“Эрдэнэс тавантолгой” ХК биржээр, хил нөхцөлөөр арилжаалсан анхны нүүрсийг АМЖИЛТТАЙ хүргэж өглөө
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсан. Энэхүү журмыг хэрэгжүүлэх хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын хөрөнгийн биржтэй хамтран анхны цахим арилжааг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн зохион байгуулж нийтдээ 3 удаагийн цахим арилжаагаар 160 мянган тонн нүүрсийг амжилттай худалдаалсан.
“Эрдэнэс Тавантолгой” ХК цахим арилжаагаар худалдаалсан нүүрсний анхны тээвэрлэлтийг эхлүүлж өнөөдөр Монгол Улсын хилийн цаана буюу БНХАУ-ын Ганц мод боомтод амжилттай хүргэлээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК тээвэрлэлт гүйцэтгэх аж ахуй нэгжийн сонгон шалгаруулалтыг Төрийн худалдан авах ажиллагааны газартай хамтран хүний оролцоогүйгээр цахим үнийн санал авах аргаар зохион байгуулж, шалгарсан тээврийн компаниудтай тээвэрлэлтийн гэрээ байгуулан өнөөдөр анхны тээвэрлэлтийг ийнхүү эхлүүлж байна.
Ингэснээр тус компани үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш анх удаа хил нөхцөлөөр худалдаалсан нүүрсийг монгол тээвэрчид БНХАУ-ын хил дээр хүргэж өгч буйгаараа түүхийн нэгэн шинэ хуудас нээлээ.
Өмнө нь уурайн ам нөхцөлөөр борлуулж байх үед уурхайгаас нүүрс гарсан л бол худалдан авагчийн мэдэлд очдог. Өөрөөр хэлбэл худалдан авагч уурхайгаас нүүрсээ худалдан авч өөрсдөө тээвэрлэн экспортолдог байсан. Энэ үед тээврийн хөлс БНХАУ-ын талд үлддэг байсан бол хил нөхцөлөөр борлуулж, Эрдэнэс Тавантолгой ХК тээврээ хариуцдаг болсноор Монгол тээвэрчид нүүрс тээвэрлэж, тухайн тээврийн ашиг Монгол Улсад үлдэх том боломжийг нээж өгч буйгаараа онцлогтой юм.
Цаашид “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсээ Хөрөнгөний биржээр дамжуулан цахим арилжаагаар нүүрсээ борлуулж, ерөнхий гэрээгээр сонгон шалгаруулсан тээврийн аж ахуйн нэгжээр тээвэрлүүлэн, нүүрсний үнийг нэмэгдүүлж, тээврийн зардлыг бууруулан компанийн ашгийн түвшинг нэмэгдүүлэн ажиллахаар зорьж буйн эхлэл амжилттай тавигдлаа.
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс