум ам.доллараар хувьцаа эзэмшигчдээ “дайлж” байна. Бас болоогүй нэг тэрбум ам.доллараар хувьцаагаа буцаан авна гэсэн бахдам мэдэгдлийг компанийн гүйцэтгэх захирал Жан себастьян Жак хийсэн. Гэтэл Монгол улс энэ хугацаанд өсөж, өндийсөн юм ховор. Эдийн засаг, нийгэм нь эмзэг турьхан хэвээрээ л гэлдэрч явна. “Оюутолгой”-г тойрсон энэ ээдрээт явдал өрмийг аваад хусмыг нь үлдээдгийн үлгэр гэлтэй.

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56944
1 эможи

Zochin
2018-05-08 14:11
Enders harhad luvar gedeg ni haragdaj bna.ashigguil bur ulaml urund orood bgaa bishuu
MGL
2018-05-07 18:46
Hezee ch ashig avahgui ni oilgomjtoi.Hurungu oruulalt sanhuujilt uil ajillagaa nemegdeh tusam ter buh zardliin 34 huvi ni bainga usun nemegdeh huuteigee manaid ur bolon uldene
keyboard_arrow_up