Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатар хот эрүүл мэнд, боловсролын салбарт Банкок хоттой хамтарч ажиллана

2014 оны 4 сарын 30
Тайландын Вант улсын Банкок хотын Иргэдийн хурлын урилгаар НИТХ-ын дарга Д.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид энэ өдрүүдэд Банкок хотод албан ёсны айлчлал хийж байна.

2014 оны хувьд Монгол Улс Тайландын Вант улстай дипломат харилцаа тогтоосны 40 жил, Банкок хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурал НИТХ-тай хамтын ажиллагаагаа эхлүүлсний 15 жилийн ой болон Улаанбаатар хот байгуулагдсаны 375 жилийн түүхэн ойн өдрүүд тохиож байгаагаараа онцлог жил юм. Айлчлалын эхний өдөр Банкок хотын Засаг даргын орлогч болон Иргэдийн хурлын дарга Пипат Лаппратана нар манай улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хоёр орны хамтын ажиллагааг цаашид хэрхэн өргөжүүлэх талаар санал бодлоо солилцон, авч хэрэгжүүлэх ажлынхаа талаар ярилцлаа. Мөн уулзалтын үеэр Банкок хотын Иргэдийн хурлын дарга Пипат Лаппратана НИТХ-ын дарга Д.Баттулга нар Хүүхэд солилцооны хөтөлбөр болон Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 
Банкокын багачууд Улаанбаатар хотод зочилно
Айлчлалын хүрээд хоёр талын үзэглэсэн "Хүүхэд солилцооны хөтөлбөр""ийн дагуу Тайландын Ерөнхий боловсролын дунд сургуулийн арван сурагчийг, багш нарынх нь хамтаар ирэх долдугаар сарын 15-наас наймдугаар сарын 1-ний хооронд манай улсад аялуулах тухайгаа НИТХ-ын дарга Д.Баттулга хэллээ. Харин дараагийн ээлжинд манай улсын сурагчид тус улсад аялаж, ахуй амьдрал, түүх соёлтой нь танилцах юм байна.. Ингэхдээ сурагчдын аялах зардлыг урьсан тал бүрэн хариуцахаар тохиролцлоо. 

Аливаа улс үндэстэн бие биенээ мэдэхийн тулд тухайн улсынх нь түүх соёл, ахуй амьдралыг мэдэж, судлах нь ихээхэн чухал. Тэр ч утгаараа хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд томоохон түлхэц болно гэдгийг уулзалтад оролцсон талууд онцолж байв. Банкок хотын Иргэдийн хурлын дарга Пипат Лаппратана “Хотын ирээдүйн хөгжилд бидний хойч үе болсон хүүхдийн боловсрол ихээхэн чухал байдаг. Дэлхийн улс орон хоорондоо сурагч солилцон улмаар соёл, ёс заншил, байгалийн үзэсгэлэнтэй газартай танилцсанаар тухайн хүүхэд өөрийнхөө ойлголт дээр тулгуурлан илүү өргөн хүрээнд сэтгэх чадвартай болдог. Бид энэхүү хөтөлбөрийг цаашид улам өргөжүүлэхийн тулд чармайн ажиллах болно. Миний хувьд энэхүү гэрээнд гарын үсэг зурсандаа туйлын баяртай байна” гэлээ.

Тайландын эрүүл мэндийн салбарын туршлагыг нэвтрүүлнэ
 

Айлчлалын хүрээнд баталгаажсан өөр нэг ажил нь тус улсын эрүүл мэндийн салбарын арга туршлагыг монголд нэвтрүүлэх байлаа. НИТХ-ын дарга Д.Баттулга “Тайланд улсын эрүүл мэндийн салбар азидаа дээгүүрт ордог. Тийм учраас манай улсын эмч, мэргэжилтнүүд тус улсад очиж туршилга судлах нь ихээхэн ач холбогдолтой юм. Бид Тайланд улстай эрүүл мэнд, боловсролын салбарт хамтран ажиллахаас гадна аялал жуулчлал, дэд бүтцийн тал дээр хамтарч ажиллан туршлга судлах талаар ярилцаж байна. Тайланд улс дэд бүтэц тэр дундаа нийтийн тээрийнхээ асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байдаг. Тийм учраас бид эхний ээлжинд дээрх тулгамдсан асуудлуудаа хамтын ажиллагааныхаа хүрээнд шийдвэрлэх юм. Мөн энэ онд тохиох түүхэн ойн хүрээнд Улаанбаатар хотын соёлын өдрийг Банкок хотод зохион байгуулахаар төлөвлөж байна” гэлээ.

Тайланд улсад албан ёсны айлчлал хийж байгаа айлчлалын бүрэлдэхүүнд нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, НЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Отгонбаяр, Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл болон НИТХ-ын төлөөлөгчид яваа юм

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2255
0 эможи
keyboard_arrow_up