ДЭМБ-ЫН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД “БАГАНУУР” ХК-Д ЗОЧЛОВ
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ Номхон далайн баруун бүсийн захирал Такеши Касай, Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Др.Сергей тэргүүтэй төлөөлөгчид “Багануур” ХК-д зочлов. Уулзалтын үеэр тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал уурхайчдад эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээ үзүүлдэг цехийн эмнэлгийн үйл ажиллагаа болон “Эрүүл уурхайчин” хөтөлбөрийн талаар танилцуулсан.
Номхон далайн баруун бүсийн захирал Такеши Касай “Багануур ХК-ийн хэрэгжүүлж буй хөтөлбөр, дасгал хөдөлгөөн, спортыг дэмжиж буй үйл явцтай танилцлаа. Монгол улс бол Номхон далайн баруун бүсийн гишүүн орон юм. Гишүүн орнуудынхаа эрүүл мэндийн салбарыг яаж хөгжүүлэх вэ, ирээдүйд чиглэсэн ямар шинэлэг санаа байж болох вэ зэрэг асуудлыг ДЭМБ-аас байнга судалдаг. Бүсийнхээ эрүүл мэндийн алсын харааг тодорхойлж, төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг маань Монгол улс аль хэдийнээ ажил хэрэг болгоод хэрэгжүүлээд эхэлсэн нь тун гайхалтай. Танай компани ажилтнуудынхаа эрүүл мэндэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаад баяртай байна” гэсэн юм. Мөн тэрээр “Хүн эрүүл, урт наслахын тулд өөрөө л эрүүл мэндээ боддог, анхаардаг байх хэрэгтэй. Тиймээс ажилтнуудынхаа эрүүл зөв хандлагыг төлөвшүүлэх, хайртай хүмүүс, гэр бүлийнхээ төлөө хариуцлага хүлээж хувь хүн эрүүл байхыг хичээдэг нийгэм бүрдүүлэхэд анхаарах нь зүйтэй” гэж зөвлөсөн юм.