“Петрочайна Дачин Тамсаг“-ийн дансыг хааж, шалгалт үргэлжилж байна “Петрочайна Дачин Тамсаг“-ийн дансыг хааж, шалгалт үргэлжилж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“Петрочайна Дачин Тамсаг“-ийн дансыг хааж, шалгалт үргэлжилж байна

2023 оны 4 сарын 05

Arslan.mn

БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петрочайна Дачин Тамсаг” ХХК 2005 оноос Дорнод аймгийн Халх гол, Матад сумын 19, 21-р талбайд газрын тосны үйл ажиллагаа явуулж буй. Өдгөө тус компанид хийж буй татварын хяналт шалгалт үргэлжилж байгаа талаар Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал өнөөдөр эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзахдаа ярилаа.

“Петрочайна Дачин Тамсаг” компанийн 2018 оны татварын тайланд 2022 он дуусахаас өмнө яаралтай хяналт шалгалт хийж, 87 тэрум төгрөгийн зөрчил илрүүлж, акт тавьсан байна. Гэвч хуулийн хугацаандаа татвараа төлөөгүй учраас Татварын ерөнхий газраас дараагийн арга хэмжээгээ авч, татвар төлөгчид нь мэдэгдэж, дансыг нь хаан, нэхэмжлэх хүргүүлсэн байна.

Одоогийн байдлаар тус компанийн 2019, 2020, 2021 оны татварын тайланд хяналт шалгалт хийж байгаа аж.

УИХ-аас 1991 онд баталсан Газрын тосны тухай хуулийн дагуу 1993 онд АНУ-ын “Снайдер ойл” корпораци газрын тосны хайгуулын Буйр XXII талбайд, “Медаллион ойл” компани Тосон-Уул XIX талбайд, 1995 онд Снайдер ойл корпорац Тамсаг-XXI талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээг тус тус байгуулсан байна.

Дээрх хоёр талбайд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээг Хятадын үндэсний газрын тосны корпорацийн харъяа төрийн өмчит “Дачин ойл фийлд лимитед” компани 2005 оны дөрөвдүгээр сарын 1-нд “Соко Интернэйшнл плс” компанитай “Хувьцаа худалдах, худалдан авах тухай” гэрээ байгуулснаар 1993 онд байгуулсан Тосон-Уул XIX, 1995 онд байгуулсан Тамсаг XXI талбайн Бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх, үүргийг шилжүүлсэн авсан аж.

Хууль эрх зүйн бичиг баримт шинэчлэгдэж, анх байгуулж байсан Бүтээгдэхүүн хуваах тухай гэрээнүүд Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудтай зөрчилдөх болсон байна. Тухайлбал, Нийгмийн даатгалын тухай хууль 1994 онд, Татварын багц хууль 2012 онд шинэчлэгдсэн нь анх хөрөнгө оруулалт татах зорилготой байгуулж байсан анхны бүтээгдэхүүн хуваах гэрээг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэж буй юм.

Татварын болон нийгмийн даатгалын улсын байцаагч нар 2018 онд хууль тогтоомжийн хүрээнд акт, торгууль тавьсан ч “Петрочайна Дачин Тамсаг” ХХК уг актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2019 онд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна. Улмаар Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд, хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

Засгийн газар газрын тосны ашиглалтын “Тосон-Уул-XIX”, “Тамсаг-XXI” талбайнуудад байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх үүргийг шилжүүлэн авсан “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай бүтээгдэхүүн хуваах гэрээг дүгнэх, гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэх асуудлыг шийдвэрлэх Ажлын багийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулан байгуулсан.

Д.Амарбаясгалан өнгөрсөн сард "Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой УУХҮЯ дээр гарсан ажлын хэсгээс тодорхой хэмжээнд гэрээнд тусгагдах ёстой зарим төрлийн татвар төлөлттэй холбоотой заалтууд орхигджээ гэсэн дүгнэлт урьдчилсан байдлаар гарсан. БНХАУ-ын Элчин сайдын яамнаас “УУХҮ-ийн сайд, Сангийн сайд нар "Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ийн дансыг хаах шийдвэр гаргасан байна. Энэ нь хэвийн үйл ажиллагаа явуулахад нөлөөлж байна" гэсэн бичиг ирүүлсэн. Асуудал яриа хэлэлцээрийн түвшинд явж байна" гэж мэдээлсэн билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645910
0 эможи

keyboard_arrow_up