Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлийн ногоон бүсэд байгалийн аясаар унасан моднуудыг цэвэрлэнэ

2014 оны 4 сарын 21

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 04 сарын 17-ны өдөр болж, “2014 онд ойгоос бэлтгэх модны хэмжээ батлах тухай” асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа.

 

Түймэр, хөнөөлт шавжид нэрвэгдэж цаашид ургах чадваргүй болж хатсан болон унанги модыг цэвэрлэж ойн байгалийн аясаараа нөхөн сэргэх нөхцөлийг хангаж, ойн эрүүл ахуйн орчныг сайжруулдаг ойн аж ахуйн арга хэмжээний нэг бол цэвэрлэгээний огтлолт юм. Ойд байгаа хатаж хуурайшсан, унанги моддыг цэвэрлэснээр ойг түймэр болон хортон шавжид өртөх аюулаас сэргийлэх бөгөөд ойн хэвийн өсөлт хөгжлийг хангах, ойн ариун цэврийн байдал дээшлэх ач холбогдолтой.
Энэ цэвэрлэгээг жилд нэг удаа хийдэг. Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2014 оны 01-р сарын 04-ны өдрийн А-06 дугаар тушаал гаргаж, “2014 онд ойгоос бэлтгүүлэх модны дээд хязгаар батлах тухай” шийдвэрт Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн ойгоос бэлтгүүлэх модны дээд хэмжээг цэвэрлэгээний огтлолоор 760м3 ногоон бүсэд оршин суугч айл өрхөд түлшний зориулалтаар цэвэрлэгээ хийх хэлбэрээр унанги, гишүү мөчир олгох хэмжээг 5000м3 байхаар тогтоожээ.

Нийслэлийн ногоон бүсийн ойн санд байгалийн аясаар, түймэр хөнөөлт шавжийн нөлөөгөөр хатаж хуурайшсан, салхинд булгарч иш нь хугарсан мод бүхий цэвэрлэгээ хийх шаардлагатай 3359 га талбайд 25260м3 хатсан, 3528 га талбайд 65320м3 унанги модны нөөц байгааг тогтоосон. Эдгээрээс “Нийслэлийн ойн менежментийн төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Өвөр гүнт, Майхан толгойн ам, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Ар гүнтийн амны ойн сангийн нойтон цас, хүчтэй салхины нөлөөнд их хэмжээгээр нэрвэгдэж  гол ишээрээ хугарч  унасан, хатсан моддыг цэвэрлэн ойн ариун цэврийг дээшлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх саналыг гаргасан юм.
Ойн цэвэрлэгээний огтлолоор 480м3  хэрэглээний мод, 280м3 түлээний мод, ногоон бүсэд оршин суугч айл өрхөд түлшний  зориулалтаар цэвэрлэгээ хийх замаар унанги, гишүү мөчир 5000м3 бэлтгүүлэхээр төлөвлөөд байна. Эдгээрээс нийслэлд 33 сая 244 мянган төгрөг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх боломжтой гэж албаныхан тооцжээ.

Харин ойн цэвэрлэгээ хийх аж ахуйн нэгжүүдийг сонгохдоо холбогдох хууль, журмыг баримтлан ойн арчилгаа, цэвэрлэгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  мэргэжлийн байгууллагын эрхтэй, хүн хүч, техникийн хүчин чадал зэргийг харгалзан үзнэ. Мөн тухайн аж ахуйн нэгжүүдийг цэвэрлэгээ хийсэн талбайгаа эргэн нөхөн сэргээлгэхэд онцгой анхаарч ажиллана гэдгийг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ онцоллоо.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд ойн цэвэрлэгээг холбогдох хууль, журамд нийцүүлэн дээрх саналын дагуу нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр дэмжлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1735
0 эможи
keyboard_arrow_up