Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Эрдэнэс Тавантолгой“ IPO амжилттай хийхэд нэг алхам ойртлоо

2018 оны 10 сарын 09

Олон улсын хөрөнгийн бирж дээр нийт хувьцааныхаа 30 хувьд IPO хийж, хөрөнгө босгохоор төлөвлөж байгаа “Эрдэнэс Тавантолгой” компани 2018 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа даваа гарагт олон нийтэд танилцууллаа. Тайлант хугацаанд тус компани улсын төсөвт 216.5 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Тодруулбал, энэ оны эхний хагаст 6.8 тонн нүүрс экспортолж, 953 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна. Улсын төсөвт энэ онд 285 тэрбум төгрөг төвлөрүүлэх “үүрэг” хүлээсэн тус компани зорилтынхоо 78 хувийг хагас жилд багтаан биелүүлжээ. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” 373.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Оны эцэс гэхэд компанийн цэвэр ашиг хоёр дахин өсөхөөр байгаа аж. Найм дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй “Эрдэнэс Тавантолгой” энэ сарын эхээр 40 сая дахь тонн нүүрсээ олборлосон байна. Компани цэвэр ашгаараа хүлээгдэж буй зарим төслөө өөрсдөө санхүүжүүлэх боломж бүрдэж байгааг “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Б.Ганхуяг онцоллоо. Компанийн ашигт ажиллагаа сайжрахад экспортын нүүрсний үнэ өссөн нь голлох нөлөө үзүүлжээ.

Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагууд Зүүн Цанхийн уурхайн нүүрсний үнийн асуудлаар “Чалко трейдинг хонконг” компанитай удаа дараа хэлцэл хийж, худалдааны нөхцөлөө сайжруулсан байна. Ингэснээр 59.33 ам.доллар байсан үнийг 61 ам.доллар болгон өсгөсөн нь ийнхүү ашигтай ажиллах нөхцөл бүрдүүлжээ. Мөн Баруун Цанхийн нүүрсийг нээлттэй сонгон шалгаруулалтаар 69 болон 70 ам.доллараас дээш үнээр тогтоосон нь орлого нэмэгдүүлжээ. Компани 373.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахад эдгээр үнийн өөрчлөлт голлох нөлөө үзүүлсэн байна. Гэрээний нөхцөлд өөрчлөлт орсноор дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний үнэ өсвөл суурь үнэ өснө. Хэрэв үнэ буурвал суурь үнэ 61 ам.доллараас доош буурахгүй байхаар худалдан авагч талтай "Эрдэнэс Тавантолгой" тохиролцжээ. Ийнхүү “Эрдэнэс Тавантолгой”-н санхүүгийн үзүүлэлт сайн гарсан нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж, IPO амжилттай хийхэд нэг алхам ойртлоо. “Эрдэнэс Тавантолгой” компани энэ онд ажилтан, уурхайчдынхаа цалинг 21 хувиар нэмэгдүүлж, шөнийн цагийн нэмэгдлийг тав дахин өсгөжээ.

IPO хийх бэлтгэл ажлын хүрээнд олон улсын аудитын итгэмжлэгдсэн байгууллагаар аудит хийлгэх, санхүүгийн болон хуулийн зөвлөхүүд, хөрөнгийн биржүүдтэй хамтрах ажлыг эхлүүлж байгаагаа энэ өдөр мэдэгдлээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 15 орчим хувийг 2.5 сая иргэн, 486 аж ахуйн нэгж эзэмшдэг. Үлдсэн 85 хувь төрийн мэдэлд байгаа юм. Тус компанийн нүүрсний экспортын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байна. Өнгөрсөн онд 8.5 сая тонн нүүрс экспортолж, Монгол улсын нүүрсний нийт экспортын 25 хувийг дангаар бүрдүүлсэн. Тэгвэл энэ онд 13 сая тонныг экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарахаар зорьж буй “Эрдэнэс Тавантолгой”-н санхүүгийн үзүүлэлт илт сэргэж, цэвэр ашгийн хэмжээ нэмэгдэж байгаа. 2017 онд гэхэд 461 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан тус компани захиргааны зардлаа бууруулж, илүү үр ашигтай ажиллах горимд шилжжээ. Үүний хажуугаар орон нутагтай байгуулсан нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсноо дуулгалаа.

Мөн “Эрдэнэс-Эко уурхай” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна. УИХ-аас “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хувийг бирж дээр гаргах эрхийг Засгийн газарт өгсөн. Хэдий улс төрийн том даваагаа уг компани даван гарч, санхүүгийн үзүүлэлт нь сайжирсан ч коксжих нүүрсний зах зээлээс IPO амжилттай болох эсэх нь шалтгаалах юм. Коксжих нүүрсний үнэ энэ он гарсаар дэлхийн зах зээлд харьцангуй тогтвортой байгаа. Тэгвэл дунд хугацаанд уг таваар одоогийн үнээ жигдхэн хадгалах төлөвтэй байна. Австралийн Нөөц эрчим хүчний байгууллагын тооцоолсноор олборлолт 2018 онд 196 сая тонн болж, нийлүүлэлт өмнөх жилээс бага хэмжээгээр нэмэгдсэн мэдээлэл өгөөд байна. Харин Asia mining сэтгүүлийн шинэ дугаарт “Металлургийн нүүрсний эрэлт, нийлүүлэлт 2019-2020 онд тэнцэхээр байна” хэмээн бичжээ. Тавантолгой ордын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх “Эрдэнэс Тавантолгой”-н IPO тус компанийн засаглалд хүртэл шинэ уур амьсгал бүрдүүлэхээр байна. Тэрчлэн коксжих нүүрсний үнэ богино болон дунд хугацаанд сулрах эрсдэл бага байгаа нь Засгийн газрын санаачилга бодит ажил болоход дөхөм байх нь.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595775
0 эможи

keyboard_arrow_up