Түүхэн амжилт үзүүлсэн эрдэнэтийн УУРХАЙЧИД Түүхэн амжилт үзүүлсэн эрдэнэтийн УУРХАЙЧИД
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Түүхэн амжилт үзүүлсэн эрдэнэтийн УУРХАЙЧИД

2023 оны 4 сарын 18

Arslan.mn

Дамдинрагчаагийн ДАРАМБАЗАР

Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн плей-оффын финалд Эрдэнэт Майнерс баг Тэнүүн Өлзий Металлтай учраа таарсан. Тоглолтын цувралд Эрдэнэт Майнерс 4:0-ээр тэргүүлэн анхны түүхэн аваргууд боллоо. Түүхэн аваргууд гэдгийг тайлбарлавал, тэд плей-оффд нэг ч хожигдолгүйгээр тэмцээнийг дуусгаж шинэ амжилтын эзэд болсон явдал юм. Мөн улирлын тоглолтод өрсөлдөгч багуудаа тэргүүлсэн нь энэ үгийг бататгана. Үүнээс гадна тэд үүсгэн байгуулагдсан жилдээ буюу өнгөрсөн улирлын тоглолтод финалын шатанд шалгарсан түүхтэй. Тэд богино хугацаанд том амжилтыг үзүүлсэн анхны баг болж алтан цомон дээр нэрсээ мөнхрүүлэв. Үүний учир энэ жилийн дээд лигийн тэмцээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болсон гэдгээрээ онцлог байв. Мөн энэ жилийн дээд лиг илүү өндөр шагналтай хэмээн мэдэгдэж, шинээр байгуулагдсан UG arena-д хөгжөөн дэмжигчдийн нүргээн дунд 24 кг жинтэй 150 см өндөртэй цомон дээр 2022-2023 оны аварга гэж бичүүлэхээр боллоо. 

Тэд гол өрсөлдөгчөө плей-оффоос амархан мултлав

Тэдний гол өрсөлдөгч бол дээд лигийн зургаан удаагийн аварга болох Хасын хүлэгүүд багийнхан. Эрдэнэтийн Уурхайчид өнгөрсөн жил финалын тоглолтод Хасын хүлэгүүд багт 4:0 харьцаагаар ялагдан мөнгөн медаль хүртэж байсан. Гэвч энэ жил илүү эрч хүчтэйгээр эргэн ирж плей-оффын хоёрдугаар шатанд хариугаа авлаа. Цувралын тоглолтод Хасын хүлэгүүдэд хожих боломж нэг ч удаа олгоогүй. Оноог ойртуулах үед Пендарвис Виллуамс, Т.Санчир, Г.Ган-Эрдэнэ нар хувийн довтолгоогоор оноог салгаж, хожих боломж олгоогүй юм. Мөн өмнө нь хүчний байрлал дээр тоглодог байсан Золжаргал гурвын зайнаас нэг ч алдаагүй нь Хасын хүлэгүүдийг амархан буулган авахад нөлөөлсөн гэдгийг статистик үзүүлэлтээс харж болно.

Т.Санчир зургаа дахь удаагаа аваргын цом өргөлөө

Монголын сагсан бөмбөгт 1995 оноос хойш гадаадын мэргэжлийн лигт тоглосон анхны тамирчин гэвэл Т.Санчирыг нэрлэнэ. Түүний хувьд 2015 оны дөрөвдүгээр сарын 1-нд Филлипиний сагсан бөмбөгийн Barangay Ginebra San Miguel багт тоглосон түүхтэй. Санчирын хувьд Монголын үндэсний шигшээ багт 2009 оноос багтаж, 2014 оны Азийн наадамд 16.6 оноо, 5.6 самбараас бөмбөг авалт дундажлан, оноо авалтаар багаа тэргүүлсэн юм. Тэрбээр сагсан бөмбөгийн замналдаа үндэсний дээд лигийн улирлын үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг таван удаа хүртсэн ч маш даруулгатай тоглож байв. Өмнө нь тэр хүссэн үедээ талбай дээр гарч ирээд дуртай оноогоо авдаг байсан бол энэ жил тэгсэнгүй. Түүнийг даруулгатай тоглох ёстой гэдгийг ч ахлах дасгалжуулагч Грек эрхэм Фрагиас Василиус мэдрүүлэх шиг сэлгээнд суулгасан. Хэрэгтэй үед талбай руу гаргах ёстой байсан ч түүнийг дуудаагүй. Гэхдээ тэр хэрхэн хүнд нөхцөлөөс оноо авч чаддаг гэдгийг тоглолт бүрт харуулсан юм. Тэрбээр энэ жилийн дээд лигийн аваргын цомыг өргөж ээждээ зориулахын төлөө тасралтгүй бэлтгэл сургуулилтаа хийсэн гэдгээ тэмцээний дараа илэрхийлсэн.  

Ах дүүсийг тогтоож дийлсэнгүй

Энэ жилийн сагсан бөмбөгийн дээд лиг олон ах дүүс нарын төлөөлөлтэйгээр явагдав. Эдгээр дундаас холбогчийн байрлалын үүрэг даалгаврыг хамгаалж, сайн гүйцэтгэж байсан нь Г.Ган-Эрдэнэ, Г.Болор-Эрдэнэ гэх ах дүү хоёр юм. Ах нь тоглолтын гараанд гарсан бол дүү нь ахыгаа суутал хүлээж байгаад талбайд гарна. Дүү нь гараанд гарсан бол ах нь дараа нь тоглоно. Эрдэнэт майнерс баг энэ хоёр холбогчийг л тоглолтод байлгахад хангалттай мэт тоглож оноог эсрэг багаас илүү авч чадна. Мөн талбайн хаана бөмбөг байна, тэнд тэр хоёр л залж байдгаараа бусдаас давуу байсан юм. Энэ хоёрын хувьд ур чадвар нэгэн тэгш. Гэхдээ ах нь олон улсын зэрэглэлтэй тэмцээнд 3х3 төрлөөр оролцсон туршлагатай ч дүү нь түүнээс тоглолт бүрт илүү гэдгээ талбай дээр харуулж байв. Гэхдээ дүү Г.Болор-Эрдэнийн хувьд 17 насаа л өнгөрөөж яваа тамирчин юм. Тэрбээр аварга авсныхаа дараа “Эрдэнэт майнерсийн тамирчид ах бид хоёрт үйлдлээрээ үргэлж үлгэрлэж, урам зориг, хичээх хүч өгдөг. Ахын дүү “Өөрөө шид, зоригтой бай” гэж хэлэх үед талбай дээр өөртөө итгэх итгэл илүү нэмэгддэг” гэж хэлсэн юм.

Пендарвис Виллуамс Майнерсийн гол хүч нь байлаа

Тоглолт бүрт эсрэг багуудыг нэг ч удаа 80 онооноос дээш гаргаагүй нь түүхэн амжилт. Ах дүүсээс гадна сагсан бөмбөгийн 3х3 төрлийн тамирчин О.Энхбаатар, легионир тамирчид болох Пендарвис Виллуамс, Кендарриус Хамилтон нар багтаа нэгтгэсэн. Тэд ч өөрсдийн чадах бүхнийг гүйцэтгэж шилдгүүд гэдгээ 10-аас дээш оноо авч байснаараа илтгэж байлаа. Гэхдээ эдгээр тоглогчдоос плей-оффын MVP-г онцлох нь зүйтэй юм. Италид замналынхаа ихэнхи хугацааг өнгөрүүлсэн тэрбээр Пендарвис Виллуамс гэх залуу лигийн бүх легионоруудаас илүү байж чадлаа. Илүү байснаараа ч аварга нь боллоо. Тэр энэ багт ирсэн цагаасаа хамгаалалт, довтолгооны гол хүч нь болсон юм. Тэрээр тоглолтын чухал үед хэрэгтэй оноог авч багаа сэргээж байсан. Пендарвис Виллуамс бусад багийн легионируудаас илүү оноог лигт тоглож байхдаа аваагүй ч хэрхэн тогловол хождог гэдгийг ойлгуулав. Үүнийхээ тусаар тэр улирлын шилдэг легионер тамирчнаар тодроод зогсохгүй финалын үнэ цэнтэй тамирчин болсон юм.

Тэнүүн Өлзий Металийг аваргууд л зогсоов

Харин Тэнүүн Өлзий Металл баг амжилтаа ахиулж, лигийн дэд аварга боллоо. Тэднийг энэ хүртэл явна гэж таамаглаж байсан хүн фэнүүдээс нь өөр байгаагүй. Улиралд ч чимээгүй, онцгойрохгүй явсаар плей-оффд шалгарсан. Эхний шатанд Дайчидыг, хоёрдугаар шатанд хүчирхэг бүрэлдэхүүнтэй Завханыг буулган авсанаар л энэ амжилтыг үзүүллээ гэж спортын анализ хийдэг тайлбарлагчид ярих болсон. Металлын дасгалжуулагчийн баг, удирдлага, тамирчид төсөөлснөөс илүү амжилтыг үзүүлж, гайхалтай ч тоглолоо.

Кристофер Блэйк гэх гадаад легионир тоглогчийг авсан нь зөв сонголт байв. Кристофер Блэйк ч талбай дээр гарсан минут бүртээ ашигтай тоглож, энэ амжилтыг үзүүлэх гол түлхэц болсон. Гэхдээ аваргын төлөө туршлага, ялагчийн сэтгэл зүй, зориг дутах шиг болов. Аваргуудын эсрэг ганц байтугай хожил байгуулах боломж байсан ч өөрсдийнх нь жижиг алдаанууд шийтгэчихлээ. Гэхдээ тэд ирэх жил энэ алдаагаа давтахгүй байх нь дамжиггүй биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646213
0 эможи

keyboard_arrow_up