“ОНТРЭ РЕСУРС” КОМПАНИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ УУЛЗАВ
“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн төлөөлөл “Онтрэ Ресурс” компанийн удирдлагуудтай уулзлаа. Уулзалтын үеэр “Оюу Толгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдсан “Онтрэ Ресурс” компанийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлаар ярилцсан. Оюу Толгой төслийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, Монгол Улсын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх, ашиг хүртэх хугацааг наашлуулах зорилгоор Монгол Улсын Их хурлын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Оюу Толгой ордын ашиглалтад Mонгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоол, Монгол Улсын Их хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн "Оюу Толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” 103 дугаар тогтоол тус тус батлагдан гарсан.
Монгол Улсын Их хурлын дээрх тогтоолуудын хэрэгжилтийг хангах, Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувийн хувьцааны үр өгөөжийг сайжруулах чиглэлд “Эрдэнэс Оюу Толгой” ХХК компани шаардлагатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ажилладаг юм. “Эрдэнэс Оюу Толгой” ХХК нь Оюу Толгой төслийг хэрэгжүүлэгч “Оюу Толгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд төслийн үйл ажиллагаатай холбоотой “Онтрэ Ресурс” компанийн тусгай зөвшөөрлийн асуудлаар Монгол Улсын Компанийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, төслийн холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичигт тусгагдсан шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж, Монгол Улсын эрх ашгийг хангуулж, хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх, чиглэлээр ажиллаж байна.