Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ахмад багш нар нэгэн дээвэр дор чууллаа

2014 оны 5 сарын 02

Монгол Улсын боловсролын салбарт өөрсдийн үнэтэй хувь нэмрийг оруулж явсан, өдгөө ч ажил үүргээ гүйцэтгэж яваа үе үеийн ахмад багш нар өчигдөр нэгэн дээвэр дор чууллаа.

Тэд "Бүтээлч ахмад багш нарын II зөвлөгөөн"-ийг зохион байгуулсан бөгөөд хот хөдөөгийн 100 гаруй ахмад багш оролцов.

Зөвлөгөөний гол зорилго нь сурган хүмүүжүүлэх арга барилыг залуу багш нарт өвлүүлэн үлдээх, ялангуяа хүүхэд, оюутан суралцагчдын төлөвшил хүмүүжлийн ажлыг нарийвчлан судлах, Монголын уламжлалт шинжлэх ухааныг одоо цагийн шинжлэх ухаантай хослуулан хэрхэн заах тухай санал бодлоо солилцох юм хэмээн Монголын ахмад багш нарын холбооны тэргүүн, профессор Д.Амар хэлж байлаа.

САЯ ХҮҮХДИЙГ САЙН ХҮН БОЛГОХ ЁСТОЙ

Өнөөдөр манай улсын хэмжээнд нэг сая орчим хүүхэд, залуучууд сурч боловсордог бөгөөд тэднийг сурган хүмүүжүүлэх үйлсэд 40 орчим мянган багш ажилладаг байна.

Профессор Д.Амар

Дээрх 40 мянган багшийн 70 хувь нь залуу боловсон хүчин аж. Өнөөдөр залуу багш нар мэдлэг боловсролын хувьд өндөр, гологдох зүйлгүй ч хүүхэдтэй ажиллах, хүүхдийг төлөвшил хүмүүжилтэй болгох тал дээр анхаарал тааруухан сул байгааг зөвлөгөөнд оролцогч ахмад багш нар шүүмжлэлтэйгээр хэлж байлаа.

Д.АМАР: Хүүхэд хэдэн орны хэл мэддэг нь чухал биш. Хүн байх нь л чухал

Мөн өнөө цагийн даяаршсан нийгэмд монгол хүүхдийг яаж сурган хүмүүжүүлэх вэ, яаж эх орондоо хайртай, эх оронч үзэлтэй хүн болгох вэ, хэрхэн аав ээждээ тустай хүн болгох вэ гэдгийг ахмад багш нар хамаагүй сайн мэднэ. Үүнийг л залуу багш нарт  өвлүүлэн үлдээх хэрэгтэй гэсэн саналыг ахмад багш нар санал нэг хүлээн зөвшөөрөв.

Түүнчлэн профессор Д.Амар багш хэлэхдээ “Өнөөдөр суралцаж байгаа нэг сая хүүхдийг бид сайн хүн болгох хэрэгтэй байна. Багшийн үндсэн зорилт бол хамгийн нэгдүгээрт хүүхдийг хүн болгон төлөвшүүлэх, амьдралд сургах юм. Түүнээс тухайн хүүхэд хэдэн дээд сургууль төгссөн, хэчнээн хавтас өвөртөлсөн, хэдэн орны хэл мэддэг вэ гэдэг нь гол биш юм шүү” гэж онцоллоо.

Бүтээлч ахмад багш нарын II зөвлөгөөний төгсгөлд ахмад багш нар маань тэтгэвэрт гарсан 30 мянган багшийг гэртээ зүгээр суулгүй бүтээл туурвиж, залуу үеээ соён гэгээрүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулан аль болох ажиллаж хөдөлмөрлөхийг уриалсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2419
0 эможи
keyboard_arrow_up