МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ УУЛ УУРХАЙ ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ АЖИЛЛАЛАА
Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2020.10.20/ Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны харъяа Үндэсний геологийн алба, Ашигт малтмал газрын тосны газар болон Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яаманд ажиллалаа.
Үндэсний геологийн албаны үйл ажиллагаатай танилцав.
Тус албаны дарга О. Чулуун Үндэсний геологийн албаны үйл ажиллагааны талаар болон Монгол орны геологи, эрдэс баялгийн суурь болон сэдэвчилсэн судалгааны ажлын үр дүнгийн талаар Монгол улсын ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхэд танилцуулав. Танилцуулгад Геологийн судалгааны төв ТӨҮГ, Геологийн төв лаборатори ТӨҮГ-ын төлөөллүүд байлцав. Ерөнхий сайд болон түүнийг дагалдан яваа албаны хүмүүс Үндэсний геологийн албаны Гео-мэдээлэлийн төв, Геологийн баримтын төв архивын үйл ажиллагаатай тус тус танилцлаа.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 12 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 230 дугаар тогтоолуудаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Үндэсний геологийн алба”-ыг шинээр үүсгэн байгуулсан.
Энэхүү албаны эрхэм зорилго нь Геологийн шинжлэх ухаанд үндэслэсэн мэдээлэлд тулгуурлан геологийн салбарт явуулж буй төрийн бодлогыг хэрэгжүүлэх замаар үндэсний тогтвортой хөгжлийг хангахад чиглэх бөгөөдМонгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээндгеологийн зураглал, судалгаа, шинжилгээ хийх, ашигт малтмалын тархалтын зүй тогтол, минерагений судалгаа хийж, эрдэс баялгийн хэтийн төлөвийн үнэлгээ өгөх, Үндэсний геологи, эрдэс баялгийн мэдээллийн сан бүрдүүлэх, түүнийг баяжуулах, нууцын зэрэглэлд хамааруулснаас бусад мэдээллээр сонирхсон этгээдэд үйлчилгээ үзүүлэх, ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэл хөтлөх, нөөцийн хөдөлгөөнийг бүртгэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг.
Монгол улсын ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний геологийн алба байгуулагдсан нь чухал ач холбогдолтойг цохон тэмдэглээд уг албаны чиг үүрэгт хамрах үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтын хувьд нэгдмэл, оновчтой болгох тал дээр анхаарч бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Ашигт малтмал газрын тосны газрын үйл ажиллагаатай танилцлаа:
2016-2020 онд тус газрын хийсэн онцлох ажлын талаар орлогч дарга Ц.Эрдэнэбаяр танилцууллаа. Дээрх хугацаанд АМГТГ 1.1 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн бөгөөд газрын тосны экспортын орлого 848.9 тэрбум төгрөг буюу нийт орлогын 76.2 хувийг эзэлж байна. Сүүлийн 10 жил тогтмол өсч байсан газрын тосны бүтээгдэхүүний жижиглэгийн үнийг 2019 оноос хойш таван удаа арга хэмжээ авч литр тутамд нь 380-570 төгрөгөөр бууруулсан, цахим мэдээллийн сан бүрдүүлсэн, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар ил тод, нээлттэй олгож эхэлсэн зэргийг дурдлаа. 2020 оны 10 дугаар сарын 19-ний байдлаар ашигт малтмалын 2645 тусгай зөвшөөрөл бүртгэгдсэн байна. 2016-2020 онд холбогдох хууль тогтоомжийг зөрчин үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжийн 935 тусгай зөвшөөрлийг цуцлан нийт 185,651.58 гектар талбайг төрийн мэдэлд буцаан авчээ. Хуулийн дагуу олгосон, хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй талбайд хайгуул, ашиглалт явуулах гэхэд орон нутгийн удирдлага, иргэд, олон нийтийн байгууллага хууль бус шаардлага тавьж саад учруулах нь түгээмэл болсон байна. Мөн газрын тосны нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг тухайн аймгийн Орон нутгийн хөгжлийн санд шууд шилжүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын нөхөн төлбөрийн зохицуулалтыг нарийвчлах шаардлагатай байгаа тухай Ашигт малтмал, газрын тосны газрын удирдлага хэлэв.
Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны удирдлагууд албан хаагчидтай уулзлаа.
Ашигт малтмал газрын тосны газрын үйл ажиллагаатай танилцсаны дараа Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яаманд зохиогдсон Хүнд үйлдвэрийн салбарын үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнтэй танилцаж яамны албан хаагчидтай уулзлаа.
Уулзалтын эхэнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:
Засгийн газрын кабинет бүрэлдээд маш хурдан хугацаанд 7 сарын 20 гэхэд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах их ажилд бүх яамдууд ажилдаа орсон. Яам салбар бүгдээрээ засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулаад 8 сарын 17-оос 28-ны хооронд Улсын Их хурлын ээлжит бус чуулганаар Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2024 оны хөтөлбөрөө бид батлуулсан. Ингээд бидний 4 жилийн газрын зураг хийх ажлын хөтөлбөр тодорхой болсон байгаа. Монгол улсын ерөнхий сайд миний мэдэхээр анх удаа салбар яамдынхаа үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мөн яам, салбар нэгжийн тулгамдсан асуудлын талаар үүрэг даалгавар өгч ажиллаж байгаа. Өнөөдөр Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам, шинэхэн байгуулагдсан Үндэсний геологийн алба, мөн Ашигт малтмал газрын тосны газрын үйл ажиллагаатай танилцаж байгаад таатай байгаагаа илэрхийллээ.
Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх:
Монгол улсын ерөнхий сайд салбар яамдын үйл ажиллагаатай биечлэн танилцаж 2020-2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан болон холбогдох бусад асуудлуудаар яамдуудтай уулзаж санал бодлыг чинь сонсож байр сууриа бас илэрхийлж байнаа. Өнөөдөр би Ашигт малтмал газрын тосны газар, Үндэсний геологийн алба үйл ажиллагаатай танилцаж бас Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны албан хаагч та бүхэнтэй уулзаж байна. Уул уурхай хүнд үйлдвэрийн яам бол манай улсын хувьд хамгийн чухал яам. Нийт экспортын 94 хувь бол та бүхний ажил төрөлтэй шууд холбоотой. Монгол Улсын Их хурал 2020 оны 24-р тогтоолоор Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг баталсан. Энэ мөрийн хөтөлбөрт Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны хийх ажлууд тусгалаа олсон байгаа.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хувьд геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэр гэсэн эдийн засаг, нийгэмд чухал ач холбогдолтой салбарын ажлыг зохицуулж, хөгжлийн бодлогыг тодорхойлдог. Эдгээр салбарын онцлог нь усан хангамж, авто болон төмөр зам, цахилгаан хангамж зэрэг дэд бүтцээс шууд хамааралтай учир салбар хоорондын уялдаа холбоо чухал гэдгийг сануулаад бусад яамд салбар хоорондын уялдаа холбоог зохион байгуулж ажилласнаар танай яамны ажил урагштай сайн явахыг хэллээ.Мөн уул уурхайн бүтээгдэхүүнээ ихэнхдээ олборлосон чигээр нь гаргаж, түүхий эдийг бэлтгэгч орон байсан бол одоо гүн боловсруулалт хийж, нэмүү өртөг шингээн, ажлын байр бий болгож, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, хүний амь нас эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх нь уул уурхайн бизнес эрхлэгчдийн үндсэн үүрэг гэдгийг Монгол улсын ерөнхий сайд хэллээ.