“Эрдэнэс Таван толгой“ ХК-ийн ТУЗ-ийн хараат бус дөрвөн гишүүнийг сонгов
ЭТТ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болж, ногдол ашиг хуваарилах эсэх асуудлыг хэлэлцэв
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өчигдөр /2023.04.28/ Соёлын төв өргөөнд нээлттэй боллоо. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг компанийн албан ёсны цахим хуудсаар шууд дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ил тод нээлттэй зохион байгууллаа. Хуралд тус компанийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч, саналын эрх бүхий төлөөлөгч болон компанийн удирдлагууд оролцов.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт, ногдол ашиг хуваарилах эсэх асуудал мөн компанийн дүрэмд оруулах өөрчлөлт, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
ЭТТ ХК-ийн ТУЗ-ийн хараат бус 4 гишүүнээр, “Мобиком” болон “Скайтел” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Болор, Улаанбаатар хотын Худалдааны танхимын гүйцэтгэх захирал, эдийн засагч Б.Хаш-Эрдэнэ болон санхүүч Б.Бат-Эрдэнэ, олон улсын болон нийтийн эрх зүйч Х.Баасанхүү нарыг сонгоод байна.