Нийслэлийн Онцгой комиссоос сэрэмжлүүлж байна
Сүхбаатар аймгийн Онгон, Наран сумдын нутагт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний сэжиг илэрч 2014 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр уг өвчний онош мөн болох нь Улсын мал эмнэлэгийн ариун цэврийн төв лабраторийн шинжилгээгээр батлагдсан.
2014 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар нийтдээ 127 үхэр өвчилснөөс 104 үхрийг устгаад байна.
Шүлхийгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, мал, тэдгээрийн гаралтай түүхий эдийн шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгаж, Нийслэлийн онцгой комиссын даргын “Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 2014 оны 2-р сарын 05-ны өдрийн 01 дүгээр тушаалыг холбогдох мэргэжлийн байгууллагууд хэрэгжүүлэн ажиллаж байна.
Шүлхий нь салаа туурайтай мал, амьтдыг өвчлүүлэн богино хугацаанд маш хурдан тархаж үлэмж хэмжээний газар нутаг, улс орныг хамран гардаг онц аюултай гоц халдварт өвчин юм. Шүлхий нь шууд хавьталын замаар малаас малд халддагаас гадна салхи, ус бэлчээр, хүн мал ялангуяа адуу зээр гөрөөс, бусад зэрлэг амьтад, шувуу зэргээр дамжин алс хол зайд үсэрхийлэн дэгддэг онц халдвартай өвчин юм.
Шүлхийн үүсгэгч нь А, О, С, Ази-1, САТ-1, САТ-2, САТ-3 гэсэн 7 ийлдсийн хэвшилтэй, вирус юм.
Бүх төрлийн гэрийн тэжээвэр болон зэрлэг салаа туурайтан тухайлбал үхэр хонь, ямаа, тэмээ , усны үхэр, цагаан зээр, хар сүүлт, цаа буга, зэрэг амьтад мэдрэмтгий. Газар зүй цаг уур, мал аж ахуйг хөтлөх арга ажиллагаа, хүн амын сэтгэл зүйн онцлог зэрэг олон хүчин зүйлийг харгалзан дэлхийн улс орнуудад шүлхийтэй тэмцэхэд 6 төрлийн арга хэрэглэдэг. Харин манай орны хувьд өвчтэй, өвчилсөн, өвчилж болох бүх малыг толгой дараалан устгахын тулд нядалгаа хийх, эргэн тойрны нь малыг хамран вакцинжуулах арга хэмжээ авдаг байна.
Иймд онцын шаардлаггүй бол дээрхи аймгийн нутаг дэвсгэрт зорчихгүй, мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг нийслэлийн иргэдэд СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.