Нийслэлийн онцгой комиссын даргын тушаалаар авто тээврийн шалган бүртгэх товчоодын хяналтыг чангарууллаа
Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга сумын нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан нийслэлийн Онцгой комиссын дарга Э.Бат-Үүл, Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай А/01 дүгээр тушаал гаргалаа. Тушаалд “Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга сумын нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан нийслэлд шүлхий өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлж Автотехникийн шалган бүртгэх товчоо, мал, түүний гаралтай түүхий эд борлуулдаг хүнс, түүхий эдийн захуудад тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа мал бүхий өрхийн малд мал эмнэлгийн үзлэг тандалт явуулах , мал, түүний гаралтай түүхий эд борлуулдаг хүнс, түүхий эдийн захуудад ариутгал халдваргүйжүүлэлт хийх, лабораторийн шинжилгээ хийж хяналт тавьж ажиллах”-ыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо. Мөн Багануур дүүргийн нутаг дэвсгэрт 24 цагаар хяналт шалгалтын цэг, баталгаат бус замууд дээр хяналтын хөдөлгөөнт эргүүл зохион байгуулж ажиллуулахыг Багануур дүүргийн Засаг даргад даалгасан байна.
Өнөөдрийн байдлаар өвчины голомтод байгаа 15 айлын 130 гаруй малыг устгалд оруулж хөл хорио тогтоосноос гадна Асгат, Эрдэнэцагаан, Халзан, Баяндэлгэр сумдад тандалт судалгаа болон вакцинжуулалт хийжээ. Шүлхийн голомтот нутагт ойролцоогоор 5000 гаруй зээр, мөн тооны эзэнгүй мал байгаа гэсэн мэдээлэл байна.
Цагаан зээрийн шилжих хөдөлгөөн их байдаг учраас энэ өвчин тархах аюул өндөр байгааг нийслэлийн Мал эмнэлэгийн газраас сэрэмжлүүлж байгаа юм. Түүнчлэн энэ өвчин сум дамжин Дорноговь, Дундговь аймаг руу орох магадлал өндөр байгаа юм байна. Тиймээс олныг хамарсан цуглаан зохион байгуулахгүй байх, Онгон, Наран, Дарьганга сумдын сурагчдын амралтыг сунгах, өвчлөмтгий малыг шуурхай вакцинжуулах зэрэг арга хэмжээг авч эхэлжээ. Мөн нийслэлийн Онцгой комиссын даргын тушаалаар Улаанбаатар хот руу орох авто тээврийн шалган бүртгэх товчоодын хяналтыг чангаруулж, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид өвчний тархалтаас сэргийлэх зорилгоор товчоод дээр 24 цагаар байрлан, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.