Нийлүүлэлтийн тодорхойгүй байдлаас үүдэн газрын тосны үнэ өсөв
Оросын цэргүүд Украинд дайны гэмт хэрэг үйлдсэн тухай мэдээлэл гарсантай холбоотойгоор барууны орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг нэмэгдүүлэхээр ярилцаж эхэлсэн нь Ираны цөмийн хэлэлцээр зогсонги байдалд орсон энэ үед нийлүүлэлт тасалдах эрсдлийг улам нэмэгдүүлж, өнөө өглөө газрын тосны үнэ өсөхөд хүргэв.
Брент төрлийн газрын тосны үнэ 1.58 ам.доллар буюу 1.5%-иар өсч, баррель нь 109.11 ам.доллар, WTI төрлийн газрын тосны үнэ 1.61 ам.доллар буюу 1.6%-иар өсч, баррель нь 104.89 ам.долларт хүрлээ. Мөн Японы Аж үйлдвэрийн сайд Koichi Hagiuda, Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) стратегийн газрын тосны нөөцөөс 2 дахь удаагаа газрын тос гаргах төлөвлөгөөг боловсруулж байгаа гэж мэдэгдсэний дараа газрын тосны үнэ богино хугацаанд баррель нь 2 ам.доллараар өссөн байна.
Wood Mackenzie даваа гарагт ЕХ-ны гишүүн орнууд болон Япон, Өмнөд Солонгос зэрэг хөгжингүй орнууд өдөрт 650,000 баррель Оросын газрын тосыг ижил хэмжээтэй "своп" хийж магадгүй гэж мэдээллэв. Тус компанийн зөвлөх Алекс Сун Оросын Урал газрын тосны үнэ огцом хямдарсан нь худалдан авах боломжийг бий болгосныг дурдаад хөгжингүй орнууд болон хөгжиж буй орнуудын хооронд "своп" хийснээр дэлхийн газрын тосны худалдаа тэнцвэржиж, Хятад улс буурч байгаа стратегийн нөөцөө нөхөх боломжтойг онцлов.
Тэрээр "Бид Европын холбоо болон Япон, Өмнөд Солонгос зэрэг хөгжингүй орнуудад өдөрт 650,000 баррель Оросын газрын тос /400,000 баррель Урал тос, ESPO 170,000 баррель, Зүүн Оросын тос 80,000 баррель/-ыг Ойрхи Дорнод буюу Хятад, Энэтхэгээс худалдан авсан ижил хэмжээтэй тосоор "солилцож" чадна гэж тооцоолж байна" гэж хэлсэн. Энэтхэгийн төрийн мэдлийн Mangalore Refinery and Petrochemicals Ltd компани 1 сая баррель Оросын Урал газрын тосыг 5 дугаар сард ачигдахаар худалдаж авсан нь ОХУ багагүй хэмжээний үнийн хөнгөлөлт үзүүлсэнтэй холбоотой юм.
Эх сурвалж: Ройтерс агентлаг