Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Алтанбулаг дахь хууль бус олборлолт

2019 оны 10 сарын 01

Arslan.mn

Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх уул уурхайн зарим компанийн ашиглалт болон хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалж, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан баг Орхоны хөндийд нисдэг тэрэг хөлөглөн очиж шийдвэрийг танилцуулж, газар дээр нь үйл ажиллагааг зогсоож, техник хэрэгслийг нь  хурааж сүрийг үзүүлсэн билээ. Угтаа  Архангай аймгийн Орхон голын сав газрыг манайд уул уурхайн үйл ажиллагаа эхлэхтэй зэрэгцэж “Алтан Дорнод Монгол” компани аль хэдийн олборлолт хийж, авдгаа аваад нөхөн сэргээлтээ хийгээгүй. Сүүлд нь тусгай зөвшөөрлөө “БМНС” компанид шилжүүлж хаяж явсан газар. Эдний  сүйтгэж орхисон их хэмжээний талбай буюу үлдсэн овоолго дээр нь жижиг компаниуд сүүлийн хэдэн жил дураараа дургиж Орхон голын амийг тасартал, байгаль орчны эко систем алдагдтал, ард олныг нь уух усгүй, мал бэлчээрлэх нутаггүй болтол алтыг нь ухсаны дараа төр ниргэсэн хойно нь хашгирав гэгч болсон. Тэгвэл Төв аймгийн Алтанбулаг сум болон нийслэлийн Хан-Уул дүүрэгт Туул болон Бөхөг голын сав газрын энгийн хамгаалалттай бүсэд хайрга дайрга олборлож, хөнгөн цагаан, төмөр хайлшны үйлдвэрүүд хот дотор  хүчээ аван ажиллаж, байгаль орчны эко систем алдагдах нөхцөл байдал үүсээд  байгааг Засгийн газар хийгээд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын сонорт хүргэе.

Төв аймгийн Алтанбулаг сум нь Хан-Уул дүүргийн XIII хороо Туул тосгонтой хаяа залган оршдог. Энд сүүлийн 10 гаруй жил компаниуд хайрга дайрганы олборлолт явуулсаар ирсэн. Оршин суугчдын ая тухтай амар тайван ажиллаж, амьдрах нөхцөл алдагдсаар байгааг манай сонин хөндөн бичиж байсан. Өнөөдөр Алтанбулаг суманд хайгуулын болон ашиглалтын 40 гаруй лиценз хүчин төгөлдөр байна. Эдгээрээс ашиглалт явуулж буй 11 компани бий. Найман тусгай зөвшөөрлийн ард малчдын өвөлжөө, хаваржааны газартай талбай нь давхцаж тавыг нь цуцлуулсан хэдий ч тэд нууцаар шөнийн цагаар ажиллаж байна гэсэн мэдээллийн мөрөөр  бид өнгөрсөн сарын 9-нд газар дээрээс нь сурвалжилсан юм.

Алтанбулаг суманд уул уурхайгаас болж 247 га газар эвдэрч түүний 10 хүрэхгүй хувьд нь нөхөн сэргээлт хийсэн аж. Түүнчлэн эко хохирлын үнэлгээ хийлгэхэд нэг га талбай таван сая төгрөгийн үнэтэй. Хууль зөрчиж үйл ажиллагаа явуулдаг 3-4 компани байдаг бол найман компанид  хууль бус зөвшөөрөл олгосон. Эдгээрийн зургаан компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулсан тухай байгаль орчны байцаагч н.Батдэлгэр ярьж байв. Сумын ИТХ-ын дарга Н.Батмөнх “Орон нутгаас санаачлага гаргаж хууль бус тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулахаар олон удаа оролдож, заримыг нь цуцлуулсан боловч компаниуд төрийн шийдвэрийг үл тоон ажилласаар байдаг.  

Нөгөөтэйгүүр сумын ИТХ-аас шийдвэрээ гаргаад  отрын болон бэлчээрийн талбай учраас уул уурхайн үйл ажиллагаа явуулахгүй байхаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөө баталж, орон нутгийн тусгай хэрэгцээнд авъя гээд байхад л “хуульд заасан үндэслэл нь хангагдахгүй байна” гэдэг нэрийдлээр АМГТГ, Кадастр нь бүртгэж авахгүй, тусгай хэрэгцээнд авалгүй иргэдийн эрхийг бүдүүлгээр зөрчдөг. Түүнчлэн тусгай хэрэгцээнд авах шаардлага байсаар байтал бидэнд мэдэгдэхгүй нэг мэдэхэд тэр газарт зөвшөөрөл олгосон байдаг” гэж ярьсан юм. Зөвшөөрөл нь цуцлагдчихаад байхад  хулгайгаар ажиллаад байгаа хот доторх уурхайнуудаа хааж, техник хэрэгслийг нь хураах ажлаа хийх хэрэгтэйг салбарын сайдад нь дуулгамаар байна.

Зөвшөөрөл нь цуцлагдсан ч хулгайгаар ажилласаар…

Биднийг сурвалжлага хийх үеэр хил залгаа Хан-Уул дүүргийн XIII хороо, Төв аймгийн Алтанбулаг сум хамтарч уул уурхайгаас үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулахаар тохиролцож сургалт хийсэн юм. Уул, уурхайн болон бусад салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудтай нийгмийн хариуцлагын гэрээг Засаг даргын орлогч нар хариуцаж хийдэг. Бид тус сумын Засаг даргын орлогч Д.Баярмагнайтай уулзахаар өрөөнд нь ороход нэг эмэгтэй гэрээгээ хийхээр сууж байгаатай тааралдсан юм. Ямар гэрээ хийж байгааг сонирхоход чацарганы модны суулгац тарих зөвшөөрөл хүссэн. Үүний дагуу гэрээгээ хийж байна гэв. Түүнээс зарим зүйлийг тодруулсан юм. Тэрээр “Манай суманд үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнууд шөнийн цагаар ажилладаггүй. Өдрийн цагаар хуулийн дагуу ажилладаг. Нөхөн сэргээлтийг сайн хийдэг. Зарим нь эзэнгүй талбайд өөрсдийн санаачлагаар хийдэг” хэмээн ярьсан юм. Энэ нь байгаль орчны байцаагчийн ярианаас зөрж байв. Тус суманд бид өдрийн цагаар очиж ажилласан. Гэвч өдрөөр нэг ч карьер ажиллаж байгаа харагдаагүй. Зөвшөөрөл нь  цуцлагдсан компаниуд хулгайгаар ажиллаад байгаа тухай мэдээлэл бидэнд ирсэн. Энэ тухай Алтанбулаг сумын Засаг дарга Д.Батсууриас тодруулахад “Манай компаниуд өдрөөр ажиллахаар тоос их гардаг. Түүнээс гадна иргэд ирж асуудал үүсгэдэг” гэсэн хариултыг өгсөн. Гэтэл орой нар жаргахтай зэргэцээд 19:00 цагийн үед  нам жим байсан тосгонд  хөл хөдөлгөөн ихсэж  хайрга дайрга ачсан “ховонууд” гэрлээ гялалзуулан тоос татуулан давхилдаж эхэлсэн юм.

Бид “Бөхөг” голын  ай савыг уруудан  нөхөн сэргээлт хийлгүй хаясан, цуцлагдсан нэртэй ч хулгайгаар ажиллаж байгаа гэх хэд хэдэн компанийн олборлолт явуулж байгаа талбайд  очсон юм. Гэтэл дөнгөж сая ажиллаж байгаад шалгалт ирснийг дуулаад хаяад нуугдсан бололтой. Манаач хэмээн өөрийгөө танилцуулсан хүнээс өөр хүн ойр хавьд нь харагдахгүй хэрнээ техникүүдийнх нь шинэ мөр тод харагдаж байлаа. Манайх  ажиллахгүй олон хонож байна гэсэн ч хүмүүсийн угаасан хувцас, санд мэнд орхисон болов уу гэмээр байдалтай шигшүүр, ховоо энд тэнд замбараагүй харагдаж байв. Зарим нь хэвлэлийнхэн ирсэн  сургаар  ажиллаж байсан карьер уурхай руу ордог хэсэг дээрээ шороо асгаж замаа хаасантай тааралдсан юм.

Харин цааш уруудан тус сумын харъяалалтай гэх ч үйл ажиллагааг нь зогсоосон  төмрийн, хөнгөн цагааны үйлдвэрүүд дээр очиход үйл ажиллагаа нь зогссон хэвээр байв. Харин  нэг шинэ үйлдвэр баригдаад байгаа тухай бидэнд газарчилж байсан иргэд хэлсний дагуу тус газар очиход  Засаг даргын орлогчийн өрөөнд чацарганы  модны суулгац тарихаар гэрээ хийж байсан эмэгтэйтэй тааралдсан юм. Тус үйлдвэрийн захирал нь гэж өөрийгөө танилцуулсан залуу нөгөө эмэгтэйг энэ манай эхнэр гэв. Манайх “Тунамал рашаан” гэдэг компани. Төмрийн хайлш цутгах үйлдвэрийн зөвшөөрөлтэй гэлээ. Энэ үед модны суулгац тарьж ургуулах нэрээр төмрийн хайлшны үйлдвэрийн зөвшөөрөл авсан байж болох хардлага төрсөн юм. Дараа нь тус компанийг burtgel.mn сайтаас хайсан боловч “Тунамал рашаан” ХХК гэдэг нэрээр биш “Ноён Хан Цэцээ” ХХК гэсэн компани төмрийн хайлшны зөвшөөрөл авсан байх магадлалтай байв.

Өмнөх үйлдвэрүүдийг  голын ай сав дотор хууль зөрчиж байгуулагдсан үндэслэлээр үйл ажиллагааг нь зогсоогоод байхад нэмж шинээр олгосон нь сумын удирдлагууд эрх мэдлээ урвуулан ашиглаж  хууль зөрчиж  буйг гэрчилж байлаа. Нөгөөтэйгүүр орон нутаг шийдвэр гаргасаар атал түүнийг үл тоон ажиллаж байгаагийн цаана хэн эцсийн ашгийг хүртээд орон нутгийг хохироогоод байгаа вэ гэдгийг ил тод болгох шаардлага тулгарч байна. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж уул уурхайг хариуцлагатай болгох алхмуудыг хийж байгаа аж. Тухайлбал, байгаль орчинд хортой нөлөө үзүүлж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд зааснаа хэрэгжүүлэхгүй,нөхөн сэргээлтээ хийхгүй бол орон нутаг санал гаргах эрхтэй. Түүний дагуу БОАЖЯ дүгнэлт гаргаж,  АМГТГ тусгай зөвшөөрлүүдийг цуцлахаар болсон. Тиймээс орон нутагт хууль бусаар ажиллаж байгаа энэ мэт аж ахуйн нэгжүүдийг  ажлын хэсэгт мэдээллийг нь өгөөд тусгай зөвшөөрлүүдийг нь цуцлуулах боломж байгааг иргэний нийгмийнхэн болон иргэд, сумын удирддлагуудад зөвлөж байв.

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608682
0 эможи

Зочин
2019-10-01 12:25
keyboard_arrow_up