Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

АРДЫН ҮГ: Зөвлөлдөх хэлэлцүүлэгт оролцох 450 иргэнийг сонгож байна

2017 оны 2 сарын 14

Монголын медиа корпорациас санаачлан зохион байгуулдаг “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аян дөрөв дэх удаагаа үргэлжилж байна. Өмнө нь тус аяныг Дорноговь аймаг, Сүхбаатар, Баянгол дүүрэгт амжилттай зохион байгуулсан билээ. Энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн найман жилийн хугацаанд хийсэн ажлыг дүгнэхээр болсон юм. Уламжлал ёсоор “МЕС” судалгааны төвтэй хамтран “Ардын үг” аяныг зохион байгуулж байна. Монгол Улсын сонгуулийн насны иргэдийг төлөөлөх 450 хүнийг санамсаргүй түүврийн аргаар сонгож хэлэлцүүлэгт оролцуулан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн найман жилийн ажлыг дүгнүүлэх юм. “Ардын үг” зөвлөлдөх аяны хамгийн гол зарчим нь хэлэлцүүлэгт оролцох хүмүүст бүх талын мэдээллийг тэнцвэртэй өгснийхөө дараа саналыг нь авч, үр дүнг гаргах байдаг. Тодруулбал, санамсаргүй түүврээр сонгогдсон 450 хүнд Ерөнхийлөгчийн өнгөрсөн найман жилийн хугацаанд хийсэн үйл ажиллагааных нь тайланг сонсгоно. Мөн Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг шүүмжилдэг хүмүүсийг хэлэлцүүлэгт оролцуулж байр суурийг сонсох юм. Өөрөөр хэлбэл, хэлэлцүүлэгт оролцож буй хүмүүс эхлээд бүх талын байр суурийг сонсч мэдээлэлтэй болсныхоо дараа хоорондоо зөвлөлдөж нууцаар санал өгнө. Тодорхой мэдээлэлтэй болсон иргэд зөвлөлдөж нууцаар саналаа гаргах нь дэлхий дээрх зөвлөлдөх ардчиллын хамгийн төгс хэлбэр гэж үздэг.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ажлын тайланг хэлэлцэх “Ардын үг” зөвлөлдөх ардчиллын хэлэлцүүлгийн зорилго нь нэгдүгээрт, Ерөнхийлөгчөөр сонгогдож ажилласан хугацаандаа хуулиар олгогдсон эрх, үүргийнхээ хүрээнд санаачилсан, хэрэгжүүлсэн асуудлуудыг иргэдээр хэлэлцүүлэх, зөвлөлдөх санал асуулгаар үнэлгээ өгүүлэх юм. Хоёрдугаарт, дараагийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд иргэд, сонгогчдоос тавих шаардлага, захиас, дэвшүүлж буй асуудлуудыг тодруулах ажээ.

“МЕС” судалгааны төв хэлэлцүүлэгт оролцох 450 хүнээ сонгох ажлаа эхлүүлээд байна. Тус төвийн захирал Л.Золбаатар хэлэлцүүлэгт оролцогчдыг хэрхэн сонгодог талаар тайлбарлахдаа “Хүмүүсээ сонгохдоо тодорхой квот баримтална. Тал нь эрэгтэй, тал нь эмэгтэй байх ёстой. Мөн насны хязгаар заасан квот бий. Түүнчлэн байршил их чухал. Тухайлбал, Сэлэнгэ аймгаас иргэдийг сонгохдоо суурин газар амьдарч байгаагаас нь төд, малчдаас нь төд гэсэн зарчим баримтална. Энэ бол түүвэр судлагааны анхан шатны технологи” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40897
0 эможи
keyboard_arrow_up