Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

МЭДЭГДЭЛ: ЭТТ андеррайтерын төлбөрийг дээд тал нь санхүүжилтийн 3.17% байхаар тооцож, төсөвтөө суулгасан

2019 оны 2 сарын 25

Эрдэнэс Тавантолгой ХК (ЭТТ)-с ирүүлсэн мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.


ЭТТ-н үйл ажиллагаатай холбоотой ташаа мэдээллийг сүүлийн үед цахим орчинд санаатайгаар түгээж байгаатай холбогдуулан дараах мэдэгдлийг гаргав.

Улсын Их хурал, Засгийн газраас батлагдсан тогтоолын хүрээнд ЭТТ нь олон улсын хөрөнгийн зах зээлд IPO гаргахаар эрчимтэй, шаргуу ажиллаж байна.

УИХ-ын 2018 оны 73 дугаар  тогтоолоор олгогдсон эрхийн дагуу компанийн 30 хүртэлх хувийн хувьцааг олон улсын хөрөнгийн биржээр арилжих бөгөөд үлдсэн 70 хувь нь Монгол Улсын Засгийн газар, ард иргэд, аж ахуйн нэгжүүд эзэмшсэн хэвээр байх юм. 

Өмнөх онуудад ЭТТ-н дийлэнх хувийг гадны хөрөнгө оруулагчдад шууд өгөх гэж байсан шиг үйлдэл одоо хийгдэх гэж байгаа мэтээр олон нийтийг илт төөрөгдүүлэх ташаа мэдээллийг цахим сүлжээнд цацаж байгаад харамсаж байна. Компани IPO гаргах бэлтгэл ажлын төлөвлөгөө, батлагдсан хуваарийн дагуу хөрөнгө оруулагчидтай уулзалт зохион байгуулж, ирүүлсэн саналыг судалж байгаа бөгөөд компанийн хувь хэмжээг бусдад өгөх талаар ямар нэгэн нууц хэлэлцээ хийгдээгүй, гэрээ, гэрээний төсөл байхгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. 

Харин “Эрдэнэс-тавантолгой” ХК үр ашгаа нэмэгдүүлэх хүрээнд:

  • Тавантолгой-Гашуун сухайт, Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам,
  • Тавантолгой-Хангимандал чиглэлийн авто зам,
  • Нүүрс баяжуулах үйлдвэр,
  • Кокс, хими технологийн үйлдвэр,
  • Усан хангамж,
  • Таван толгой цахилгаан станц болон шинээр баригдах хот, суурин, сургууль, цэцэрлэг зэрэг олон бүтээн байгуулалтын төслүүдийг энэ оноос эхлэн үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд санхүүжилтийг өөрийн үйл ажиллагааны ашиг, олон улсын хөрөнгийн биржид IPO гаргаж татан төвлөрүүлэх хөрөнгө, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтрах төслүүдийн санхүүжилт хэлбэрээр тус тус шийдвэрлэхээр ажиллаж байна.

Түүнчлэн, компанийн 2019 оны хөрөнгө оруулалтын төсөвт туссан IPO гаргахтай холбоотойгоор олон улсын жишгийн дагуу зарцуулагддаг зардлыг буруугаар тайлбарласан ташаа мэдээллийг сошиал сүлжээнд түгээсэн байна.

Хөрөнгийн биржид IPO гаргаж буй ямар ч компани андеррайтерын үйлчилгээний төлбөр төлдөг. 

ЭТТ Хонгконгийн хөрөнгийн биржид IPO гаргаж, 1.5-3 тэрбум ам.долларын санхүүжилтийг босгохоор төлөвлөсөн бөгөөд андеррайтерын төлбөрийг дээд тал нь 3.17 хувь байхаар тооцож, төсөвтөө суулгасан.

Төлөвлөсөн дээд хэмжээ буюу 3.0 тэрбум ам.долларын санхүүжилт татаж чадвал андеррайтерын үйлчилгээний төлбөр 95 сая ам доллар буюу 250,610,000 мянган төгрөг, бусад оролцогчид буюу брокерын төлбөр, хууль, техник, санхүүгийн зөвлөх үйлчилгээ, Хонгконгийн санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржийн шимтгэл зэрэгт зарцуулах төлбөр нэмэгдээд нийт 283,359,500 мянган төгрөг байхаар тооцсон болно.  (Жишээ нь; “Энержи Ресурс” ХХК-ийн толгой компани Mongolian Mining Corporation 2010 онд 637.8 сая ам.доллар босгож, үнийн дүнгийн 3.0 хувь буюу 19.13 сая ам.долларыг андеррайтерын үйлчилгээнд, брокерт 1%, бусад хууль,  техник, санхүүгийн зөвлөх үйлчилгээ зэрэгт 0,5%-1,5% гэхчлэн нийт үнийн дүнгийн  5.5 хувьтай тэнцэх  төлбөр төлсөн байна.)

Энэ төлбөр нь ЭТТ-н  төсөв, ашиг, орлогоос төлөгдөхгүй, харин  андеррайтерын үйлчилгээ үзүүлсэн компани хөрөнгийн бирж дээр хувьцааг нь арилжиж босгосон санхүүжилтээсээ суутгаж авдаг олон улсад тогтсон стандарт жишигтэй.  Компанийн төсөвт суулгаж өгдөг нь IPO гаргах хэмжээний санхүүгийн чадамж, баталгаатай төсөл болохыг илтгэхээс гадна, татан төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ, хувиариас хамаарч тухайн төлбөрийг тодорхой хугацаанд үе шаттайгаар төлдөг жишигтэй юм.

Мөн 2019 онд худалдан авахаар тусгагдсан төсвийн зарим зардлыг үндэслэлгүйгээр шүүмжилж байгаа нь олон нийтийг төөрөгдүүлж байна.

Компани 2019 онд шинээр уурхайн оффис, 350 ажилчны хотхон, лаборатори барихаар төлөвлөсөн бөгөөд уул уурхай, геологийн чиглэлээр ашиглагдах өндөр хүчин чадал бүхий комьпютерийн төв, сервер, диспетчерийн төвийн иж бүрэн техник, тавлига, тоног төхөөрөмж зэргийг худалдан авна. Эдгээр худалдан авалт нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу хийгдэх тул төсөвт тооцсоноос багасах, хэмнэгдэх боломжтой юм.

ЭТТ нь олон улсын хөрөнгийн биржид амжилттай гарснаар эдийн засаг, санхүүгийн хувьд илүү бэхжин, үйл ажиллагаа нь олон улсын стандартад нийцэж, иргэдтэйгээ хамт дэлхийн хөрөнгийн зах зээлд хөл тавих төдийгүй компанийн үнэ цэнэ өсч, төрд, хувьцаа эзэмшигч Монгол хүн бүрт өгөх өгөөж нэмэгдэнэ.

Иймд сошиал орчинд зохион байгуулалттайгаар бэлтгэн, тараагдаж буй ташаа мэдээлэлд автахгүй байж, үнэн зөв, бодит мэдээлэл авч  түгээхэд хамтран ажиллахыг  иргэд, хувьцаа эзэмшигч та бүхнээс хүсье!

                                           

 

Эх сурвалж: “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600531
0 эможи

keyboard_arrow_up