Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Элчин сайд Х.Даваадорж Хронингений Их Сургуулийн эрдэм шинжилгээний бага хуралд оролцов

2014 оны 5 сарын 12

Монгол Улсаас Европын Холбоонд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Даваадорж Нидерландын Вант Улсын Хронингений Их Сургуулийн дэргэд шинээр байгуулагдсан Зүүн Ази судлалын төвийн нээлтэд зориулан 2014 оны 5 дугаар сарын 8-наас 9-ний өдрүүдэд зохион байгуулагдсан олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд гол илтгэгчээр оролцов.

Элчин сайд Х.Даваадорж тус олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын нээлтэд зориулан хэлсэн үгэндээ "400 жилийн түүхтэй, дэлхийн шилдэг 100 их сургуулийн нэг болох Хронингений Их сургуульд Зүүн Ази судлалын төв нээгдэж, тэр дундаа орчин цагийн Монгол судлалын чиглэлээр ажиллахаар болсон нь Монголын төр, засгийн зүгээс монгол судлалыг дэмжин хөгжүүлэх  бодлогод нийцсэн, ихээхэн талархууштай үйл явдал болж байна" гээд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, түүний дотор хөрөнгө оруулалтын шинэ орчин нөхцөл, гадаад бодлогын үйл ажиллагаа, ялангуяа Зүүн Азийн бүс нутагт явуулж буй бодлого болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэвшүүлсэн "Улаанбаатарын яриа хэлэлцээ" санаачлага, Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагааны төлөв байдал, Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн ач холбогдол зэргийн талаар танилцуулсан байна. 

Хронингений Их сургуульд ажиллах үеэрээ Элчин сайд Х.Даваадорж тус Их сургуулийн ерөнхийлөгч профессор Сибранд Поппэма, (Professor Sibrand Poppema), Зүүн Ази судлалын төвийн захирал  Т.Халбертсматай нартай уулзаж, тус сургуулиас Монгол Улсын дээд боловсролын зарим байгууллага, их сургуулиудтай тогтоосон харилцаа холбоо, цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодлоо хуваалцсаны дээр Монгол Улсын ЭСЯ-ны зүгээс Зүүн Ази судлалын төвтэй бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж амжилт хүсэн Монголын тухай танилцуулга, сурталчилгааны материалууд гардуулав.

Тус Их сургууль 1992 оноос манай АУЭШИС-тай хамтын ажиллагаа тогтоосон төдийгүй МУИС-тай мөн хамтран ажиллаж байгааг сургуулийн ерөнхийлөгч профессор Сибранд Поппэма дурдаад Зүүн Ази судлалын төвийн үйл ажиллагааг эхлүүлэх энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Элчин сайд оролцсонд талархал илэрхийлж, сургуулийн 400 жилийн түүхэнд анх удаагаа энэ өдөр /2014.05.08/ Монгол Улсын төрийн далбааг мандуулснаа онцолж байв.

Шинээр байгуулагдаж байгаа Зүүн Ази судлалын төв нь орчин үеийн Хятад, Япон, Солонгос, Монгол судлалын чиглэлээр салбар дундын сургалт, эрдэм шинжилгээний ажиллагаа явуулж Зүүн Азийн эдгээр орнуудын их, дээд сургуулиудтай харилцаа, хамтын ажилагааг бэхжүүлэн хөгжүүлэх зорилготой ба энэ оны 9 дүгээр сараас эхлэн орчин үеийн Зүүн Ази судлалын чиглэлээр олон улсын харилцааны магистрийн сургалт явуулж эхлэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2861
0 эможи
keyboard_arrow_up