Барилга байгууламжийн бүхий л мэдээллийг гар утсаараа авах боломжтой
Нийслэлийн авто зам, барилга байгууламжийн мэдээллийг гар утаснаасаа авах боломжтой “UB construction” аппликейшн ажиллаж эхэлжээ. Энэхүү аппликейшнийг “Баяжуулсан хиймэл дүрслэл” технологийг ашиглан Мобиком компани бүтээсэн бөгөөд объектын байршил, чиглэл, хүрэх алслалыг тодорхойлох
боломжтой төдийгүй хэзээ ч, хаанаас ч Улаанбаатар хотод баригдаж буй барилга байгууламж, орон сууц, зам засварын ажил, түүний тусгай зөвшөөрөл хууль ёсны эсэх мэдээллийг иргэд авах боломж олгож байгаа юм. Өөрөөр хэлбэл нийслэлийн иргэд Улаанбаатар хотод баригдаж байгаа барилга, орон сууцны зургыг гар утсаараа авч, улмаар дээрх аппликейшний тусламжтай бүхий л мэдээллийг нь авч болно гэсэн үг. Үүний үр дүнд иргэд хууль ёсны зөвшөөрлөө гүйцэт аваагүй барилга байгууламжийг худалдаж авах, захиалга өгөх эрсдлийг хааж байгаа юм. Цаашлаад Улаанбаатар хотод үүссэн эмх замбараагүй барилгажилтын асуудал ч цэгцрэх боломжтой аж.
Уг аппликэйшний тусламжтайгаар барилга, замын мэдээллийн байршлыг харах, дэлгэрэнгүй мэдээлэл харах, гомдол, санал хүсэлт илгээх, зам засварын талаар мэдээлэл авах боломжтой юм байна. Өнөөдрийн байдлаар тус аппликейшнд 600 гаруй байршил дахь мэдээлэл багтжээ.