Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хөрш захиалга бол хотод амьдрах стандартыг захиалж байгаа хэрэг

2014 оны 4 сарын 07

Хаваржаанд хамт буух айл, ямар айлтай саахалт байхаа ярилцаж, хэлэлцдэг уламжлал монголчуудад бий. Энэ уламжлал одоо ч хөдөөд байсаар байна. Аль болох ахан дүүс, аав ээжийнхтэйгээ эсвэл ажил төрөлтэй айлтай хаяа залгана. Зуны дэлгэр цаг, өвлийн урд өдрүүдийг хамтдаа туулахад саахалт айлын ач тус их. Үр хүүхдүүд нь ижилсэн өсч, эхнэрүүд нь сааль сүүндээ хамт гарна.

 

Харин хот суурин газрынханд ингэх боломж бага л даа. Худалдаж авсан байшин, байрандаа нүүгээд орчихно. Хөршүүд нь хэдийнэ эндээ суурьшчихсан улс. Ааш зан нь ямар байх нь хамаагүй. Хаалгаа хаагаад л боллоо. Ингээд хөршилж амьдарна. Олон жил хөрш байсан айлууд хэн хэнийхээ занг гадарладаг болчихдог. Зарим айлууд сүрхий хөршилж, хөдөө гадаанаас ирсэн идээ будааны дээжээсээ хуваалцаж, хонь гаргавал шинэ шөлнөөсөө хувь хүртээнэ.

Гэтэл хоорондоо таарамж муутай хөршүүд орж гарахдаа таарвал мэндлэхгүй, цахилгаан шатанд ч юм дуугардаггүй. Хөршийнхөн нь гэртээ түжигнэж, хүүхдүүд нь гүйлдэн, хөгжим чанга дуугаргавал паараа нүдэж дүргүйцлээ илэрхийлнэ. Шинэ байрт айлуудыг дээрээс зохицуулаад хуваариалаад оруулчихдаг байсан учир хөршөө сонгоно гэх ойлголт бараг байсангүй.

Харин одооны айлууд шинэ байрт орохдоо ямар айлтай хөршлөхөө захиалдаг болчихож. Байрны урьдчилгаагаа өгөхдөө "Хөдөөний малчин айлтай хөршлөхгүй шүү. Орцны хаалгыг хааж байгаа нь хүртэл түвэгтэй. Чанга шидлээд хэцүү байдаг юм. Тохь тухтай, боловсон айлтай хамт байлгаж үзээрэй" гэж захих аж. Бас "Гадаадад амьдарч байсан айл байвал зүгээр байдаг юм. Лефтины товчлуурыг дарж байгаа нь өөриймсөг" хэмээн хөршөө захиалах.

Барилгын компаниудад ийм захиалга их ирдэг гэнэ. Тийм болохоор хөршийн зэрэглэл гэх шинэ нэр томъёо гаргаад "Та ямар зэрэглэлийн айлуудтай хөрш амьдрах вэ" гэж асууж байна. "Захын нэг малчин мал, ноолуураа зараад л нэг өрөө байр авчихдаг болчихсон. Тийм болохоор хөдөөнөөс ирсэн хүмүүстэй хөршлөхгүй шүү. Тэд хотод усанд орох гэж ирдэг" гэж хэлсэн нь содон сонсогдож байлаа.  Малчин айлтай хөршлөхгүй шүү хэмээсэн тэр хүнийг буруутгах аргагүй юм. Тэр хүн тав тухтай орчин, амгалан байдлыг л эрхэмлэсэн хэрэг. Өглөө, үдэш амрах цагаар орцны төмөр хаалгыг доргитол шидэлж, цонхны доогуур өнгөрөхдөө хээр гадаа явж байгаа мэт утсаар чанга ярих хүмүүс байж л байдаг. Бас хөдөө ширгэн дээр гудсаа гөвж байгаа мэт болкон дээрээ шороотой хивсээ тохчихоод балбаж өгдөг дүр зураг хааяа нэг харагддаг.

Хөрш захиалах болсон нь хэн нэгнийг хот, хөдөөгөөр нь ялгах гэсэндээ биш боловсон соёлтой байлгах гэсэн захиалга гэж ойлгож болох юм. Ямар айлтай айлсахаа бодолцдог хуучны уламжлал сэргэж байна уу даа гэж харж ч болох талтай. Цаашид хөрш захиалга, хөршийн зэрэглэл гэх энэ томъёолол хүчтэй гарч ирвэл хот хөдөөнийх гэлтгүй бүгдэд маань хаалга зөөлхөн хааж сурах шаардлага гарах нь. Хэрэв тэгэхгүй бол шинэ байрт орвол хаалгаа савдаг айлуудтай нэг орцонд амьдарна гэсэн үг.

Эсвэл шинэ байр худалдаж авах гэж байгаа айлуудыг хөдөө гадаагаар нь ялгахгүйгээр бүгдэд нь "Орон сууцанд амьдрах оршин суугчдын гарын авлага" өгч, зөвлөгөө, санамж өгдөг болох хэрэгтэй юм. Хүн хэлэхээс нааш ойлгодоггүй, цаас чичихээс нааш цоордоггүй гэдэг. Түүнээс биш малчин хүн хотод, орон сууцанд амьдарч болохгүй гэсэн ойлголт байж болохгүй. Гэхдээ нөгөө талаар хөдөөнийхөн маань хотод орж ирэхдээ хотын соёл гээчийг мартах болохгүй. Зах зухаас нь мэддэг байх нь энэ нийгмийн нэг эд эс гэдгээ ойлгох үндэс болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1143
0 эможи
keyboard_arrow_up