Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатар хот Бангкоктой хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

2014 оны 5 сарын 05

Эгч дүүгийн харилцаа тогтоогоод өдгөө 15 жилийн түүхийг бичилцэж яваа Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал,  Тайландын Вант улсын нийслэл Бангкок хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хамтын ажиллагаа амжилттай үргэлжилж байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Бангкок, Улаанбаатар хотуудын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга тэргүүтэй төлөөлөгчид харилцан айлчлал хийхийн сацуу хамтын ажиллагаагаа улам бататган өргөжүүлэн тэлж байна. Өнгөрсөн долоо хоногт НИТХ-ын дарга Д.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид Бангкок хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын урилгаар тус хотод албан ёсны айлчлал хийж, хоёр хотын хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэж, хоёр тал санамж бичиг үзэглэлээ.Энэхүү санамж бичигт Хүүхэд солилцооны хөтөлбөр болон Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах талаар тусгагдсан юм. Мөн дэд бүтэц, нийтийн тээврийн үйлчилгээ болон авто зогсоолыг хэрхэн шийдэх, аялал жуулчлалын салбарт хоёр хот хэрхэн харилцан ашигтай  хамтран ажиллах талаар санал бодлоо солилцлоо.
 
                                     Бангкок хотын Боловсролын газрын үйл ажиллагаатай танилцлаа
 Хоёр хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсны дараа Бангкок хотын Боловсролын газрын дарга болоод удирдлагууд нь НИТХ-ын дарга Д.Баттулга тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, ерөнхий боловсролынхоо сургалтын систем болоод үйл ажиллагааныхаа талаар  танилцууллаа. Бангкок хотын Боловсролын газар нь Хотын захиргаандаа харъяалагддаг бөгөөд сургуулиудын сургалтын хөтөлбөр болоод бүхий л үйл ажиллагаанд хяналт тавин ажилладаг аж. Тус хотын ерөнхий боловсролын сургууль нь 306205 сурагч, 14 мянга гаруй багш, ажилтантай. Манай улстай адил 12 жилийн сургалтын системтэй бөгөөд сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол гэж ангилдаг аж. Сургалтын хөтөлбөр нь хоёр үндсэн чиглэлтэй. Боловсролын яамнаас баталсан хөтөлбөр нь үндсэн суурь боловсролыг олгодог бол Хотын захиргаанаас баталсан хөтөлбөр нь таван үндсэн чиглэлийг сургалтын хөтөлбөртөө тусгадаг байна. Санхүүжилтын хувьд сурагчдын үдийн цай хөтөлбөр болоод ном, сурах бичгийг нь сургуулиас нь бүрэн хариуцдаг аж. Хоёр хотын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Хүүхэд солилцооны хөтөлбөрийг ирэх долдугаар сарын 15-наас эхлүүлэхээр тохиролцсон бөгөөд эхний ээлжинд Бангкок хотын ерөнхий боловсролын сургуулийн 10 сурагч гурван багшийн хамтаар манай улсад аялж, ахуй амьдрал, түүх соёлтой танилцах юм. Үүний дараа буюу есдүгээр сард манай улсын сурагчид Бангкок хотод аялахаар боллоо. Энэхүү хөтөлбөрийг цаашид жил бүр тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэдгээ хоёр тал энэ үеэр онцолж байсан юм. Мөн их, дээд сургуулиудад оюутан суралцуулах, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах тал дээр анхаарч ажиллахаар боллоо.
 
                           Нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд Бангкок хотод мэргэжил дээшлүүлнэ
 
Бангкок хотын хувьд 10 сая хүн амтай. Үүний зургаан сая нь үндсэн оршин суугч бол бусад нь Тайландын бусад дүүрэг, мужуудаас ирсэн иргэд болоод жуулчид байдаг аж.  Хотын захиргаа нь 14 хэлтэс, газар  50 дүүрэгтэй.  Бангкок хотын Эрүүл мэндийн үйлчилгээний хэлтсийн дарга доктор Самарт Тарияакул, дэд дарга болон хотын захиргааны Ерөнхий эмнэлгийн удирдлагууд манай төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ эрүүл мэндийн салбар болон үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн юм.Бангкок хотын Эрүүл мэндийн үйлчилгээний газар нь Хотын захиргаандаа харъяалагддаг бөгөөд 9 эмнэлэг, Яаралтай түргэн тусламжийн төв болон хоёр дэд газартай  аж. Харин Эрүүл мэндийн хэлтэс нь  68 эрүүл мэндийн төв, 76 дэд төв, 1400 өрхийн эмнэлэгтэй юм байна. Эдгээр нь бүгд Хотын захиргаандаа харъяалагддаг бол Эрүүл мэндийн яам, Батлан хамгаалах яам, Хувийн эмнэлгүүд нь Хотын захиргаандаа харъяалагддаггүй гэнэ.Харин Улаанбаатар хотын хувьд Хотын захиргааны харьяа 26 байгууллага , 131 өрхийн эмнэлэг 1000 орчим хувийн эмнэлэг 700 орчим эмийн сан бий. Эдгээрт нийтдээ 21000 орчим эмч, мэргэжилтнүүд ажилладаг.
Бангкок хотын эмнэлгүүдийн 90 гаруй хувь нь хувийн хэвшлийнх. Тус хотод нийтдээ хэвтэн эмчлүүлэгсчдийн 31978 ор байдаг бол үүний зургаан хувь буюу 1901 нь Эрүүл мэндийн үйлчилгээний газартаа харъяалагддаг байна. Нийт хүн амынхаа тоотой харьцуулахад энэ нь харьцангуй бага тоо учраас цаашид эмнэлгүүдээ тасагжуулах тал дээр зорилт тавин ажиллаж байгаагаа хэллээ. Гадаадын улс орнуудаас тус улсад эмчлүүлэхээр ирж байгаа иргэдийн тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа бөгөөд тэдний дийлэнх нь хувийн эмнэлэгт ханддаг аж. Тийм учраас жилд яг хэчнээн хүн, ямар чиглэлээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч байгаа гэдэг нарийн судалгааг хараахан гаргаагүй байгаа тухайгаа учирлаж байв.
Мөн зарим нэг эмнэлэгт нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтэн дутагдалтай байдаг учраас лавлагааны болон зөвлөгөө өгөх төвүүдийг түлхүү ажиллуулдаг аж. Энэ нь тухайн өвчтөн болоод үйлчлүүлэгчдийн цаг завыг хэмнэх давуу талтай байдаг гэнэ.
 Эрүүл мэндийн зөвлөл нь хувийн болон улсын эмнэлгүүдэд стандарт тогтоон, түүндээ хяналт тавин ажилладаг аж. Тэдний хэлж байгаагаар үйлчлүүлэгчдээс эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой гомдол бараг ирдэггүй гэнэ. Хамгийн гол нь эмч, мэргэжилтнүүдийнхээ чадавхийг дээшлүүлэх тал дээр түлхүү анхаардаг нь энэ салбарыг хөгжүүлэхэд ихээхэн ахиц болсон гэдгийг хэлж байлаа. Тэр ч утгаараа эгч дүүгийн харилцаатай хоёр хотын хувьд өөрийн орны эрүүл мэндийн салбарын туршилгаасаа манай улсын эмч, мэргэжилтнүүдтэй хуваалцаж, харилцан туршилга солилцоход бэлэн байгаагаа уулзалтын үеэр Эрүүл мэндийн үйлчилгээний хэлтсийн дарга доктор Самарт Тарияакул онцолсон юм. Тиймээс нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн багийг даруй Бангкок хот руу илгээхээр манай тал харилцан тохиролцлоо.
 Монгол Улсаас Тайландын Вант улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ч.Баттөмөрийн хэлж байгаагаар өнгөрсөн 2013 онд л гэхэд манай улсын 10 мянга гаруй иргэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаар тус улсад иржээ. Тэдгээр иргэдийн олонхи нь монголд эмчлүүлэх, оношлуулах боломжгүй болсон өвчтөнүүд гэнэ.
Манай улсын эмч мэргэжилтнүүд тус улсын эрүүл мэндийн салбарын туршилгаас суралцан, оношилгоо эмчилгээний тал дээр нарийн мэргэших боломжтой болсон нь манай эрүүл мэндийн салбарын хөгжилд ихээхэн ахиц гарах юм.
 Дашрамд дурьдахад, Улаанбаатар болон Бангкок хотын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа хувийн хэвшил тал дээрээ хэдийнэ эхэлсэн гэж хэлж болно. Учир нь Тайландын Бумрунград эмнэлэг Сонгдо эмнэлгийг менежментийн хувьд авч, үйл ажиллагаагаа эхлээд тодорхой хугацаа өнгөрч байгаа юм.
 
                                                       Хоёр хотын ИТХ-ын хамтын ажиллагаа
 1999 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Баасанжав тэргүүтэй төлөөлөгчид Бангкок хотод айлчилж Бангкок хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Анек Хутанкабоодеетэй “Улаанбаатар, Бангкок хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эгч дүүгийн харилцаа тогтоох гэрээн”-нд гарын үсэг зурснаар хоёр хотын хурлын харилцааны эхлэл тавигдаж байсан түүхтэй. 2011 оны гуравдугаар сард НИТХ-ын дарга Т.Билэгт тэргүүтэй төлөөлөгчид эгч дүү хурлын харилцаа тогтоосон гэрээний дагуу Бангкок хотод албан ёсны айлчлал хийсэн юм. Энэхүү айлчлалын дараа Бангкок хотын ИТХ-ын дарга Сутичай Вееракунсунтон тэргүүтэй төлөөлөгчид тухайн оны наймдугаар сард албан ёсны айлчлал хийжээ. Айлчлалын үеэр Улаанбаатар Бангкок хотуудын ИТХ-ын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсан байна. Уг санамж бичигт хоёр хотын харилцааг боловсрол, соёл, спорт болон бусад салбарт хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэх зүйлийг тусгажээ.
2012 онд НИТХ-ын дарга Д.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид Бангкок хотод албан ёсны айлчлал хийсэн бөгөөд айлчлалын үеэр хоёр хотын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан ашигтай эдийн засгийн агуулгатай хөгжүүлэх асуудлыг чухалчлан авч үзсэн байна. Тухайлбал, Бангкок хотын захиргааны дэргэдэх дээд сургуультай хамтран оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах, Дэд бүтэц, нийтийн тээврийн үйлчилгээ болон авто зогсоолыг хэрхэн шийдэж болох тал дээр туршлага судлах зэрэг асуудлаар санал солилцжээ. Мөн Бангкок хотын ИТХ-ын дарга ноён Пипап Лапраната хотын захиргаа хоорондын худалдаа хийвэл ямар вэ гэсэн саналыг манай талд тавьсан бөгөөд Монголын соёлын өдрүүдийг Дисковер монголиа амжилттай зохион байгуулсан ба цаашид үргэлжүүлэн хийж байя гэдэг асуудлыг хөндөж ярилцсан байна. Энэ үеэр хоёр хотын Хүүхэд солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, дэмжих тал дээр хоёр тал санал солилцон тохиролцжээ.
 2013 оны есдүгээр сард Бангкок хотын ИТХ-ын хоёрдугаар орлогч дарга Камрон Бумроунгруска тэргүүтэй төлөөлөгчид НИТХ-ын дарга Д.Баттулгын урилгаар Улаанбаатар хотод албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын үеэр эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Хүүхэд солилцооны хөтөлбөрийг нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр тохиролцсон байна. Тиймээс НИТХ-ын дарга Д.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид энэ удаагийн айлчлалын үеэр урьд өмнө нь ярилцаж байсан асуудлуудаа ийнхүү ажил хэрэг болгон, хамтарч ажиллах санамж бичиг гарын үсэг зурлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2490
0 эможи
keyboard_arrow_up