“ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ“ ХХК-ийн ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Н.ЦЭРЭНБАТ “ЭЛ ТЕНЬЕНТЭ” УУРХАЙД АЖИЛЛАЛАА
“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат өнгөрсөн сарын 31-ний өдөр /2022.03.31/ дэлхийд томоохонд тооцогдох Чили улсын төрийн өмчит “Коделко” компанийн “Эл Теньентэ” далд уурхайн үйл ажиллагаатай танилцан, зэс хайлуулах үйлдвэр, далд уурхайн төлөвлөлт, үйл ажиллагааны хяналтын талаар туршлага солилцов.
Энэ үеэр “Коделко” компанийн Түншлэлийн стратеги хариуцсан захирал Кристиан Скийл, Хамтарсан, охин компаниудын асуудал хариуцсан захирал Родриго Баррера, Чили улсын Уул уурхайн консулын гүйцэтгэх захирал Карлос Урэнда болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж төрийн өмчит компанийн хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, уул уурхайн мэргэжлийн зөвлөх үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцсан. Чили улс нь дэлхийн зэсийн нийт үйлдвэрлэлийн 28 хувийг дангаараа бүрдүүлж сүүлийн 30 жил зэсийн үйлдвэрлэлээр олон улсад тэргүүлж байна. Чилийн “Эскондида”, “Коллахауса”, “Эль Тэньентэ” гурав нь дэлхийн тэргүүлэгч 6 уурхайн тоонд багтдаг бөгөөд тэдгээр томоохон уурхайн нэг болох “Эл Теньентэ” нь 1819 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн 200 жилийн арвин түүхтэй орд юм.