Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

"Хүүхдэд ээлтэй Хан-Уул" хөтөлбөр хэрэгжиж байна

2014 оны 5 сарын 14

Хан-Уул дүүрэг Хүүхдийг дэмжих жил болгон зарласан бөгөөд 2014 онд хийгдэж байгаа ажлын талаар Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булгантай ярилцлаа.

 

Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Хан-Уул дүүрэг 2014 оныг хүүхдэд ээлтэй жил болгон зарласан. Энэ жилийн хүрээнд ямар ажил төлөвлөж, хийж хэрэгжүүлж байна вэ?
Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор 2013-2016 оныг “Хүүхдийг дэмжих жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын захирамжаар Ажлын хэсгийг баталж Хүүхэд хөгжил,Хүүхэд хамгаалал гэсэн салбар зөвлөлийг байгуулан үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Хүүхдүүдийн өөрсдийнх нь оролцоог нэмэгдүүлж,  дүүргийнхээ ЕБС-ийн шилдэг сурагчидтай уулзалт зохион байгуулж, тэдний дуу хоолойг хөтөлбөрт тусган, хүүхдийн хүсэл сонирхолд нийцсэн ажлуудыг хийж хэрэгжүүлсээр байна. Хүүхдүүдийн санал хүсэлт нь эрүүл, аюулгүй цэвэр орчинд сурах, сургалтын чанарыг сайжруулах, төрөл бүрийн спортоор хичээллэх бололцоог хангах, цайны газрын орчинг сайжруулах зэрэг тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг нь хүлээн авч,  ажилдаа тусган ажиллаж байна. Тэдний саналуудыг ажилдаа тусгаснаар энэ хөтөлбөрийн маань үр дүн гарна гэж үзэж байгаа. Хүүхдүүд энэ хөтөлбөртөө өөрсдөө хяналт тавьж оролцсоноороо хөтөлбөр маань илүү дэвшилттэй үр дүнтэй хэрэгжих болно.

Дүүргийн  хэмжээнд нийт хэдэн хүүхэд байна. Үүнээс хэдэн хувь нь өсвөр насны хүүхдүүд эзэлж байна вэ?
Хан-Уул дүүрэг 131097 хүн амтай бөгөөд тэдний 29,6 хувь нь буюу 41619 нь 0-18 насны хүүхдүүд байдаг. 2-5 насны 17000 хүүхэд, 6-11 насны 11835 хүүхэд, 12-18 насны хүүхэд 9178 хүүхэд байна гэсэн судалгаа бий. Эдгээр хүүхдүүдийн дотор бүтэн өнчин 144 хүүхэд байдаг. Бид бүтэн болон хагас өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүддээ их анхаарал тавьж ажилладаг. Удахгүй болох Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр эдгээр бүх хүүхдийг урьж баярын арга хэмжээнд оролцуулна. Нийгмийн хөгжлийн хэлтсээс өсвөр насны сурагчдын дунд  сургалт сурталчилгаа, тэднийг чадваржуулах, хөгжүүлэх ажлуудыг тогтмол зохион байгуулдаг. Мөн дүүргийнхээ боловсролын байгууллагын багш нар болон хороодтойгоо хамтран ажиллаж хяналт тавин, хүчирхийлэлд өртөх магадлалтай хүүхдүүдийн судалгааг шинэчлэн гаргаж, тэдэндээ анхаарал хандуулан ажиллаж байна. Мөн эрүүл мэндийн талаар нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох талаар сургуулийн эмч нартай хамтран ажилладаг. 
 

Удахгүй Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр  болно. Энэ баярыг тохиолдуулаад Нийгмийн хөгжлийн хэлтэс ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
Хан-Уул дүүрэг 2014 оныг “Хүүхдэд ээлтэй дүүрэг” болгон зарласантай холбогдуулан “Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг урьд урьдын жилүүдээсээ өргөн цар хүрээтэй олон хүүхдийг оролцуулан тэмдэглэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Баярын арга хэмжээг “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулахаар болсон. Энэ  цогцолбор маань 5000 гаруй хүний суудалтай тул хүүхэд багачууд маань эцэг эхчүүдтэйгээ хамт баяраа тэмдэглэх боломжтой. Баярын арга хэмжээнд “Хараацай” хүүхдийн урлагийн Их наадамд шилдгээр шалгарсан 1000 гаруй хүүхдийн Гала тоглолт болно.  Мөн энэ өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга өөрийн гарын  бэлгийг тэнд ирсэн бүх хүүхдүүдэд гардуулах юм. Энэхүү баярын арга хэмжээгээр дамжуулан ардын урлагийг хүүхдүүдэд таниулах, сурталчлах зорилгоор 500 хүүхдийн бий биелгээ, 100 хүүхдийн уран гимнастик, цэцэрлэгийн насны 128 хүүхдийн бөхийн дэвээ, цардмал замын зураг гэх мэт олон төрлийн ажлуудыг зохион байгуулахаар боллоо. Хүүхдэд ээлтэй орчинг бий болгох, хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хүүхдийн сурч хөгжих, таатай, эрүүл аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Хүүхдэд ээлтэй хороо” шалгаруулах аяныг зарласан бөгөөд шилдэг хороодыг шалгаруулах ажил явагдаж байна. Аянд идэвхтэй оролцож, шилдгээр шалгарсан хороодод “Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн баярын арга хэмжээний үеэр шагнал, урамшууллыг олгох юм.
 

Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2932
0 эможи
keyboard_arrow_up