Хаан банк 110 сурагчид тэтгэлэг олгоно
ХААН банк нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх хүрээнд сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлэгч, орлого багатай өрхийн ЕБС-ийн төгсөх ангийн 110 сурагчид тэтгэлэг олгохоор боллоо. Улаанбаатар хотын бүх дүүрэг болон аймаг, сумдаас тэдгээр тооны сурагчдыг шалгаруулан 2014-2015 оны хичээлийн жилд их дээд сургуулийн нэгдүгээр курст суралцах сургалтын төлбөрийн тодорхой хувийг тэтгэлэг хэлбэрээр олгох гэнэ.
Тэтгэлэг хүсэгчид энэ онд Ерөнхий боловсролын сургуулиа дүүргэх 11-р ангийн сурагч байх, сурлагын голч дүн нь “B” буюу 80 хувь, түүнээс дээш байх, ахлах ангидаа улс, аймаг, хот, дүүргийн олимпиад болон уралдаан тэмцээнд амжилт гаргасан байх үзүүлэлтийг хангасан байх шаардлагатай. Тэтгэлэг хүсэгчдийн материалыг энэ сарын 7–25 -ны өдрүүдэд Улаанбаатар хотод бол Сөүлийн гудамж, Төв ХААН банк, хөдөө орон нутагт бол тус банкны салбар, тооцооны төвүүдээр хүлээн авна. Сонгон шалгаруулалтыг сум, дүүрэг, аймаг болон улсын түвшинд томилогдсон ХААН банкны ажилтнууд, төр захиргаа, боловсролын байгууллага болон иргэдийн төлөөллөөс бүрдсэн комисс сонгон шалгаруулалтыг орон даяар үе шаттайгаар явуулах юм. Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан сурагчийн нэрсийг ирэх сарын 26-аас зургадугаар сарын 6-ны хооронд www.khanbank.com вэбсайт болон өдөр тутмын сонин хэвлэлээр мэдээлнэ.
Тус банкны нэрэмжит сургалтын тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн үеэс нийт 1000 гаруй шилдэг оюутанд хагас тэрбум төгрөгийн сургалтын тэтгэлэг олгожээ.