Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Вант улсын дарангуйлал ба “Эко алтан Заамар”-ыг буруутгахын учир

2019 оны 2 сарын 14

-Шүүх засаглалын шийдвэрт Заамарынхан эцсийн найдвараа даатгаж байна-

Өмнөх дугаар

...Өгөөмөрийн арын тохойг Заамарын хүүхэд, залуусын цэцэрлэгт хүрээлэн гэж хэлж болно. Зундаа ирж зугаална. Найз нөхөд, ах дүү, хамт олноороо хааяа нэг ганц ямаа “чирч” ирээд л суучихна шүү дээ гээд Хайлааст багийн нэг залуу инээд алдан өгүүлэв. Түүний ярианд хөгжсөн бусад нь гэгээн дурсамжаа эвлүүлэн өрдсөн ч амттай сэдэв удаан үргэлжилсэнгүй.

“Манай Заамарт үүнээс өөр байгалиараа, эрүүл газар үлдсэнгүй дээ. Заамар нутгийнхан “Эко алтан Заамар” компанийг олон жил Туул голыг самрахыг зөвшөөрсөн. Хайр найргүй ухсан, авсан. Харин одоо энэ 200 гаруйхан га талбайг л бидэнд үлдээчих гэж гуйж байна. Бүр болохгүй бол ядаж хуулийн дагуу үйл ажиллагаа явуул гэсэн шаардлага тавьсан” хэмээн малчин Л.Шижирбат хэлээд дуугаа хураалаа. Түүний гомдол, бухимдал тээсэн энэ үг нутгийнхны хөг нэмэн хөөрсөн яриаг оргүй мэт хийсгэв.

ЭЗДИЙН УЛАЙРАЛ

Төв аймгийн Заамар сумын нутагт орших MV-007712 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч “Эко алтан Заамар” ХХК-ийн нэхэмжлэлтэй, БОАЖЯ-нд холбогдох захиргааны хэрэгт Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс үзлэг хийх гэж буй талаарх мэдээллийн дагуу манай сонины баг газар дээр нь очиж сурвалжилга хийсэн талаар өмнөх нийтлэлдээ дурдсан. Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлснээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн үзлэгээр тус компанитай холбоотой ноцтой зөрчил илрүүлсэн байна.

Тодорхой хэлбэл, “Эко алтан Заамар” компанийн MV-007712 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн В-26 блокт үйл ажиллагаа явуулах ямар ч бичиг баримт батлагдаагүй аж. Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ (БОНБҮ), байгаль орчны менежментийн төлөвлөгөө (БОМТ) зэрэг бичиг баримт гэсэн үг. Гэтэл 2018 оны зургадугаар сарын 27-нд хийсэн шалгалтаар “Эко алтан Заамар” ХХК зөвшөөрөлгүйгээр уурхайн ажлыг эхлүүлж, нийт 7.2 га талбайд хөрс хуулсныг тогтоож байв. Мөн нийт 344 мянган шоо метр газар шорооны ажил хийснийг нь агаарын гэрэл зургаар баталгаажуулжээ.

“Эко алтан Заамар” компани ийн дураар авирлаад зогсохгүй мөнөөх В-26 блокт дахиад уулын ажил хийж, талбайн хэмжээгээ тэлсэн нь батлагджээ. Бүр 3-28 метр хүртэл талбайг ухсан нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс зохион байгуулсан үзлэгээр тогтоогдсон гэсэн дүгнэлт гарсан байна. Үнэндээ төрийнхөө хуулийг гишгэчин байж цэн алтны төлөө ингэтлээ улайрах нь эцэстээ асар их хохирол учруулна гэдгийг ухаж ойлгох ухаангүй удирдлага “Эко алтан Заамар” компанийг толгойлж байгаа нь тун харамсалтай.

И.НАРАНТУЯА (Заамар сумын Хайлааст багийн малчин):

-Манайх “Эко алтан Заамар” компанийн лицензтэй талбайд байдаг болохоор хэдэн жил хөөгдлөө. Хэдэн адуу, малыг мотоцикл, машинаар хөөж, тууж айлгана. Давхиж ирээд л “Гэрийг чинь буулгана, дайрна шүү” гэж сүрдүүлнэ. Хоёр, гуравхан жилийн өмнө манайх энд зусдаг байлаа. Малчдад үлдсэн ганц газар нь энэ. Одоо бүр оруулахгүй, малаа хужирлаж, услах ч эрхгүй болсон. Бид үр хүүхдээ энэ малынхаа буянаар сургууль соёл төгсгөж, өдий зэрэгт хүргэлээ. Цаашид ч малаараа амь зууна. Төр, засаг минь биднийгээ харж үзээд, энэ газрыг л уурхайгаас чөлөөлж өгөөч гэж гуймаар байна хэмээн учирлав.

УРХИ

2018 оны зургадугаар сарын 12. Заамар сумын III багийн Засаг дарга А.Ганцэцэгийн гарын үсэгтэй албан бичиг БОАЖЯ-нд хүргэгдэв. Уг бичгийн гол агуулга нь 

“...тус компани Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль зөрчиж, багийн иргэдээр төслийг хэлэлцүүлэлгүй олборлох үйл ажиллагаа явуулж байна. Иймд багийн Иргэдийн нийтийн хурал (ИНХ)-аар хэлэлцээд, лицензийг нь цуцлуулах санал хүргүүллээ”

хэмээжээ. Үндэслэл нь агаар мандал болон усны бохирдол ихэссэн, хүн, амьтан, ургамалд сөргөөр нөлөөлсөн, Баянгол рашаан бохирдож, ширгэхэд нөлөөлсөн гэх мэт. Шийдвэрийг дэмжиж, нийт 420 гаруй иргэн гарын үсгээ зурж, баталгаажуулжээ.

Ш.ЭНХТАЙВАН (“Мөнх ногоон хас” ТББ-ын тэргүүн):

-Нутгийн иргэд 2016 оноос ТББ байгуулж, эрхээ хамгаалснаар тодорхой үр дүнд хүрч байна. Хэрвээ тэмцээгүй бол “Эко алтан Заамар” гэдэг Вант улс Туул голын дагуу энэ хэсэг газрыг өнгөрсөн зуны хэдхэн сард ухаад дуусгах байлаа. Асар хүчтэй техникээр маш богино хугацаанд хөрсийг нь хуулчихаж байна шүү дээ. Гэтэл манайхны зарим нь эхлүүлсэн үйл хэргээсээ ухарч байгаа нь харамсалтай” гэсэн юм.

2018 оны аравдугаар сарын 1. Багийн ИНХ-ын шийдвэр хэдхэн сарын дараа эсрэгээрээ эргэчихээд сууж байна. Учир нь, “Эко алтан Заамар” компанийн зүгээс Хайлааст багт 1.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий хүүхдийн цэцэрлэг барьж өгнө хэмээн амлажээ. Бүр ирэх есдүгээр сарын 1-нд хүлээлгэн өгнө гэчихэж. Зүс сайтай, чамин тансаг цэцэрлэгийн барилгын зургийг ч үзүүлсэн байна. Бас багийн хуралд ирсэн зарим нэг нөхрийн өмнөх балаг, тарьсан хэргийг батлах зураг, дүрс бичлэгийг үзүүлж “дарамтлах”-аа ч мартаагүй гэнэ. Эсэргүүцэн боссон нутгийнхны зарим нь “Эко алтан Заамар”-ын тавьсан “гэрлэн урхи”-нд тийм амархан орчихно гэж хэн бодох билээ. Угтаа дөрөвхөн сарын өмнө эсэргүүцэн боссон 420 гаруй иргэний 100 орчим нь уурхайн олборлолтыг дэмжин гар өргөсөн хэмээн нутгийнхан мэдээлэв.

Эндээс харахад, Монгол орны хаа дуртай газраа хэн нэгэн олборлогч мөнгө амлаад ухаж, хүссэн эрдэнэсээ авдарлаж болох нь гэсэн зураг бууж байна. Хэрвээ ийм хялбар шийдэл байгаа бол Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 18.4 дэх заалтын хэрэг байгаа гэж үү. Цаашлаад уул уурхайн компаниудаас аль түрүүлж сургууль, цэцэрлэг, орон сууц амласанд нь олборлох эрхийг олгодог болчихвол бүр амар юм биш үү.

НАЙДВАР

Ашигт малтмал гэдэг шавхагддаг баялаг. Байгалийн баялаг нэг л өдөр дуусна. Хувь, хувьсгалынхан энэ эрчээрээ олборловол магадгүй арваад жилийн дотор алтны үндсэн болон шороон орд, жонш, үнэт чулууны нөөц шавхагдана хэмээн салбарынхан нь ярьдаг. Чухам тэр үед ашигт малтмалаар цалинжиж, ашигт малтмалаар амьсгалж, ашигт малтмалаар амьдарч, ашигт малтмалаар хүмүүжсэн тэд юу хийж, яаж амьдрах юм бол. Алтны нөөц дуусах үед ирээдүйгээ даатгасан мөнгөн хуримтлал нь хэд байх бол. Хөгжөөгүй, үйлдвэржээгүй, байдгаа барсан нутгийн иргэд хэрхэх вэ. Үнэндээ өнөөдрийг хүртэл энэ салбарын алсын харааг салбарын яам нь тодорхой бодлогоор зангидаагүй л байна.

Д.БАТМӨНХ (Хайлааст багийн малчин):

-Мал, хүнгүй амьдрах газаргүй боллоо. Туул гол бохирдсоноос хүн байтугай мал ус уух аргагүй болж байна. Урьд цагаас монголчууд малынхаа ашиг шимээр амьдарсаар өнөөдрийг хүрсэн. Алтаар амь зууж, газраа сэндийчиж байгаагүй юм. Мал аж ахуйгаа дэмжихийн оронд алтны төлөө ингэтлээ дайраад байгааг ойлгохгүй байна гэв. 

БОАЖЯ өнгөрсөн оны долдугаар сард “Эко алтан Заамар” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтээ албан ёсоор зарласан. Хууль зөрчсөн үйлдэл бүрийг нь баримтжуулсан нотолгоо нь ч бий. Гэвч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд хийгээд Ашигт малтмал, газрын тосны газар ерөнхий чиг үүргийн яамны дүгнэлтийг үл ойшоосон төдийгүй шийдвэр гаргалгүй гацаачихсан. Үүгээр зогсохгүй лицензийг цуцлах дүгнэлтийг буруу хэмээн тус компанийнхан өдгөө шүүхэд зарга мэдүүлчихээд сууж байна. Монгол төр, Монголын хууль “Эко алтан Заамар” компанийн өмнө сөхөрч буйн тод жишээ энэ.

Байгалиараа үлдсэн багахан газраа аврах гэсэн нутгийн иргэд, малчдын чин хүсэл, үнэн үгийг бид хүргэлээ. Тэд “Ерөнхий сайдад хандана. Ард түмнээ сонсож, бидний талд шийдвэр гаргана гэж итгэж байгааг минь дамжуулаарай” хэмээн хүссэн юм.

ӨГӨӨМӨРИЙН ТОХОЙ. Өгөөмөр хэмээх нэрнээс нь үр өгөөжтэй, буян хишигтэй газар гэдгийг төвөггүй ойлгочихож болно. Чухам энэ өгөөжтэй газраа авч үлдэхийг аминчлан гуйсан нутгийнхан монгол төр, шүүх засаглалын шударга шийдвэрт эцсийн найдвараа даатган хоцорлоо.

Үйл явдал ийн өрнөж байна...

Бэлтгэсэн: Ц.Цэвээнхэрлэн

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600214
0 эможи

keyboard_arrow_up