Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Өртөг нь үржих болсон ДАЛД УУРХАЙН эргэн тойронд

2019 оны 8 сарын 12

Arslan.mn

2013 оноос эхтэй, Олон улсын валютын сангийн хөтөлбөрт орох хүртэл туйлдуулж, өнөөдөр ч бүрэн илаарьшаагүй байгаа Монголын эдийн засгийн хүндрэлийг далд уурхайн бүтээн байгуулалт таг зогссонтой холбон тайлбарлах нь бий.

Гадаад хөрөнгө оруулалтад жин дарж байсан мега төсөл гацсан учраас тэгж үзэх үндэслэлтэй. Нөгөө талаар Монгол Улсын экспортын орлогын гол бүрэлдэхүүн түүхий эдийн ханш шалдаа буугаад байсан үе давхацсан.

Ингэж валютын гачаал үзсэн эрх баригчид 2015 онд улсын төсвөөсөө ч давсан үнийн дүнтэй далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурж байлаа.

Тухайн үедээ 4.2 тэрбум ам.доллар, 4.7 тэрбум ам.доллар гэж танилцуулагдаж байсан ч угтаа 5.3 тэрбумын өртөгтэй нүсэр бүтээн байгуулалт байсан юм. Өнөөдөр энэ зардал огцом нэмэгдэж 6.5-7.2 тэрбум ам.доллар болох магадлалтай нөхцөл байдал үүсэв.

Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Оюу  толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал өсөж, үйл ажиллагаагаа эхлүүлэх хугацаа хойшилсон нь цэвэр менежментийн багийн алдаа” хэмээн байр сууриа өнгөрсөн долоо хоногт илэрхийлэв.

Тэрбээр “Рио тинто” компанийн менежментийн баг хариуцлагагүй байна гэж бодож байна. Найман жилийн хугацаанд ажлаа амжуулна гэсэн. Гэвч менежментийн зардал нэмэгдсэн, техникийн нөхцөл байдал хүндэрсэн гэх мэт шалтаг, шалтгаан тоочоод байгаа.

Техникийн болон уурхайн нөхцөл байдал, технологийн хувьд горим алдсан гээд шалтаг ярьж байгаа ч асуудлаа маш хариуцлагатай гаргаж тавих ёстой.

“Рио тинто” компанийн зүгээс гаргасан 1.9 тэрбум ам.долларын санхүүжилт хэрэгтэй гэдэг мессеж нь өөрөө Оюу толгой төсөлд итгэсэн хөрөнгө оруулагчдын нэр хүндийг, өөрсдийн компанийн нэр хүндийг бас унагааж байгаа бодлогогүй зүйл гэж харж байна. Тэгэхээр хариуцлага хэнд очих вэ. Үүнд Монголын талд бол буруу гэх зүйл байхгүй. Менежмент хийж буй эзэнтэй хариуцлага ярих ёстой.

Одоо бид ширээний ард сууж ярилцах ёстой” гэсэн. Ийнхүү хоёр тал дахиад л урт хугацаанд ширээний ард сууж, гэрээндээ багагүй үнийн дүнтэй тодотгол хийх нь тодорхой болов.

Ямартай ч Монголын уул уурхайн салбарын асуудлыг зангидаж буй сайд иймэрхүү мэдээллээр хангагдсан байгаа аж.

Тэгвэл Оюу толгой компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Далд уурхайн үйлдвэрлэл эрхлэх хугацаа есөн сараар хойшилж болзошгүйг өнгөрсөн оны аравдугаар сард анх удаагаа Монголын талд мэдэгдсэн. Энэ оны дөрөвдүгээр сард босоо амны ажил хойшилж байгааг мөн мэдэгдсэн” гэдгээ онцлов.

Тус компанийн албан ёсны мэдээлэлд дурдсанаар 2020 оны долоодугаар сард далд уурхайн бүтээн байгуулалтыг цаашид хэрхэн явуулах хувилбар эцсийн байдлаар гарах аж. Энэ нь ирэх жилийн парламентын сонгуулийг дуусах хүртэл гэсэнтэй утга дүйж байж ч мэднэ.

Одоо байгаа урьдчилсан мэдээллээр гүний уурхайг үргэлжлүүлэхэд хөрс чулуулгийн байдал тохиромжгүй гэдэг нь тогтоогдсон. Магадгүй хүний амь эрсдэх, асар их хөрөнгийн алдагдал үүсэж болзошгүй нь геотехникийн нарийвчилсан дата мэдээллээс илэрхий байгаа тул төслийг амжилттай дуусгахын тулд уурхайн зураг төслийн хэд хэдэн хувилбарыг эргэн авч үзэх хэрэгтэй болжээ.

Улмаар газрын гүн дэх тээвэрлэлтийн зам, хүдэр тээвэрлэх систем зэрэг далд уурхайн дэд бүтцэд нэн чухал байгууламжуудыг өөр газар барих, эсвэл бүр барихаа болих шаардлага үүсэх магадлалтай гэнэ.

Үүнээс сэргийлэн гаргаад буй зураг төслийн аль хувилбарыг сонгохоос шалтгаалаад гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэл 2022 оны тавдугаар сараас 2023 оны зургаадугаар сарын хооронд эхлэхээр байгаа нь 2016 оны ТЭЗҮ-д заасан хугацаанаас 16-30 сараар хойшилно гэсэн үг.

Ингэснээр төслийн зардал 6.5-7.2 тэрбум ам.доллар байх урьдчилсан тооцоо гарч байгаа нь өмнөх дүн 5.3 тэрбум ам.доллараас 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдсэн дүн болж байна.

Далд уурхайн бүтээн байгуулалтын явц геологийн тогтцын хүндрэлээс үүдэн хойшлох нь өнгөрсөн оны аравдугаар сард хийсэн “Туркойз хилл ресурс”-ийн мэдэгдлээс угтаа тодорхой болоод байсан юм. Тухайн үед далд уурхайн олборлолт өмнө нь тооцоолж байсан 2021 оны нэгдүгээр улиралд бус, 2021 оны гуравдугаар улиралд байхаар хойшилсон тухай мэдээлж байсан билээ.

Гэхдээ далд уурхайн хөрөнгө оруулалтын зардал болох 5.3 тэрбум ам.долларын хэмжээ нэмэгдэх шаардлагагүй гэж тайлбарлаж байв. Үүнээс хэдэн сарын дараа буюу энэ оны хоёрдугаар сард “Туркойз хилл ресурс”-ийн толгой компани болох “Рио тинто” далд уурхайн ашиглалтад орох хугацааг 2021 оны гуравдугаар улирлаас ч хойшлох магадлалтай болсныг мэдэгдэж байсан юм.

Харин өнгөрсөн долоо хоногт “Оюу толгой”-н удирдлагуудын мэдээллээр далд уурхайн төсөл ашиглалтад орох хугацаа хойшилж, өртөг нэмэгдэхээр болсон нь улам бүр баталгаажив.

Анх 2013 онд Монголын Засгийн газар хөрөнгө оруулагч талтай далд уурхайн санхүүжилтийн хэмжээг тохиролцож чадаагүйн улмаас гацаанд орсон байдаг. Ийнхүү удаан хэлэлцсэний эцэст 2015 онд олон улсын банк санхүүгийн байгууллагаас дээрх санхүүжилтийг босгож төсөл хөдөлсөн түүхтэй.

Бүр тодруулбал, 2015 оны тавдугаар сарын 18-нд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу толгой”-ын гүйцэтгэх захирал Д.Ганболд нар хөрөнгө оруулагч талтай Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг.

Хөрөнгө оруулагч талаас “Туркойс хиллс ресурсес лимитед”, “Ти Эйч Ар Оюу толгой Лтд”, “Оюу толгой Нидерланд БиВи”, “Рио Тинто Интэрнэшнл Холдингс Лимитед” компанийн эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурсан.

Гэрээг баталгаажуулах бэлтгэл ажил болгон олон улсын банк, санхүүгийн 20 орчим байгууллагатай ойролцоогоор зургаан тэрбум ам.долларын хэлцэл хийсэн гэдгийг талууд тодотгодог.

Улмаар Монгол Улс дахь хөрөнгө оруулалт жил бүр нэг тэрбум орчим ам.доллароор тэлж эхэлсэн. Хэрэв эдийн засгийн болоод улс төрийн эмзэг байсан тэр үед Дубайн гэрээ батлагдаагүй байсан бол өдгөө гүний уурхайн бүтээн байгуулалтад оролцож буй 17 мянга гаруй ажилтан гэртээ сууж, 1,000 гаруй үндэсний ханган нийлүүлэгч компани сул зогсолт хийх нөхцөл үүсэхээр байсан гэж бас үзэж болно.

Тэр өдрөөс эхлэн Оюу толгой ордын нийт баялгийн 80 хувь агуулагдаж буй гүний уурхай бүтээн байгуулалт эрчимжиж, “Монгол Улс бизнестээ эргэн ирлээ” хэмээн Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөний автор Ч.Сайханбилэг хэвлэл мэдээллээр зарлаж байлаа.

Тэр үед Монголын талын ноогдол ашиг хүртэх хугацаа хойшилсон талаар гол дуулиан дэгдсэн ч гэрээлсэн ёсоор бүтээн байгуулалт үргэлжилж ирсэн юм. Энэ хугацаанд УИХ дээр Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах Ажлын хэсэг байгуулагдсан.

Ажлын хэсэг ч дүгнэлтээ гаргаж, одоо УИХ-аар хэлэлцэж байгаа. Дээр нь далд уурхайн менежментийг хариуцаж буй “Рио тинто” группийн зүгээс далд уурхайн хөрөнгө оруулалтыг дахин нэмэгдүүлэх талаар мэдэгдсэн асуудлыг хурцатгах шинжтэй болж ирлээ.

Учир нь төслийн зардал нэмэгдэж, бүтээн байгуулалтын хугацаа уртсах нь Монголын талын 34 хувьд ногдох зээлийн хэмжээг нэмэгдүүлж, тэр хэрээр ногдол ашиг авах хугацаа хойшлуулах эрсдэл үүсгэнэ.

Өнгөрсөн долоо хоногт хийсэн Оюу толгойн удирдлагуудын зүгээс хийсэн мэдэгдэл дотор улс төрийн өнгө аястай үг өгүүлбэр ч бий. Тэдний зүгээс УИХ ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэн асуудлыг нэг талд нь гарган, ойлгомжгүй байдлыг арилгах хэрэгтэй гэдгийг онцолсон байна.

Харин УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсгийнхэн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнд засаж сайжруулах зүйл нэлээд бий гэдгийг онцолж байгаа. Ийнхүү Оюу толгойн уурхайн бүтээн байгуулалт хэрэгжих явцад Валютын сан тэргүүтэй доноруудын нөлөө болон дэлхийн зах зээл дээрх нүүрсний ханшийн нөлөөгөөр Монголын эдийн засаг унаснаасаа хурдан сэргэсэн.

Энэ сэргэлтийг олон тэрбум ам.долларын өртөгтэй далд уурхайд хэрэгжилт тэтгэсэн гэж болно. Ганцхан тоо баримт дурдахад, Оюу толгойн ил уурхай нь монгол компаниудаас 279 сая ам.долларын худалдан авалт хийсэн бол далд уурхай бүтээн байгуулалтын явцад дотоодоос 1.2 тэрбум ам.долларын худалдан авалт хийжээ.

Тиймээс Монголын Засгийн газар, хөрөнгө оруулагч талтай хамтран одоогийн хүндрэлийг яаралтай шийдвэрлэх сорилт тулгараад буй бөгөөд багагүй хугацаагаар хойшлоод буй хоёрдугаар босоо амны ажлыг энэ оны аравдугаар сард дуусгах төлөвтэй байгаа аж.

Түүнчлэн босоо гурав болон дөрөвдүгээр амны хүндрэлгүй урагшилж байгааг мэдээлсэн. Далд уурхайг ашиглалтад оруулж үйлдвэрлэл оргил үедээ хүрэхэд Оюу толгойгоос жилдээ 550 мянган тонн зэс олборлож, дэлхийн гурав дахь том зэсийн уурхай болох юм.

Тэр үед Монголын эдийн засагт дорвитой өөрчлөлт гарч, ДНБ-ий одоогийн хэмжээ багаар бодоход хоёр дахин өснө гэсэн эдийн засагчдын тооцоо ч гарсан. Нөгөө талдаа ийм өсөлтийг дэмжих далд уурхайг дагасан хөрөнгө оруулагчдын хүлээлт ч бий болоод байв.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
606668
1 эможи

keyboard_arrow_up